Эдийн засагч Д. Даваасүрэн : Манай улс Мянганы хөгжлийн зорилгод хүрэх боломжгүй нь харагдаж байна
2015/02/15
Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтыг баталсан байдаг. Энэ нь НҮБ болон олон улсын хамтын нөхөрлөлийн өмнө 2015 он гэхэд ийм ийм түвшинд хүргэнэ гэсэн амлалт үүрэг авсан гэсэн үг. Энэ жил Мянганы хөгжлийн зорилтуудаа дүгнэх он болж байна. Өнөөдрийн ярилцлагаа энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал эдийн засгийн суурь үзүүлэлтээр эхлэе.
-Шинэ мянганы тоолол эхэлж , 21 дүгээр зуун гарч байсан үед 2000 оны 9 сард Нью-Иорк хотод Дэлхийн 189 улс орны удирдагчид чуулж, 2015 он хүртэлх хугацаанд дэлхий хэмжээнд нэн тэргүүнд шийдвэрлэвэл зохих ядуурал, ажилгүйдэл, хүн амын эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, дэлхийн улс гүрнүүдийн хамтын ажиллагаа, түншлэлийг сайжруулах зэрэг асуудлуудын хүрээнд Мянганы хөгжлийн зорилтуудыг анхлан дэвшүүлсэн. Эдгээр зорилтууд нь баяжуулан хөгжүүлэгдсээр 2008 оны 1 дүгээр сарын 15-наас нийт 8 зорилго, 21 зорилт, 58 шалгуур үзүүлэлт бүхий “Мянганы хөгжлийн зорилт” тунхаглалыг баталж, бүх дэлхий нийтээрээ даган мөрдөхөөр болсон.
Монгол Улс 2008 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр УИХ-ын 13 дугаар тогтоолоор Мянганы хөгжлийн зорилтыг шинэчлэн нийт 9 зорилго, 24 зорилт, 67 шалгуур үзүүлэлттэй болгон, өргөжүүлж, “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг баталж, 14 жилийн хугацаанд 2 үе шаттай хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн энэхүү 67 шалгуур үзүүлэлтийн талаар стандарт, тодорхойлолтыг Үндэсний статистикийн хорооноос боловсруулж, 2008 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 182 тоот тушаалаар даган мөрдүүлж байгаа. Үүний эхний үе шатыг энэ онд дүгнэх учиртай.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд "Мянганы хөгжлийн зорилтууд"-ыг бүрэн хэрэгжүүлж , эдийн засгийн өсөлтийг жилд дунджаар 14 хувьд, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5 мянгаас доошгүй ам. долларт хүргэж, эдийн засгийн эрчимтэй хөгжлийн үндэс суурийг тавьсан, макро эдийн засгийн нэн таатай орчин бүрдсэн байх томоохон зорилт тавьсан. Харамсалтай нь энэхүү том зорилт маань биелэгдэх боломжгүй болчихоод байна.
Би энд ганц хоёр тоо дурдах нь зүйтэй байх. Тухайлбал, ДНБ-ий өсөлт өнгөрсөн хугацаанд улирал, жил дараалан буурсан. Сангийн яамны мэдээлж буйгаар 2011 онд 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,9% болж буурах төлөвтэй байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн 2 жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Улсын төсөв гэдэг маань тухайн улсын хуульчилж баталсан эдийн засгийн бодлого гэж хэлж болно. Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдэж, татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байдаг.
Төсвийн орлого тасарна гэдэг нь төрийн эдийн засгийн бодлого нь алдаатайг харуулахаас гадна эдийн засаг, нийгмийн байдал ямар байгааг харуулж байгаа гэж хэлж болно.
Мөн төгрөгийн ханш 2 жилийн хугацаанд 45 хувь хүртэл суларлаа. Аливаа улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нь тухайн улсын эдийн засаг, нийгмийн байдлын толинд туссан тусгал гэж хэлж болно. Энэ утгаараа манай улсын эдийн засгийн байдал хэрхэн доройтоод байгааг зөвхөн төгрөгийн ханшны сулралаас харж болно.
