маны бүлэгЧ.Сайханбилэг Ерөнхий сайд болоод АН, МАН, “Шударга ёс”, “ИЗНН”-ээс бүрдсэн эрээвэр, хураавар данхар бүтэцтэй Засгийн газрыг байгуулсан. 

Гэхдээ энэ Засгийн газрыг хол явуулах бодолгүй хүн дээрх намуудын аль алинд нь олон байгаа. 

Яг одоогийн байдлаар бие даагчид болон Г.Уянга, Л.Цог нарын гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг УИХ-д өргөн бариад хэлэлцүүлэх гэж байна. 

Мөн "Шударга ёс" эвслийн бүлгээс гишүүдийнх нь өргөн барьсан хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхгүй гадуурхаж байгаад дургүйцлээ илэрхийлж цаашид энэ байдал үргэлжилбэл Засагт хамтарсан шийдвэрээ эргэж харахад хүрч болзошгүй гэсэн утгатай зүйлийг хэлсэн. Үүнтэй зэрэгцээд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “АН-ыг хэлсэндээ байхгүй бол Засгаас гарна” гэсэн мэдэгдлийг өчигдөрхөн хэвлэлээр хийв. 

Энэ мэт хамтрагчид нь Ч.Сайханбилэгийг унагаж мэдэхээр байна. Үүнд хамгийн их нөлөө үзүүлж буй сүбьект бол МАН. Учир нь МАН Засагт хамтарчихаад хамтарч биш сөрж ажиллаж байгаа. Тэдний сөрөх ажиллагаа Засагт хамтарсан цагаас л эхэлсэн гэж хэлж болно. Үүнээс үзвэл МАН сөрөг хамтрагч уу гэдэг асуулт гарч ирж байна. 

Үүнийг мэдэх маш амархан бөгөөд сүүлийн үеийн МАН-ын бүлгийн дүгнэлтүүдийг харахад л ойлгомжой байгаа юм. 

Үүнийг жагсаавал,

1.    Өрийн босгыг нэмэхгүй: Засгийн газраас 2015 оны Төсвийн тодотголыг хийхдээ Өрийн босгыг ДНБ-ний 70 хувьд хүргэх саналыг оруулж ирсэн. Харин МАН-ын бүлэг Ж.Эрдэнэбат сайдыг улалзуулан байж дэмжээгүй. Тэд сөрсөөр байгаад өрийн таазыг 58.3 хувиар батлуулсан билээ. 

2.    Эдийн засгийн өршөөлийн хуулийг дэмжихгүй гэв: МАН энэ хуулийг дэмжихгүй гэнэ. Учир нь төрийн мөнгийг завшиж, татвараа нуун дарагдуулсан нь ил болсон МАН-ын тодотголтой хүмүүс ялаа авдагаа авчихсан. Харин энэ хуулиар голчлон АН-ынхан аврагдах гэж буй учир МАН дэмжихгүй гэж үзэж байгаа аж. Хэрвээ Эдийн засгийн өршөөлийн хууль батлагдчихвал АН-ын хөрөнгөтнүүд эрх чөлөөтэй болно. Тэгэхээр 2016 оны сонгуульд АН мөнгөөр зодоод УИХ-д гараад ирэх магадлалтай. Тиймээс МАН үүнээс сэрэмжилж уг хуулийг дэмжихгүй гэж үзэж байгаа гэнэ. 

3.    Цалин, тэтгэврийг нэм: Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болсон даруйдаа хүүхдүүд болон одонтой ээжүүдийн мөнгийг ялгавартай олгоно. Мөн төрийн албан хаагчдыг 1500 аар цомхотгож багш, эмч нарын цалинг нэмэхгүй гэж мэдэгдсэн. Үүнийг МАН мөн л эсэргүүцсэн. Тус бүлгийн дарга С.Бямбацогт “Одонтой ээжүүд болон хүүхдийн мөнгийг хасч болохгүй. Эдийн засаг хүнд үед хүмүүсийг олноор халах нь бруу. Харин ч цалин, тэтгэврийг нэмэх ёстой” гэж ярьж байсан билээ. Ерөнхий сайд сааралтсан хоолойгоор цалин нэмэх боломжгүй хэмээн учирласаар байхад тэд зөрүүдэлж цалинг нэмүүлсэн. Тэдний энэ үйлдэл нь зарим хүмүүст "популизм" шиг харагдсан байх талтай.  

4.   Засгийн газрыг Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний тухай тогтоолын төслийг оруулж ирэхгүй байна хэмээн хэсэг үглэсэн МАН эцэстээ өөрсдөө тогтоолын төслийг боловсруулсан. Тэгэнгүүтээ "Бид л үүнийг хийлээ" хэмээн ярьж эхлэв. 

5.    Тавантолгойн хэлэлцээрээр 1072 ширхэг хувьцааг хөндөв: Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлэлцээрийг хийж байгаатай холбогдуулан МАН-ын бүлэг 1072 хувьцааг амилуулах ёстой гэсэн саналыг гаргав. Уг нь Засгийн газар уг ордыг эргэлтэд оруулж эдийн засгийн хүндрэлээс гарна гэж буй. Эхлээд төр өөрөө ашгийг нь хүртэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэсэн үг. Гэтэл МАН Тавантолгойн ашгийг ард түмэнд 1072 хувьцаагаар нь өгөх ёстой гэж үзэж байна. Бас Засгийн газрыг эсрэг "сөрсөн базаа". 

6.    Нийгмийн салбарын хувьчлалыг дэмжихгүй: Засгийн газраас эмнэлэг, сургууль зэрэг нийгмийн салбарыг хувьчлах саналыг УИХ-д оруулсан. Гэтэл үүнийг МАН-ын бүлэг дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Тус бүлгийн дарга С.Бямбацогт “Хэрвээ эмнэлгийг хувьчилбал иргэдийн нуруун дээр хүнд ачаа ирнэ” гэв. Уг нь нэн тэргүүнд эмнэлэг, сургуулийг хувьчлах ёстой гэж нийгмийн салбарынхан ярьдаг хүмүүс байдаг. Учир нь одоогийн эмнэлгийн орчин, нөхцөл, үйлчилгээ зэргийг сайжруулах арга хувьчлал гэнэ. 

7.    Татвар нэмэхийг дэмжихгүй: Засгийн газраас эдийн засгийн хүндрэлээс гарах аргуудын нэгийг татвар нэмэх гэж үзэж байгаа. Харин МАН-ын бүлэг татвар нэмэхийг дэмжихгүй гэж байгаа юм. Харин тэд зарим байгууллагуудыг татвараас чөлөөлөх ёстой гэж буй. 

Энэ мэт МАН хамтарч биш сөрж ажилласаар. Тэдний сөрж буй жишээний заримыг нь дурдахад ийм байна. 

Т.Хулан