Б.Бат-Эрдэнэ: Гацууртын ордыг Оюутолгойн араас оруулах гэж байна
2014/12/29
Засаг төр солигдон албан тушаалын халаа, сэлгээ намуудын наймааалцал галзууртлаа хийгдсэн сүүлийн өдрүүдэд төрийн ордонд огтхон ч харагдаагүй нэгэн эрхэм он солигдохын өмнөхөн гараад ирэв.
Чуулганы танхимд зангарагатайхан сууж, хааяа нэг даацтай үг хэлдэг Б.Бат-Эрдэнэ аваргатай өнгөрсөн баасан гарагийн чуулганы хуралдааны завсарлагаанаар уулзаж ойрын өдрүүдэд хаагуур явж ямар ажил амжуулсан хийгээд, энэ жилийн УИХ-ын үйл ажиллагаанд ямар үнэлэлт, дүгнэлт хийж байгааг нь сонирхон ярилцсан юм.
Олны дунд болон ашиглалтын лицензын эсрэг хуулийг санаачлагчдын нэг, эрхэм гишүүн он солигдох энэхэн мөчид эрх баригчид Гацууртын ордын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулан ирж байгааг эрс эсэргүүцэж байгаа аж.
-Таны хувьд улиран одож байгаа 2014 онд УИХ аль хэр үр бүтээлтэй ажилласан гэж бодож байгаа вэ. Ер нь хууль тогтоох үндсэн үүргээ ном журмын дагуу гүйцэтгэж чадсан болов уу?
-За яах вэ. Монгол хүн амны билгээр гэдэг дээ. Хуучин оноо үдэж шинэ оноо угтах гэж байгаа энэ сайхан цаг мөчид болж бүтэхгүй, олиггүй муухайг яриад хэрэггүй юм болов уу гэж бодож байна.
Зүгээр УИХ-ын хууль тогтоох үндсэн үүргийн тухайд улиран одож байгаа 2014 оны талаас илүү хугацааг аль нэг дарга сонгох, “Дан, давхар дээл”-ийн тухай дуусдаггүй хэрүүл сонсох, нэг бол “ЭЗЭН-100” гэсэн эрх баригчдын заль мэхийн учрыг олох, үгүй бол ажлаа хийж чадахгүй байгаа хариуцлага, сахилгагүй нэг сайдын асуудлыг авч хэлэлцэх гэж зууралдсаар байгаад л өнгөрүүлээ шүү дээ. Ард иргэд маань ч харсан нь тодорхой.
Хэзээ мөдгүй хоёр он солигдох гэж байгаа энэ сайхан цаг мөчид өдөр тутмын уншууртай цөөхөн сонины нэг “Өглөөний сонин”-д ярилцлага өгч, уншигч олонтой, өргөн түмэнтэйгээ уулзах завшаан олгосонд баяртай байна. Ингээд удахгүй учран золгох 2015 онд Монгол түмэн маань бүгдээрээ эрвийх дэрвийхээрээ хөдөлдмөрлөж, зүтгэж, амьдрал ахуйгаа өөд нь татан урагшаа харж амьдраасай гэж хүсч байна.
Улиран одож байгаа 2014 оны хувьд улстөрчид, шийдвэр гаргах түвшний хэмжээнд л ихээхэн алдаатай, буруу бодлогоор улс орноо удирдсан уршигтайхан жил болон өнгөрч байгаа бол хөдөөгийн ард түмэн, ялангуяа манай тариаланчид олон жил хураан авч үзээгүй их ногоо, тариа хураан авсан, малчид маань мал сүргээ таван төрлөөр нь өсгөн үржүүлсэн сайхан жил болоод өнгөрч байна.
Нийт нутгаар зуншлага сайхан, хавар хавтай налгар, өвөл нь өнтэй сайхан байж орон дэлхий ивээлээ харамгүй хайрласан учир Монгол Улс түүхэндээ анх удаа 52 сая толгой мал тоолууллаа. Байгалийн энэ сайхан тэнцвэр хадгалагдах үндсэн нөхцлүүдэд ямар нэг хэмжээгээр үр нөлөөгөө үзүүлсэн “Урт нэртэй хууль”-ийг бид бүхэн зүтгэж, тэмцэж байж 2009 онд батлуулж байлаа.
Өнөөдөр алт ухаж, ашгийг нь овойж оцойтлоо хүртчихээд Монгол нутгийг хөндийлөөд ухсан хоосон жалга, нүх болгож байгаа хүмүүс “Урт нэртэй хууль”-ийг жадлан эсэргүүцсээр байгаа. Сүүлийн жилүүдэд хангай дэлхий өгөөж хишгээ хайрласан ийм сайхан дөрвөн улирал ээлжилж байгаа нь байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах гэсэн бидний тэмцэл ямар нэг хэмжээгээр хэрэгжсэний үр дүн гэж үзэж байгаа.