Энэхүү цөөхөн хэдэн тоо баримтаас манай улс Мянганы хөгжлийн зорилгод хүрэх боломжгүй гэдэг нь харагдаж байна.
-2013 оноос эдийн засгийн хямралын тухай яригдаж эхлээд одоо Засгийн газар эрх баригчдын зүгээс хүлээн зөвшөөрч байх шиг байна. Монгол Улсын эдийн засаг томорсон, төсөв болон зах зээлд эргэлдэж байгаа мөнгөний тоо хэмжээ нэмэгдсэн л дээ. Гэхдээ ядуурал нийгмийн эмзэг асуудал хэвээр байсаар байна. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах тал дээр яагаад ахиц гарахгүй байна гэж харж байна вэ?
-Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн 2 жилийн хугацаанд гүн хямралд орсон. Үүнийг манай улсын эдийн засагчид, эрдэмтэн, судлаачид төдийгүй олон улсын санхүүгийн шинжээчид, Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагуудын дүгнэлтүүд баталж байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулганд Шийдлийн Засгийн газрын хэрэгжүүлэх хамгийн чухал ажил нь Эдийн засаг, Эдийн засаг, Эдийн засаг хэмээн танилцуулсан. Өөрөөр хэлбэл эдийн засаг хямарсаныг өнгөрсөн 2 жил эрх барьсан АН хүлээн зөвшөөрсөн.
Манай улсын нэр бүхий эдийн засагчид, олон улсын байгуулагууд 2013 оны хавраас эхлэн АН, Шударга ёс эвслийн “Шинэчлэлийн” гэх Засгийн газарт эдийн засаг хямарч байна, төрийн бодлогын залгамж халаа алдагдлаа, бодлогын алдаагаа засахгүй бол хямрал улам гүнзгийрлээ, Засгийн газар, Монгол банк төдийгүй хувийн хэвшил, ард иргэд өрөнд орж дууслаа хэмээн удаа дараа анхааруулж, шаардаж байсан боловч, “бүх юм болж байна, сайн явах санааных, ажил хийж байгаа хүнийг битгий муул, худлаа хоосон улстөржиж байна” гэж эсэргүүцэж явсаар байгаад хугацаа алдаж, хямралыг гүнзгийрүүлсэн. Өнгөрсөн 2 жилийн эдийн засгийн өсөлт нь зөвхөн Монгол Улсын нийт гадаад өрийнхөө зээлийн хүүг төлөхөд хүрэлцэхгүй байсан. Өөрөөр хэлбэл би өнөөдөр хүнээс мөнгө зээлж аваад, бизнес хийгээд олсон ашиг маань зээлийнхээ хүүг төлөхөд хүрэлцэхгүй байна гэсэн үг. Мөн мөнгө хэвлэн тарааж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн нь хэрэглээ болоод дууссан. Учир нь зах зээл рүү хийсэн мөнгө нь импорт болоод гадагшаа гараад, дотоодын ААН-үүд болон бизнес эрхлэгчид, иргэдэд өр болоод үлдсэн. Өнөөдөр Монголд өргүй хүн гэж бараг алга. Үр дагавар нь гадаад валютын нөөцийг шавхаж, төгрөгийн ханшийг унагаж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг 26-185 хувь хүртэл нэмэгдүүлж, иргэдийн худалдан авах чадварыг эрс муутгаж, нийгэм эдийн засгийг хямраасан гэж хэлж болно.
