Дуучин С.Жавхлан төрийн гурван өндөрлөг болон  76 гишүүдийг “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” сэдэвт төр түмний халз мэтгэлцээнд энэ сарын 11-ны өдөр дуудсан. Улмаар нэвтрүүлгийн цаг гаргаж өгөх хүсэлтийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарьд гаргасан. Уг хүсэлтийг Ц.Оюундарь хүлээн авч эфирийн цаг гаргаж өгсөн билээ. Гэсэн ч мэтгэлцээн товлогдсон өдөр эфирийн цагийг МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь цуцалснаар тэдний хоорондох дайн эхэлсэн.

С.Жавхлан: Олон нийтийн телевизийн улстөржүүлж буй Ц.Оюундарийг халах ёстой

Эфирийн цагтаа орж чадаагүй С.Жавхлан МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийг огцруулахыг шаардаж, уг шаардлагаа тус телевизийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн юм. С.Жавхлан нар Ц.Оюундарыг огцруулах болсон үндэслэлээ дараах гурван байдлаар тайлбарлаж байна.

Тодруулбал, нэгдүгээрт, Олон нийтийн радио телевиз нь хараат бус байх ёстой, хоёрдугаарт, Ц.Оюундарь нь АН-ын өндөр албан тушаалд ажиллаж байсан. Өнөөг хүртэл АН-ын гишүүн хэвээрээ, гуравдугаарт, тус телевизийн захирлын суудалд сонгон шалгаруулалт явуулахдаа олон нийтийн өмнө ид тод явуулаагүй хэмээн үзэж байгаа аж. 

Харин МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарь эфирийн цагаа цуцалсанаа “Зэвсэгт тэмцэлд уриалах хүмүүст эфирийн цаг олгохгүй” хэмээг тайлбарлажээ. Үүний дараа өдөрт 3000 дуудлага авах болсон С.Жавхлан Ц.Оюундарийн утасны дугаарыг олон нийтэд мэдээлжээ. Харин захирал эмэгтэй “Хэрвээ миний гэр бүлд ямар нэгэн муу зүйл тохиолдвол хувийн мэдээлэл тараасан С.Жавхлан буруутай” хэмээн мэдэгдсэн юм.

Нөхцөл байдал хурцадсан үед тэмцэгч С.Жавхлан зүтгэсээр байж МҮОНТ-ийн үзэгч олонтой эфирийн цагт буюу “DeFacto” нэвтрүүлэгийн цаг дээр оролцсон билээ.

Ц.Оюундарь: С.Жавхлан нар ”улстөржилт” гэдгийг үнэн төрхөөр нь хийж байна

Оролцогч талууд ирэхгүй бол цагаа цуцлана гэдгээ урьдчилаад албан бичгээр хоёр өдрийн өмнө мэдэгдээд байхад түүнийг “дээрээс команд өгч цуцлууллаа, улс төрийн даалгавраар болиуллаа” гэж өөрсдөө шууд дүгнэж, нийгмийн сүлжээгээр цацаж эхэлсэн. Нэвтрүүлэг эхлэхээс хоёр хоногийн өмнө цаг цуцлах тухай сануулсаар байтал Ерөнхийлөгч эсвэл Их хурлын дарга утасдаад болиулсан юм шиг зарлаж сүржигнэж байгааг нь хараад жинхэнэ “улстөржилт” гэдгийг С.Жавхлан тэргүүтэн өөрсдөө л үнэн төрхөөр нь хийж байна даа гэж би хувьдаа дүгнэсэн хэмээн ярьсан юм.

Мөн тэрээр өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “С.Жавхлан тэнд мэтгэлцэх гэж биш шоудах гэж очсон гэж бодож байна.  С.Жавхланг аль дугаарт орохоо урьчилж мэдэгдээрэй гэж байхад 24-ний өдөр утасдаад би өнөө орой De Facto-д орно гэж байгаа юм. Албан бичгийн наад захын мэдлэг ч үгүй хүн” хэмээн шүүмжилсэн юм.

С.Жавхлан төрийн томчуудыг мэтгэлцээндээ иртэл дуудна гэсэн. Тэгэхээр Ц.Оюундарь, С.Жавхлан нарын “тулаан” хэрхэн үргэжлэх нь сонирхолтой юм. Харин тэдний хэн нь улс төржиж байна вэ гэдгийг цаг хугацаа, ард түмэн өөрсдөө шүүх биз.

Д.Үжин