Н.Алтанхуягийн танхим тахимаа өгөхөд дараагийн Засгийн газарт багтаж үлдсэн цөөн сайдын нэг С.Эрдэнэ АН-ын Намын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн даргаар тодроод байгаа билээ. Бид АН-аас шинээр томилогдсон Нарийн бичгийн дарга нарын талаархи мэдээллийг дэлгэрэнгүй хүргэж байгааг уншигч та мэдэж байгаа.

Хамгийн гол нь улстөрийн олигархи бүтэц улам л тал талаасаа хүчирхэгжиж байгааг дурдах гэсэн хэрэг. Нам дотроосоо эхлээд улам бүр хүчтэй болж, мөнгөтэй хөрөнгөтэй бүхэн даргын суудалд заларч бүхий л зүйлийг хөрөнгө мөнгө, эрх мэдлээр далайлгахыг оролдох болов.  

 

    Тиймээс бид урьд өмнө УИХ-ын гишүүн, Улстөрийн асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Гаваагийн Батхүү, “Монос”-ын хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан Нарийн бичгийн дарга Л.Эрдэнэчимэг нарыг онцолсон билээ. Харин энэ удаад олноо “Далайн горхины дээрэмчин” хэмээн алдаршсан УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн талаарх бодит мэдээллийг хүргэж байна.

 

     Захын дүүрэг Багануурын Ардчилсан намын даргаар улстөрийнхөө гарааг эхлүүлсэн С.Эрдэнэ нь улмаар нийслэлийн Ардчилсан намаар дамжин, дүүргийн Засаг дарга, Нийгмийн даатгалын газрын даргаар хүртэл ажилласан билээ. Энэ л үеэс С.Эрдэнэ хөрөнгө бэлээ зузаалж, өнөөдрийн өндөрлөгт хүрэх замаа зассан гэдгийг хэн хүнгүй мэднэ. Нийгмийн даатгалын газарт ажиллаж байхдаа ихээхэн хэмжээний мөнгө завшиж угаасан гэх хэргээр хоригдон шалгагдаж байв. Тэр ч бүү хэл хорих ял уншуулсан. Уг нь С.Эрдэнэ 2008 оны сонгуулиар Баянгол дүүрэгт өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон боловч мөнгө завшсан хэргээр УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй. Өөрөөр хэлбэл дээлээ нөмөрчихсөн байсан хэрэг. Харин 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулж, үүний үр дүнд С.Эрдэнийн ял өршөөгдсөн юм. Ийнхүү С.Эрдэнэ нэлээд хожуу буюу 2009 онд УИХ-ын гишүүний тангараг өргөсөн түүхтэй. Нийгмийн даатгалын санг цөлмөсөн С.Эрдэнийн тухай уншигчид сайн мэдэх учраас цухас дурдлаа.

 

      Ийнхүү С.Эрдэнэ 2012 оны сонгуулиар Баянгол дүүрэгт өрсөлдөж, өнөөх хар машины тусламжтайгаар хоёр дахь удаагаа УИХ-д багтсан төдийгүй Засгийн газрын сайдаар өдгөө ч ажиллаж байна. Нэгэн цагт “дээлээ нөмөрч” байсан С.Эрдэнэ саяхан АН-ын НАмын байгуулалт хариуцсан Нарийн бичгийн даргаар сонгогдоод буй. Түүний хувьд мөн л ижил. Өнгөрөгч сонгуулиар хар машины буянаар УИХ-д орж ирсэн одоо бол Баянгол дүүрэгт ямар ч шаансгүй болсон нэгэн. Тиймээс “дээлээ нөмрөн” байж цуглуулсан хэдэн төгрөгтөө дулдуйдан намын жагсаалт руу дайрсан хэрэг. Айсуй 2016 онд тэр Баянголд дүүргээс цухуйх ч үгүй гэдгийг баянголчууд нэгэн дуугаар хэлдэг. Өөрөө бол дүүргийн Иргэдийн хуралд ах дүү нараа шургуулахаас эхлээд олон талын хамгаалалт хийсэн ч энэ нь явцгүй гэдгийг хаа хаанаа мэдэж буй.

 

    Тодруулбал, түүний гэр бүлийн хүн Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч, хүү Э.Ганболор мөн л тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, байнгын хорооны дарга, охин Э.Содгэрэл, хүргэн Г.Энхболд нар бүгд Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч гэдгийг бид мэднэ. Ерөөсөө нэг дүүргийг тэр чигт нь өрхийнхөө мэдэлд авчихсан шахуу.

 

      Тэрээр өнгөрөгч онд Хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө 30.7 сая төгрөгийн жилийн орлоготой. 42 адуу, 47 үхэр, 96 хоньтой. “Land cruiser-200” нэгийг, “Toyota Estima” нэгийг эзэмшдэг. Тэрээр бусдаас 10 сая төгрөгийн авлагатай бол бусдад өргүй. Өөрийнхөө нэр дээр хоёр газар авсан. Үйлдвэр үйлчилгээний болон бусад ангиллын хоёр байгууламжтай бөгөөд хоёр орон сууцтай гэж мэдүүлжээ.

 

       Өнөөх дээлээ нөмөрч байж олсон даатгалын мөнгө бол энд байхгүй. Тэгэхээр энэ мөнгө нь магадгүй С.Баярцогтынх шиг оффшор бүсэд дараатай байхыг үгүйсгэх аргагүй. Юутай ч хөрөнгө орлогын мэдүүлэгт өгүүлснээс гадна мөнгө байж гэмээнэ намын жагсаалтад санаархаж байгаа хэрэг. Тиймээс түүний албан ёсны Хөрөнгө орлогын мэдүүлгийг сонирхуулъя. Энэ бол зөвхөн бидэнд ил байгаа л зүйл.