"Монгол хүний амьдралын чанар"-ыг тасралтгүй дээшлүүлж, 2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтуудыг бүрэн биелүүлж, хүний хөгжлийн индексийг 0.83-д хүргэх, ядууст чиглэсэн, харьцангуй чинээлэг дунд давхаргыг төлөвшүүлэх эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, орлогын өсөлтийг хангах замаар ядуурлыг хоёр дахин бууруулуулах, эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын арга хэмжээтэй нягт уялдуулан ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийн түвшинг 3 хувиас ихгүй байлгах, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн тогтолцоог боловсронгуй болгох замаар Мянганы хөгжлийн зорилтыг хангах зэрэг бодлого зорилт хэрэгжсэнгүй. Харин ч Шийдлийн Засгийн газар ээжүүд, хүүхдүүдэд олгож байсан нийгмийн хамгааллын зарим арга хэмжээг хасах, танах санал дэвшүүлж байна.
2014 оны эцэст улсын хэмжээнд нийт 113602 ААН-үүд бүртгэлтэй байгаа ба үүнээс 48 % нь буюу 53759 ААН-үүд үйл ажиллагаагаа зогсоосон болон эрхлээгүй байна. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр ажилгүйдэл, иргэдийн орлогогүй байдал, ядуурал нэмэгдсэн гэж хэлж болно. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийсэн бодлогын алдаануудыг засахаас нааш дотогшоо чигдэсэн валютын урсгал нэмэгдэхгүй, төгрөгийн ханшийг чангаруулж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах боломжгүй. Эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж, ажлын байр, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхгүйгээр ядуурлыг бууруулах боломжгүй.
-Грек болон Европын зарим улсуудын хямрал нь санхүүгийн тогтолцоо, өрийн дарамттай холбогддог. Монголын мянганы хөгжлийн зорилтод ч 2015 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүнд гадаад өрийн хэмжээг 30 хувиас хэтрүүлэхгүй гэсэн зорилт тавьсан байна. Одоо УИХ дээр яригдаж байгаа өрийн тааз маань энэ тооноос маш өөр тоо байгаа. Өрийн менежментийн асуудлаар таны бодол?
-Өрийн бодлого нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаад зээлийг багасгах, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх гадаад зээлийн хэмжээг зохистой түвшинд байлгах, өрийн дарамтгүй, тогтвортой хөгжих нөхцөлийг бий болгоход чиглэгдэх ёстой. Олон улсын санхүүгийн байгууллагууд, дэмжигч орнуудаас эдийн засаг, санхүүгийн хувьд үр ашигтай, зээлийн үйлчилгээг төсөвт дарамтгүйгээр хийх боломжтой зээл авах, ялангуяа буцалтгүй тусламж авах чиглэл баримтлах, дотоод санхүүгийн зах зээлийг хөгжүүлж, нөөц бололцоог бүрэн дайчлан ашиглах, дотоод хуримтлалыг нэмэгдүүлэн гадаадын зээл, тусламжаас хамаарах хамаарлыг багасгах замаар өрийн эрсдэлийг бууруулахад онцгой анхаарах шаардлагатайг сануулж байв. Монгол Улсын Засгийн газар 2012 он хүртэлх сүүлийн 22 жилд нийт 2.8 тэрбум ам.долларын гадны зээл авсанаас 2012 оны эцэст 1.9 тэрбум ам.долларын өртэй үлдсэн байна. Энэ хугацаанд нийт 1.1 тэрбум ам.доллар өрийн үйлчилгээнд төлсөн байдаг.
Гэтэл 2012 оны УИХ-ын сонгуулиас хойш өнгөрсөн 2 жилийн хугацаанд Хөгжлийн банкны 600 сая ам.доллар, Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 290 сая ам.доллар бусад жижиг зээлийг оруулаад өнөөдрийн байдлаар Засгийн газрын нийт гадаад өр 3,6 тэрбум ам.доллар болж, нэрлэсэн үнээр 7 их наяд гаруй төгрөг, Монгол банкны 1,04 тэрбум ам.долларыг нэгтгэн тооцвол 9,8 их наяд төгрөг болж байна. Үүн дээр Засгийн газрын дотоод өрийг нэмж нэмж тооцвол Засгийн газрын өр 14,2 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ 21,7 их наяд төгрөгтэй харьцуулахад 65 хувийг даваад байна.