Монгол Улсын ДНБ-ний 4.1 их наяд төгрөгийг хуучны Үйлдвэр, хөдөө аж ахуин яаманд харьяалдагддаг байгууллагууд үйлдвэрлэсний 3.5 их наяд төгрөгийг нь зөвхөн малчид үйлдвэрлэсэн байгаа юм. Бодоод үз дээ. Боловсруулах үйлдвэрүүд бүгдээрээ нийлээд 1.1 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн бол манай уламжлалт салбар мал аж ахуй маань тэднээс даруй гурав дахин их баялаг бүтээсэн байна.
Удахгүй Монгол түмэн маань гурван сая дахь шинэ иргэнээ тосон авах гэж байна. Тариа ногоо, хүнсний ногоогоор өөрийнхөө хэрэгцээг 100 хувь хангаад үлдсэнийг нь гадагш нь экспортлох чадалтай боллоо.
Гадаад худалдаа анх удаа ашигтай гарлаа. Улстөрчдийг эс тооцвол хүн ард маань бүх л салбарт амжилт бүтээл дүүрэнтэйгээр 2014 оноо үдэж шинэ 2015 онтойгоо золгож байна даа.
-Таны хувьд эрх баригч АН-ын явуулж байгаа бодлого, үйл ажиллагаанд нэлээн сэтгэл дундуур явдаг нь ажиглагддаг. УИХ-ын өглөөний хуралдаанаар бас л таны сэтгэлийг тавгүйтүүлэх асуудал хэлэлцжээ дээ янз нь?
-Он солигдох гэж байхад бухимдаж уурлаад яах вэ гэж бодсон ч болохгүй байна. “ЭЗЭН-100” гэж баахан бужигнуулаад тэр нь ямар ч үр дүнгүй болохоор дахиад л гүрвэл аюул тулгарахаар сүүлээ тасалж хаяад урагшаа зүтгэдэг шиг Засгийн газрын бүтэц гэж баахан пижигнүүлсэн.
Одоо сүүлдээ эвсэж хамтарч байгаа нэрээр УИХ-д сөрөг хүчин, үнэний төлөө дуугардаг хүчин гэж байхгүй боллоо шүү дээ. Бүгдээрээ нийлж, тохиролцож аваад болж бүтэхгүй луйвар, хулгай бүхнээ хийж эхэлж байна.
Эцэст нь бүгдээрээ нийлж аваад он солигдох энэ мөчид чив чимээгүй, нам тайвнаар айхтар том хулгай, луйвар хийх гээд оруулаад ирлээ. Ил мэдэгдэж байгаа нь 50-60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг “Сентрра гоулд” гэдэг компанид стратегийн ордод авлаа гэдэг нэрийн дор зүгээр өгөх гээд өнөөдөр өглөөний хурлаар оруулаад ирж байна.
Өмнө нь стратегийн ач холбогдолтой ордоос гаргаад нэг хэсгийг нь өгчихсөн. Гацууртын энэ том ордыг “Бороо гоулд”-ыг цөлмөсөн нөгөө Канадуудад ийнхүү найр тавин өгөхөөр шийдсэн нь тодорхой болж байна. Одоо тэгтэл Монгол Улсын иргэн бүр 1072 хувьцаа эзэмшиж байгаа Тавантолгойн ордыг Хятад, Японтой хамтарч ухаж цөлмөхөөр улайран дайрч эхэлж байна.
Уг нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар эдгээр том ордуудын 10 хувийг дэлхийн томоохон хөрөнгийн биржүүд дээр нээлттэй, шударга худалдаж ард иргэддээ эзэмшүүлэх ёстой. Гэтэл тэр бол бүр ор тас хаягдсан.
Нөгөө Монголын томоохон компаниудын консурциум байгуулаад байсан нь ч чимээгүй болсон. Тэгж байтал Оюутолгойн үлдсэн 34 хувийг чимээгүйхэн зарах тохиролцоо, хулгайн ажиллагаа яг энэ өдрүүдэд хийгдэж байх шиг байна. Лондонгоос Рио-Тинтогийн нөхдүүд Улаанбаатарт ирчихсэн нууц хэлэлцээрүүд хийгдээд байгаа юм билээ шүү дээ.
Өнөөдөр миний фейсбүүкийг 58 мянга, твиттерийг 27 мянган хүн дагадаг юм. Би чаддагаараа “За энэ Сайханбилэгийн толгойлсон Засгийн газар 50-60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордыг “Бороо гоулд”-ыг залгисан Канадуудад өгөхөөр сэмээрхэн ярилцаж эхэллээ шүү” гэдгийг л эхний ээлжинд дуулгана.
Монголын энэ их баялгийг нам дамжсан олигархиуд, улс, үндэстэн дамнасан энэ том луйварчидтай нийлээд бүгдийг нь ухаж төнхөж дуусгаад Монголын байгалийг тайван орхиж, амар заяа үзүүлдэг арга чарга байна уу үгүй юу гэж бичээд л суухаас өөр замгүй болж байна.
-Та сүүлийн үед харагдахгүй байлаа. Хөдөө, гадаа томилолтоор ажиллаад ирэв үү?
