Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос санаачлан зохион байгуулсан “Эрч хүч-Эв нэгдэл-Нийгмийн асуудал-Эрэл шийдэл” уриатай “Шилдэг гэр бүл-Шинэ байр” зорилтот реалити шоуны хаалтын үйл ажиллагаа болж дүнгээ гаргасан байна.

Тус арга хэмжээнд Хэрлэн сумаас 8, Батноров, Дархан, Баян-Овоо сумдаас нэг нэг буюу нийт 11 хос оролцсоноос тусгай байр буюу нэг өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 15 хувь чөлөөлөх 5.4 сая төгрөгийн эрхийн эздээр Болхооны Лхагвахатан, Магваны Алтанчимэг, Болдын Төрмөнх, Баярсайханы Солонго нарын хосууд шалгарсан бол гуравдугаар байр хоёр өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 20 хувь чөлөөлөх 10.6 сая төгрөгийн эрхийн эздээр Алтангэрэлийн Баяржаргал, Сосорын Сумьяа нар, дэд байр хоёр өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 25 хувь чөлөөлөх 13.2 сая төгрөгийн эрхийн эздээр Төмөрхуягийн Хишиг-Эрдэнэ, Батхишигийн Анхцэцэг нар шалгарчээ.

 

Харин тэргүүн  байр буюу хоёр өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 30 хувь чөлөөлөх 15.9 сая төгрөгийн эрхийн эздээр Төмөрхуягийн Алтаншагай, Дамдины Чулуунцэцэг нарын гэр бүл тус тус шалгарсан байна. Реалити шоуны хаалтын үеэр зохион байгуулагч Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос нэгэн гэнэтийн бэлгийг хосуудад барьсан нь байр эзлээгүй ч тус реалити шоунд амжилттай оролцсон үлдсэн бүх гэр бүлүүдэд нэг өрөө шинэ орон сууцны урьдчилгаа 10 хувийг чөлөөлөх эрхийн бичгээр шагнаж урамшуулжээ.

 

Мөн хөдөө орон нутгаас ирж амжилттай оролцсон Дархан, Батноров сумын хосуудад гадаадад аялах эрхийн бичиг гардуулсан байна. Ийнхүү Хэнтий аймгийн 11 шилдэг гэр бүл Чингис хотноо баригдсан “Бишрэлт түмэн хан” ХХК-ийн шинэхэн байранд орох эрхийн эзэд болцгоолоо. Тус үйл ажиллагааг Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Ардчилсан нам, ХААН банк, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, “Хэнтий”, “Өндөрхаан” телевиз зэрэг олон байгууллага дэмжиж хамтран зохион байгуулсан байна.