Улсын нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд тухайн оны төсвийн урсгал орлогын 1 хувийг төлж байсан бол 2013 онд 4,5%, 2014 онд 8,2 хувь болж өссөн ба 2015 оны нэгдсэн төсөвт Сангийн сайдын багцад нийт 697 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт тусгасан байгаа нь нэгдсэн төсвийн урсгал орлого 6,2 их наяд төгрөгийн 11,2 хувийг төлөхөөр төсөвлөжээ. Өөрөөр хэлбэл манай улс өрийн дарамтанд орсныг эдгээр тооноос харагдаж байна.
Грекийн хямрал нь өсөөд буй өр ширээ нуун мэдээлээгүйтэй нь холбоотой байсан нь одоо нэгэнт ил болсон зүйл. Нуун дарагдуулж байсан гадаад, дотоод өр, төсвийн зардлын өсөлт, төсвийн алдагдал нь 2009 онд ил болсноор Грек улс гүн хямралд орж, өрсөлдөх чадвар, эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ даруй тивдээ доороосоо хоёрт ортлоо доройтож, 2009 оны эцсээр Грек эдийн засаг дотоод өр, төсвийн алдагдалаараа Европын холбооны түүхэн дэх хамгийн муу дээд амжилт тогтоож, 2009 оны төсвийн алдагдал ДНБ-ний 15.4%-д хүрсэн байв. Яг энэ үед өр нь харин ДНБ-ний 127%-тай тэнцсэнээр зээлийн хүү тэнгэрт хадаж, хэд хэдэн нийгэм эдийн засгийн хүнд, хүнд хямралуудын шалтаг болсон байдаг.
Шинэчлэлийн Засгийн газар Монгол Улсын өрийн талаарх мэдээлэлийг аль болох бага байгаа, хуулиар тогтоосон хүрээндээ байгаа, өрийн эрсдэл үүсээгүй гэх зэргээр бодит байдлыг нуун дарагдуулж Грекийн муу туршлагыг давтахыг хичээж байсан. Харин энэ Шийдлийн Засгийн газар Монгол Улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 58,3 % -тай тэнцэж байгааг хүлээн зөвшөөрлөө. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 40 хувийн босгийг аль эрт даваад гарчихсан байгааг хүлээн зөвшөөрсөн хэрэг.
Өнөөдөр монголын төр нь их өртэй, хувийн хэвшил, үүн дотроо зарим банк, санхүүгийн байгууллага нь их өртэй, ард иргэд нь их өртэй байгаа нь манай улсын хөгжлийг хэдэн арван жилээр хойш татаж болох өрийн хямрал нүүрлээд байгааг харуулж байна. Ялангуяа Монгол банк нь их хэмжээний гадаад өртэй болсон байгаа нь манай улсын макро эдийн засгийг бүхэлд нь тогтворгүйжүүлж, хямралыг даван туулахад ихээхэн бэрхшээл тулгараад байгааг харуулж байна.
Өрийн удирдлагын тогтолцоог оновчтой, боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Засгийн газрын урт, дунд хугацааны гадаад зээлийн хэрэгцээг эдийн засаг, нийгмийн салбар бүрээр оновчтой тогтоож, мөрдөх, тухайн жилд авч болох зээлийн дээд хязгаарыг Засгийн газар тооцож, Улсын Их Хурал баталдаг байх эрх зүйн зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлэх, гадаад зээлийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглах, үр дүнг нь тооцох бүртгэл, хяналтын механизмыг бий болгон мөрдөх, хувийн хэвшлийн гадаад зээлийн бүртгэл, хяналтыг сайжруулж, өрийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бодлогоо тодорхойлж мөрдөх шаардлага тулгарч байна.