-Тэгсэн. Тусгай хөтөлбөрт сургалт, семинараар Германы Мюнхен хотод ажиллаад ирлээ. Тэнд Жорж Маршаллын нэрэмжит Олон улсын аюулгүй байдлын сургалтын төв байдаг юм байна.
Германы тал зардал мөнгийг нь хариуцаж УИХ-ын хэдэн гишүүн сургалтад хамрагдаад ирлээ. Би явсан газар болгоноосоо хобби маягаар аян замын тэмдэглэл бичдэг юм. Тэр бичлэг маань “Монголын үнэн” сонин дээр гарсан байгаа.
-Шинэ оны анхны өдөр Тавантолгойн шинэ хөрөнгө оруулагчидтай хийх гэрээ хэлцлийн ажил эхлэх гэж байгаа. Энэ гэрээг Оюутолгойн араас алдчихгүйн тулд юун дээр голлон анхаарах ёстой бол. Та энэ талаар ямар бодолтой явна?
-Зүгээр М.Энхсайхан юу бодож яваа юм бол. Арай ч С.Баяр, Н.Алтанхуяг, С.Баярцогт, Д.Зоригт нарын Оюутолгойд хийсэн шиг Монголын ард түмэнд үеийн үед зүхэгдэх нүгэл тарьчихгүй болов уу гэж горьдох юм. Н.Алтанхуяг бол анх Тавантолгойн гэрээ хийх ажлын хэсгийн ахлагч байсан шүү дээ. Тэгээд эд нар юу хийлээ.
Өнөөдөр Тавантолгой ямархуу байдалтай байгаа билээ. Тавантолгойн өчүүхэн хэсгийг нэг компанид өглөө гэсэн чинь үнэндээ бол өрмийг нь хамаад өгчихсөн. Үнэнийг хэлэхэд Тавантолгойд эхлүүлсэн хулгай, луйвраа гүйцээх гэж байгаа юм болов уу гэж л харж байгаа.
-Хоёулаа он солигдох гэж байхад баахан улстөржчихлөө. Та ер нь ингэхэд бага байхдаа шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг байсан бэ. Өвлийн өвгөнөөс бэлэг их авдаг байв уу?
-За би чинь таг хөдөөний хүүхэд шүү дээ. Цэцэрлэгт явж үзээгүй. Буурай ижийнхээ дэргэдээс холддоггүй, тэр хөгшнийг хормойдож явсаар ухаа орж, хүний дайтай болсон хүн юм. Бидний үед боловсролын тогтолцоонд өөрчлөлт ороод би чинь долоон настай, буурайгийнхаа дэргэдээс холдож үзээгүй, бүрэг ноомой амьтан бэлтгэл ангийн босгоор алхаж байлаа.
Хамгийн анх Хэнтий аймгийн төв дээр гуравдугаар ангид сурч байхдаа онц гарсан гэж өвлийн өвгөнөөс бэлэг гардаж аваад жигтэйхэн их баярлаж билээ. Сангийн аж ахуйн улаан буланд шинэ жил буюу ёолк болоод жигтэйхэн олон хүн цуглачихсан. Том цаасан уут дүүрэн бэлэг авчихаад “Яаж идэж барна аа” гэж бодож байсан санагддаг юм.
Мандарин нь хөлдчихсөн хэрнээ хачин сайхан сэнгэнэсэн үнэртэй. Одоо ч заримдаа тэр үнэр нь үнэртэх шиг болдог юм. Амыг нь боогоогүй цаасан ууттай бэлгээ тэр чигээр нь барьж гүйсээр бөөн амьсгаа, цан хүүрэг болсон нөхөр нэг дуу тэнгэрт, нэг дуу газарт хангинуулсаар хөөрхий муу буурайдаа гүйгээд очиж байсан санагддаг юм.
Эгч, ах нар надаас дутуугүй баярлаж, тээр хойно ч гэсэн “Эрдэнээ маань тийм гоё бэлэг авч ирж байсан” гээд л ярьдаг юм. Тэр шинэ жилийн бүх л үйл явдал одоо ч гэсэн нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрөх шиг болдог юм.
Их олон жил өнгөрсөн ч гэсэн тэр хэдхэн мандарины үнэр, бэлэгний цаасан уут, түүн дотор байсан чихэр жимс, тэдгээрийг гаргаж үзээд түнжгэр толгой дээр минь үнэрлэн үнсэж байсан буурай ижийн минь баярлаж гялайсан царай одоо ч гэсэн тодхон санагддаг болохоор их л сайхан дурсамжтай байдаг юм даа.
Д.Түвшин
Эх сурвалж:
пппп · 2015/01/08
Манай гар санаатай байгаа ю******дааа
balt · 2015/01/06
baagii abargaa ES bishee tanii dotor n baigaa namiin hohdyyd chin hiigeed bna 2 nam niilsen ta said bolohgyi yasan yumbee
Зочин · 2014/12/30
Мөнгө олох хамгийн амархан арга. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http://TheWeeklyJob.com/?id=3139** линкээр ороод бүртгүүл. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй.
Зочин · 2014/12/30
ene nuhriig l erenhiilugch bolgoh bsan yumdaa...udval ***var,ebe hor...