Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Сүхбаатар аймагт ажиллалаа. Монгол орноо нар зөв тойрон ард иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар танилцуулахаас гадна ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулж яваа юм.

Сүхбаатар аймгийн төв Баруун-Уртад Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн М.Зоригт болон нутгийн ард иргэд угтан авлаа. Аймгийн ард иргэдтэй Сүхбаатарын талбайд уулзан мэндчилж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, аймгийн Хөгжимт драмын театрт сонгогчидтойгоо уулзлаа.
Уг уулзалтад УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, Сүхбаатар аймгийн удирдлагууд оролцов.
 
 
Сүхбаатар аймгийн удирдлагууд нутгаа хөгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулж, өнгөрсөн дөрвөн жилд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн дэмжлэгээр олон ажлыг эхлүүлснээ талархан ярилаа. Тус аймгийн сонгогчдын хувьд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид итгэл үзүүлж, улсдаа хамгийн өндөр хувиар түүнийг дэмжсэн аймаг болно хэмээн амлаж, цаашдын ажилд нь амжилт хүслээ. Сонгогчид мөн Ерөнхийлөгчийг авлигатай тэмцэх, шүүхийн салбарыг шинэчлэх гэх мэт эхлүүлсэн олон ажлаа амжилттай үргэлжлүүлэхийг, үр өгөөжийг нь хүлээж байгаагаа ч дашрамд дуулгана билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг улс орноо олон улсад нэр төртэй төлөөлж, гадаадын удирдагчдын өмнө Монгол улсын нэрийг өндөрт өргөж яваад нь талархсан иргэд олон байлаа.
 
 
 
Ерөнхийлөгч иргэдтэй уулзах үеэрээ Шүүхийн шинэтгэлийг бүрэн хэрэгжүүлэхэд 22 хууль батлагдах ёстойгоос дөнгөж зургааг нь батлуулан хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр шүүгчийн гаргаж байгаа бүх шийдвэр нээлттэй болж байгаа, цаашид энэ салбарыг багцаар нь шинэчлэхэд олон ажил хийх хэрэгтэй байгааг ярьж байлаа.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржтой өнгөрсөн 24 жилийн турш мөр зэрэгцэн ажиллаж, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө зүтгэж ирснээ дурдаад гадаадын ямар ч удирдагчийн хажууд нүүр улайхааргүй боловсролтой эн зэрэгцэхүйц Ерөнхийлөгч гэдгээр нь бахархдагаа онцлон дурдлаа. Мөн түүнийг хүний өөрийн олон үрсийг асран тэтгэж, өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд хөлийг нь дөрөөнд хүргэж ирсэн хүнлэг, энэрэнгүй, бас ард түмнийхээ дунд байж чаддаг, түмэн олныхоо төлөө сэтгэлээ чилээж ирсэн хүн хэмээн онцоллоо.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Цахиагийн Элбэгдоржийг МҮАН, ИЗНН дэмжин энэ удаагийн сонгуултд оролцож байгаа билээ. Сүхбаатар аймгийн ард иргэдтэй уулзах үеэр МҮАН, ИЗНН-ын гишүүд түүнийг дэмжихээ илэрхийлж амжилт хүсч байсан юм.
Уулзалтын үеэр зарим иргэд "Төрийн тэргүүний сонгууль бол наадам биш, биеийн хүчээр нэгийг ялдаг байхад оюуны хүчээр олныг манлайлдаг"  хэмээн хэлцгээж Ерөнхийлөгчөө дэмжихээ илэрхийлцгээж байв.
Ерөнхийлөгч өчигдөр үдээс хойш Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын иргэдтэй уулзаад Дорноговь аймгийн зүгт хөдлөв. Өнөөдөр АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дорноговь аймагт ажиллаж байна.