Бид өнөөдөр өрийн талаар нэгдсэн ойлголтгүй л явж байна. Манай улсад өнөөдрийн байдлаар Засгийн газрын өр, Монгол банкны өрийг зохицуулсан бие даасан хууль байхгүй байгаа. Эдийн засгийн хямралуудын хамгийн хүнд хэлбэр, даван туулахад хэдэн арван жил шаардагддаг өрийн хямрал тулгараад байгааг хаа хаанаа ойлгож, өрийн удирдлагын нэгдсэн зохицуулалт бүхий хууль эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна.
-Мөнгөний бодлого маань ч эдийн засгийн чухал хэсэг. Эдийн засаг дахь мөнгөний бодлого, төгрөгийн ханшийн тогтвортой байдал, инфляци зэрэг асуудлууд өнөөгийн ийм байдалд хүрсэн нь бодлогын алдаа гэж та үзэж байна уу?
-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлснээр 2015 он гэхэд инфляцийг оновчтой удирдан инфляцийн түвшинг жилд 3 хувиас бага байлгаж, эдийн засаг дахь инфляцийн дарамтыг арилгаж, төгрөгийн ханшийг тогтвортой байлгаж, зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байв.
Харамсалтай нь энэ зорилт мөн л хэрэгжсэнгүй. Шалтгаан нь мөнгө, зээлийн алдаатай бодлогоос үүдэлтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар мөнгө, сангийн тэлэх бодлого явуулж, Засгийн газар Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурцгаасан. Энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэх зорилгоор 3 их наяд гаруй цаасан мөнгө үйлдвэрлэн, арилжааны банкуудаар дамжуулан зээл болгож тараав. Арилжааны банкууд уралдан зээлээ тэлж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн төсвийн тэлэх бодлогыг хэрэгжүүлсэн. 2013 онд 6 их наяд 630 тэрбум төгрөгийн, 2014 онд 7 их наяд 294 тэрбум төгрөгийн төсөв баталсан нь 2011 оныхоос 1,3- 1,6 дахин их юм. Энэхүү төсвөөс гадна Чингис бондын 1,5 тэрбум ам доллар, Самуурай бондын 290 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая ам доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан 280 сая ам долларын зээл зэрэг Улсын нэгдсэн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг төсвөөс гадуур зарцуулав.
Энэ бүхний үрээр зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж 2011 онд 6 их наяд 412,2 тэрбум төгрөг байсан бол 2014 оны эцэст 10,64 их наяд төгрөгт хүрчээ. Банкны системээс гаргасан нийт зээл 2011 онд 5 их наяд 641,2 тэрбум төгрөг байсан бол, 2012 онд 23 хувиар, 2013 онд 1,9 дахин, 2014 оны 10 дугаар сарын байдлаар 2,2 дахин нэмэгдэж, 12 611,5 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ хугацаанд орон сууцны ипотекийн зээлд зориулж 2,6 их наяд орчим төгрөг гаргасан. Мөнгөний нийлүүлэлт ийнхүү огцом өсөж, төсвийн хөрөнгө оруулалт, Чингис бонд, Самуурай бонд болон Хөгжлийн банкны зээл, үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хөрөнгө оруулалтууд нь импорт болж, гадаад худалдааны алдагдлыг нэмэгдүүлж, Монгол улсын өр болон үлдэж, дотоодын эдийн засаг, нийгмийг тогтворгүйжүүлэхэд нөлөөлж эхэлсэн.
