Хөгжлийн тогтвортой бодлогыг яаралтай батлуулах шаардлагатай гэж үзлээ
2014/09/18
Хүнийхээ төлөө хүчирхэг нийгмийг хөгжүүлэх бодлогыг гол цөмөө болгодог зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн хүчин бол МАН юм. Энэхүү бодлогоо тунхагласан нэгэн өвөрмөц уулзалтыг УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ, аймаг, нийслэл, дүүргийн ИТХ дахь намын бүлгүүдийн дарга нарын хамтарсан уулзалтаар улс орны нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал солилцов.
Цөөнхийн үүрэг гүйцэтгэж байгаа МАН-ын хувьд төрийн бодлого, үйл ажиллагаанд УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ дахь намын бүлгүүдээр дамжин оролцож байна. Тиймдээ ч улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа, улс, аймаг, нийслэл, сум, дүүргийн ирэх оны төсөв удахгүй хэлэлцэгдэх гэж байгаа энэ цаг үед УИХ болон ИТХ дахь бүлгүүдийн дарга нар уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож байгаагаараа чухал ач холбогдолтой юм. Уулзалтыг нээж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат хэлсэн үгэндээ энэ зарчмыг тодотгож, бүлгүүдийн дарга нар шат шатандаа харилцан уялдаатай ажиллах ёстойг тэмдэглэв.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт МАН-ын бүлгээс зохион байгуулсан ажил, бүлгүүд хэрхэн хамтран ажиллах талаарх гол илтгэлийг тавьж, "Хүнийхээ төлөө хүчирхэг нийгэм" бодлогынхоо хүрээнд МАН-аас санал санаачилгатай ажиллах, хөгжлийн тогтвортой бодлоготой болох, төрийн бодлогын залгамж чанарыг хангуулах шаардлагатайг онцлов. МАН-ын бүлгийн хуралд бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод оролцож мэдээлэл өгдөг шинэ жишиг тогтсон, тулгамдсан асуудал болон улс орны эдийн засгийн нөхцөл байдалд санаа зовж бүлэгт хандаж буй ард иргэдийн өргөдөл, гомдол, саналын тоо эрс өссөн нь энэхүү уулзалтыг зохион байгуулах нэг шалтгаан болжээ. Мөн эрх баригчид алдаатай бодлогоо хоёр жилийн дараа залруулж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийг хаврын чуулган өндөрлөх мөчид байнгын хороодод тэгш хуваарилснаар хууль чанаржих, иргэдийнхээ дуу хоолойг хүргэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдэх нөхцөл бүрдэж байгааг ч тэрээр дурдлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэлдээ "Намын бүлгийн хувьд иргэд, сонгогчдынхоо дуу хоолой болж, бодлого боловсруулах төвшинд идэвх зүтгэлтэй оролцож, тодорхой амлалтуудаа хэрэгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган ажиллаж ирлээ. Бид хаврын чуулганы хугацаанд эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, баялаг бүтээгчдээ дэмжих, иргэдийн цалин орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой бодлогуудыг дэвшүүлж, ард иргэдийн эрх ашигт нийцсэн хуулийн төслүүдийг санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгөөс илүүгүй орлоготой аж ахуйн нэгжид ногдуулах татварын хэмжээг нэг хувь болгон өөрчлөх, нэг төсөвтэй байх, тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийн хүүг хөнгөлөх, зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулах асуудлыг дэвшүүлсний зэрэгцээ иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлттэй уялдан нэмэгдүүлэх, бага орлоготой хэсэгт илүү анхаарах, малчдын тэтгэвэр тогтоолгох насыг таван жилээр наашлуулах, худалдааны бүртгэл, мэдээллийг төрөлжүүлэх зэрэг асуудалд анхаарч ажиллалаа. Мөн хууль тогтоох, түүний хэрэгжилтийг хянах үндсэн үүргийнхээ хүрээнд цөөнхийн бүлгээс холбогдох салбар чиглэлүүдээр ажлын хэсэг гарч ажиллан, өөрсдийн бодлого, байр суурийг дэвшүүлж ажилласан" гэв. Түүнчлэн МАН-ын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүд болон намрын чуулганы үеэр өргөн барихаар зэхэж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэв.
Уулзалтаар намын бүлгүүдийн дарга нар тулгамдаж буй асуудал, хамтран ажиллах чиглэлээр ажил хэрэгч яриа өрнүүлэв. Тухайлбал, ИТХ бол ард түмний төлөөллийн байгууллага. Тиймээс монгол хүнийхээ төлөө УИХ дахь МАН-ын бүлэг, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ дахь намын бүлгүүд хүч чадлаа дайчилж нэгэн үзүүрт сэтгэлээр бүтээлчээр ажиллах учиртайг уулзалтад оролцогсод хэлж байлаа. Мөн ИТХ дахь намын бүлгийн дарга нар хөгжлийн тогтвортой бодлого, төрийн бодлогын залгамж чанар үгүйлэгдэж байгааг онцлон ярив. Нийгмийн чиг баримжаатай, бодлогынхоо төвд хүнээ тавьдаг, хүний хөгжил, нийгмийн асуудалд илүү анхаарал хандуулдаг намын хувьд үзэл баримтлалтайгаа уялдуулан нийгэм, эдийн засгийн өндөр өсөлтөд хүргэх томоохон бодлогын асуудал дээр байр сууриа нэгтгэх, харилцан ойлголцох, шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Тиймээс МАН-ын бүлгийн гишүүдээс санаачлан боловсруулж одоо УИХ-ын байнгын хорооны хэлэлцүүлгийн шатанд яваа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай тогтоолын төслийг УИХ-аар батлуулахад санаачилгатай ажиллах ёстой гэдэгт ИТХ дахь намын бүлгийн дарга нар санал нэгдэв.