-Хямрал нь гүнзгийрсэн эдийн засаг-

Монгол улсын эдийн засагт нүүрлэсэн хямрал гүнзгийрсэн.  Манай улсын нэгдсэн төсвийн орлого өнгөрсөн хоёр жил дараалан 1 их наяд гаруй төгрөгөөр тасарлаа. Улсын төсөв гэдэг маань тухайн улсын хуульчилж баталсан эдийн засгийн бодлого гэдэг.  Улсын төсвийн бодлого нь эдийн засгийн өсөлт болон төсөв санхүүгийн тогтвортой, тэнцвэрт байдлыг бататгаж, санхүүгийн эх үүсвэрийг хөгжлийн тэргүүлэх чиглэлд оновчтой хуваарилах замаар хүн амын бодит орлого, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бодит салбарын хөгжлийг дэмжихэд чиглэгдэж, татварын бодлогоор экспортын чиглэлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байдаг хэмээн эдийн засагчид хэлдэг. Гэвч энэ нь манайд эсрэгээрээ хэрэгжив.  ДНБ-ий өсөлт өнгөрсөн хугацаанд улирал, жил дараалан буурсан. 2011 онд 17,5 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2012 онд 12,3 хувь, 2013 онд 11,7 хувь, 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр 6,9% болж буурах төлөвтэй байгааг Сангийн яамнаас мэдээлсэн юм. 

Өнгөрсөн онд хуучин засгийн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн ч төсвийн мөнгийг хувийн хэдэн компаниуд хувааж аваад дууссан гэхэд болно. 2012 оноос Засгийн газар Монголбанктай хамтран “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт 3 их наяд гаруй цаасан мөнгө үйлдвэрлэн, арилжааны банкуудаар дамжуулан зээл болгож тараасан. 2013 онд 6 их наяд 630 тэрбум төгрөгийн, 2014 онд 7 их наяд 294 тэрбум төгрөгийн төсөв баталсан нь 2011 оныхоос 1,3- 1,6 дахин их юм. Энэхүү төсвөөс гадна Чингис бондын 1,5 тэрбум ам доллар, Самуурай бондын 290 сая доллар, Хөгжлийн банкны 580 сая ам доллар, БНХАУ-ын Хөгжлийн банкнаас авсан 280 сая ам долларын зээл зэрэг Улсын нэгдсэн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний мөнгийг төсвөөс гадуур зарцуулсан гэдэг нь өдгөө эл болов. 

-Монгол улсын өр-

2018 онд Чингис бондын эхний ээлжийн 500 сая долларыг, 2022 онд хоёр дахь ээлжийн нэг тэрбум ам.долларыг, 2023 онд Самурай бондын 300 сая ам.долларын өрийг тус тус хуваарийн дагуу барагдуулах өртэй суугаа бид.  Бонд нэрээр авсан нийт 3.2 тэрбум ам.долларыг төлнө. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг энэ их өрийг яаж төлөх тухай асуухад бидний үр хүүхэд төлчихнө биз хэмээж олны дургүйцлийг хүргээд авсан удаатай. Харин өнөөгийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийг нэмэхгүй байх аргыг хайж байгаа ч нэгэнтээ өрийг нэмэх магадлал нэмэгдэж байна.

Ам.долларын ханш өссөөр байгаа нь эдийн засагт нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг хэсэг. Өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханш 1965 төгрөгтэй тэнцэв. Тэгвэл арилжааны банкуудад нэг ам.долларыг авах үнэ нь 1955-1961 харин 1968-1971 төгрөгөөр худалдаалагдаж байна. Ам.долларын өсөлт явагдах тусам өр зээлээ төлөх үедээ эдийн засгийн дампууралаа зарлаж ч мэдэх нь ээ. Энэ оны төсөвт 700 орчим сая төгрөгийг өрийн үйлчилгээн­дээ зарцуулна хэмээн тусгасан. Гэвч энэ тоо өснө үү гэхээс буурахгүй. Учир юу гэхээр тухайн үеийн ханшаар ам.долларыг тооцсонд байгаа юм. 1750 төгрөгөөр тооцсон бөгөөд хэрэв бид долларыг өнөөдрийн бодит ханш 1965 төгрөгөөр тооцвол өрийн үйлчилгээний төлбөр багадаа л гэхэд 800 сая гаруй төгрөг болж, төсвийн орлогын 12 хувь болох тооцоо гарч байна. 

 

Х.Даваа