Манай улсын дотоодын нийт хадгаламж 2014 оны эцэст 7,4 их наяд төгрөг, зээлийн өрийн үлдэгдэл 12,5 их наяд төгрөгт хүрч, макро эдийн засгийн тэнцвэрт байдал 5,1 их наяд төгрөгөөр алдагдлаа. Банкны систем дэх зээлийн эрсдэл эрс өслөө. Хугацаа хэтэрсэн зээл 2011 онд 73,7 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 1,5 дахин, 2013 онд 1,6 дахин, 2014 онд 3,6 дахин тус тус өсч 269,5 тэрбум төгрөгт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн их хямралын үеийн 2009 оны /121,7 тэрбум төгрөг/ түвшингээс 2,1 дахин их байна. Чанаргүй зээл 2012 онд 295,1 тэрбум төгрөг байсан бол 2013 онд 1,9 дахин, 2014 оны эцэст 2,1 дахин тус тус өсч 625,7 тэрбум тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь дэлхийн эдийн засгийн их хямралын үеийн 2009 оны /461,9 тэрбум төгрөг/ түвшингээс 35,4 хувиар давсан байна. Энэ бүхэн нь манай банкны систем хямралд орох нөхцөл бүрдсэнийг харуулж байна.
Гадаад валютын албан нөөц 2013 оны эцэст Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 1,2 тэрбум ам.доллар болж буурсан ба харин 2014 оны эцэст Монгол банкны мэдээлснээр 1,52 тэрбум ам.доллар болж 2012 оны эцсийн байдлаас 2,6 тэрбум ам.доллараар буурсан байна. Мөн гадаад валютын албан нөөц эрс буурсан нь олон улсын үнэлгээний “Moody's” агентлаг Монгол Улсын Засгийн газрын бондын зээлжих зэрэглэлийг B1 түвшнээс B2 болгон бууруулах нэг шалтгаан болсон байна. Зээлжих зэрэглэл буурсан нь олон улсад Монгол Улс гадаад зах зээлээс босгосон бондынхоо эргэн төлөлтийг хийж чадахгүй эрсдэл үүсч байгаа дохио өгч байгаа ба дахин олон улсын санхүүгийн зах зээл дээрээс зээл авахыг хүсвэл өндөр үнэтэй, тохиромжгүй нөхцөлтэйгээр зээл авах байдалд оруулаад байна. Өөрөөр хэлбэл урт хугацаатай, бага хүүтэй зээл авах боломжгүй болсон.
Инфляцийн түвшин 2013 онд албан ёсны тоогоор 14 хувьд, албан бусаар 18-21 хувьд хүрсэн нь юуны өмнө санхүү, мөнгөний тэлсэн бодлоготой холбоотой ба өнгөрсөн оны эцэст 11,5 хувийг давсан байна. 2015 онд Монгол банк инфляцийн түвшинг 7 хувьд барих зорилготой байгаа ба 2014 оны суурь үнийн өсөлт /цахилгаан, дулаан ... гэх мэт/ нь 2015 оны тооцоололд орохгүй ч, мөн хоёр оронтой тоонд байх төлөвтэй байгааг олон улсын байгууллагууд, санхүүгийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Монгол банкны 7 хувийн зорилт нь биелэгдэх боломжгүй гэдгийг зөвхөн төгрөгийн ханшны сулрал, импортын хэрэгцээнд үндэслэн баталж болно. Энэ нь манай улсын макро эдийн засаг хэр тогтворгүй байгааг харуулж байгаа ба ирэх онуудад ч тогтворгүй хэвээр байхаар байна.
Төгрөгийн ханш өнгөрсөн 2 жилийн хугацаанд 20-45 хувь суларсан ба цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Иргэдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд 10,6% - 185% хүртэл , орон сууцны үнэ 2,6 дахин өсөж 1 м2 орон сууцны дундаж үнэ 2250,0 мянган төгрөгт хүрсэн нь Засгийн газрын алдаатай бодлого, Монголбанкнаас эрх баригчдын эрх ашигт нийцүүлэн хэрэгжүүлсэн мөнгөний буруу бодлого, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй шууд холбоотой ба богино, дунд хугацаанд төгрөгийн сулрал болон үнийн өсөлтийг хязгаарлах боломжгүй харагдаж байна. Монгол банк мөнгөний нийлүүлэлтийг дотоодын эдийн засгийн бүтэцтэй уялдуулалгүй их хэмжээгээр нэмэгдүүлсэн нь зээлийн хэмжээг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг сулруулж, эцэстээ банк санхүүгийн системийг хамарсан хямрал үүсэх нөхцөлийг бүрдүүлсэн.
-Ерөнхийдөө Монгол Улс маань улс төр, эдийн засгийн бодлогын хувьд тодорхой нэг онолын баримжаа, зүг чигтэй байж чадаж байна уу. Нэг хэсэг Неолиберал үзэл их яригдсан. Одоо энэ маань эргээд бусад улсуудын хувьд ч асуудалтай болж, хамгийн сайн сонголт гэж үзэх нь буурч байх шиг?
-Өнөөдрийг хүртэл эдийн засгийн харилцааны мөн чанар, түүний уялдаа холбоо, харилцан хамаарал, үр дагаврыг “төгс” шинжилж судалсан онол, үзэл баримтлал хараахан гараагүй, одоо болтол маргаан дагуулсан хэвээр байна. Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үед барууны чиглэлийн либерал эдийн засгийн бодлого түлхүү хэрэгжүүлсэн. Эдийн засгийг либералчлах бодлогын зэрэгцээ хүн амын нийгмийн хамгааллын бодлогоо ч зэрэгцүүлж хэрэгжүүлж ирсэн байдаг.
Улс орон хөгжин дэвжих эсэх нь ямар нэгэн эдийн засгийн онолын баримжаа, эдийн засгийн загвараас илүүтэй тухайн орны хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтөөс хамаардаг нь эрчимтэй, хурдан хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн туршлагаар батлагдаж байна. Манай улс 1990 он хүртэл эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо тав, таван жилээр төлөвлөж 20 дугаар зууны Монгол улсаа хөгжүүлж ирсэн туршлагатай. 1990 оноос хойш урт хугацааны хөгжлийн бодлого, зорилтоо нэгтгэн боловсруулж чадаагүй, сонгуулийн 4 жилийн циклд тулгуурласан, намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ нь сонгуулийн үр дүнгээс хамаарч олонх болсон нам, эвсэл өөр өөрийн сонгуулийн амлалтаа хэрэгжүүлэхийг урьтал болгон өмнө нь хэрэгжиж эхэлсэн, урт хугацаандаа үр дүнгээ өгөх бодлогыг өрсөлдөгч хүчний хэрэгжүүлж байсан ажил хэмээн харах, бодлогын залгамж чанар, харилцан хамаарал алдагдаж, өмнө нь ихээхэн цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулж бүтээн бий болгосон бүхнээ үгүйсгэх, зогсоох, шинэчлэх нэрээр нурааж байгаа нь Монгол Улсад маань маш их хор хохирол учруулж байна. Хамгийн тод жишээ бол “Шинэчлэлийн” гэх Засгийн газрын сүүлийн 2 жил гаруйн хугацаанд явуулсан алдаатай бодлогын харгайгаар гадаадын хөрөнгө оруулалтыг даллан дуудаж байсан Оюу толгой төсөл, Таван толгой төсөл гацаанд орж, гадаадын хөрөнгө оруулалт багасч, эдийн засгийн өсөлт 17,5 хувиас 6,3 хувь болтлоо унаж, гадаад валютын нөөц шавхагдаж, төгрөгийн худалдан авах чадвар 45 хувиар суларч эдийн засгийн хямралтай нүүр туллаа. Нөгөө нэг жишээ бол бидний яриад байгаа “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг хэрэгжүүлэх талаар юу хийв, ямар үр дүнд хүрэв гэхээр одоо хүнд хэлэх олигтой үг ч олдохгүй сууж байгаа манай улсын эмгэнэлтэй дүр төрх юм. Энэ бүхэн нь Монгол улс хөгжлийн нэгдсэн бодлогогүй явж ирсэний уршиг юм.
Энэ байдлыг яаралтай халж, Монгол Улс урт хугацаанд, тогтвортой хэрэгжиж байдаг хөгжлийн бодлогоо тодорхойлж, хуульчлан баталгаажуулах шаардлагатай болж байна. Монголын улс төрийн намууд, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид маань улс орныхоо хөгжлийн асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрч, Монгол орноо 10 жил, 20 жил цаашлаад 40, 50 жилд эдийн засгийн ямар бүтэц, загвартай, хөгжлийн ямар түвшинд хүрсэн байх стратеги, бодлогын коцепцоо боловсруулан, улс төр, сонгуулийн үр дүнгээс хамааралгүй байнга, тасралгүй хэрэгжүүлж байх хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, түүнийг хэрэгждэг байх механизмийг тогтоож өгөх чиглэлээр нэн даруй , бодит алхам хийх хэрэгтэй байна. Монгол Улсынхаа тогтвортой хөгжлийн төлөө бүх талаасаа санаачлагатай, бүтээлчээр хандаж ажиллахыг уриалж байна.
-Улс орны хувьд эдийн засгаа сайжруулах, татвараар дамжуулан нийгмийн бусад асуудлаа шийдэхэд экспортоо нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. Манай улсын хувьд экспорт маань бараг 90 гаруй хувь ашигт малтмал дээр суурилж байгаа. Экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах асуудлаар
-2015 оны хувьд манай улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох алт, зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайрын үнэ өсөх төлөв ажиглагдахгүй байна, харин ч үнэ бага зэрэг буурна, өсөхгүй гэсэн таамгыг олон улсын шинжээчид дэвшүүлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 оноос нааш сэргэхгүй хандлагатай байна. Оюу толгойн төслийн хоёр дахь ээлжийн хөрөнгө оруулалтыг Рио Тинто компани 2016 он хүртэл хойшлуулахаар шийдвэрлэсэн нь хөрөнгө оруулагчид манай улсад итгэх шаардлагагүй гэдгийг харуулсан үйлдэл болсныг олон улсын шинжээчид онцолж байна. Гадаад орчин нөхцөл ийм байгаа цаг үед түүхий эдийн үнийн өсөлт, тодорхойгүй төсөөлөлд найдаж төсвөө тооцох биш, түүний оронд үндэсний бүтээх чадвар, дотоодын нөөц боломжид тулгуурлаж асуудалд бодитойгоор хандах, илүү бодитой үзүүлэлтээр баримжаалах шаардлагатай болж байна.
Экспортын орлогыг нэмэгдүүлэх, нэр төрлийг нь олшруулах асуудлаар манай улс гадаад эдийн засгийн дипломат үйл ажиллагааг идэвхтэй явуулах шаардлагатай байна. Манай улс олон улсын худалдааны байгууллагад элсээд 18 жил болж байна. Олон улсын худалдааны байгууллагын гишүүн орнуудын дунд манай улс гадаад улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ хэлцэл байгуулаагүй ганц орноор нэрлэгдэж байгаа нь таагүй үзүүлэлт шүү. Одоо АНУ, Японтой гэрээ хэлэлцээр хийхээр яригдаж байна. Гадаад худалааны олон гарц, цонхтой болох шаардлагатай байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг зөвхөн түүхий эд, баяжмалын хэлбэрээр л гаргаж байна шүү дээ. Монголдоо нэмүү өртөг шингээсэн, дахин боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн экспортлох бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай болж байна. Нөхөн сэргээгддэг баялаг болох мал сүргийнхээ түүхий эд, ноос ноолуур, арьс ширээ төгс боловсруулж, чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж бусад зах зээлд борлуулах сайхан боломжийг ашиглах шаардлагатай байна. Эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлж, уул уурхайгаас хараат байдлаас ангижрах шаардлагатай.
Сэтгүүлч : Ж . Энхцэцэг