-Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн төслөө хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсон. Гэсэн ч өнгөрсөн баасан гаригт амжиж өргөн барьсангүй. Яагаад ингэж хойшлов. Уг нь хугацаа алдах тусам үр өгөөж буурдаг гэдгийг бид одоо харж байна. Нүүрсний үнэ ямар байхад Тавантолгойг ярьж эхэллээ, одоо ямар байна гэдгээс л энэ тодорхой харагдах байх.
 
УИХ-ын чуулганы нээлтээс хойш 2 долоо хоног өнгөрлөө. Тавантолгойн талаарх гэрээний төслүүд бэлэн болсон байгаа. Өмнө нь Засгийн газар УИХ-д зөвхөн танилцуулах бодолтой байсан бол энэ удаа УИХ-аас тодорхой шийдвэр гаргах нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. УИХ-аас гэрээнд гарын үсэг зурах даалгаврыг Засгийн газарт өгсөн УИХ-ын  шийдвэрийн төслийг гэрээний төслүүдийн хамт өргөн барихаар бэлтгэв. УИХ-аас гаргах аливаа шийдвэрийн үзэл баримтлал гэгчийг бас бэлдэх хэрэгтэй байдаг юм байна. Тийм үзэл баримтлалд миний бие болон хууль зүйн сайд гарын үсэг зурсан байгаа. Тогтоолуудын төслүүдийг мөн бэлтгэсэн байгаа. Өргөн барих баримт бичгийн бүрдлийг УИХ-ын Тамгын газар шалгаж байгаа. Хуулиар тэдэнд 72 цаг байдаг аж. 
 
УИХ-ын дарга цаг товловол бичиг баримтуудыг өргөн барина. Консорциумд Токио, Шанхай, Хонконгт бүртгэлтэй компаниуд байгаа бөгөөд эдгээр компаниудын хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гарын үсэг зурагдаагүй аливаа гэрээг ил болгох нь зохимжгүй байдаг. Хөрөнгийн биржүүдийн шаардлага юм даа. Энэ асуудалд УИХ-ын хариуцлагатай албан тушаалтнууд, улс төрчид  анхаарал болгоомжтой хандах байх гэж найдаж  байна.
 
-Хамгийн их популизм хийж байгаа зүйл бол Тавантолгойн хувьцаа. Ингэхэд энэ хувьцаа бодит юм уу, улстөрчид иргэдэд таалагдах гэхдээ гаргасан бас нэгэн л хоосон зүйл биш юм уу. Ер нь энэ хувьцаа ямар үнэтэй юм?
 
1072 хувьцаа сонгогчдын санал авах улс төрийн  зорилготойгоор анх гарсан. 2010 онд байна уу даа УИХ тогтоол гаргаж Эрдэнэс ТТ компанийг хөрөнгийн бирж дээр гаргах, компанийн хувьцааны 20 хувийг бүх ард түмэнд 1072 хувьцаа болгох шийдвэр гаргаж байсан. Түүнээс хойш 5 жил өнгөрлөө. Эрдэнэс ТТ компани биржид гарч чадсангүй. Асар их өрөнд орж улс орноо татаж унагах байдалд орлоо. Өртэй компани ногдол ашиг өгнө гэж юу байхэв. Шилний цаанаас чихэр долоолгов гэдэг үг 1072 хувьцааны бодит байдал юм. 
 
5 жилийн өмнөх популизм одоо буцаад моод болж. Моод эргэж ирсэн юм байлгүй дээ. Өөр хоорондоо арилжаалагддаггүй, ногдол ашиг өгдөггүй хоосон бичлэгийг зах зээлийн ухаанаар жинхэнэ хувьцаа болгохын тулд Тавантолгой өр үүсгэдэг биш, ашиг өгдөг байх хэрэгтэй юм. Тавантолгой төслийн үр өгөөжийг ард түмэнд тараахын төлөө нэг их буянтай царайлсан том жижиг популистууд тэмцэлдэж байна. Тараахаасаа өмнө төслийг ашигтай болгохын төлөө тэмцэлд гэж хэлмээр байна. 
 
-Энэ гэрээг байгуулснаар манай эдийн засагт ямар үр өгөөж гарах юм. Та үүнийг энгийн ойлгомжтойгоор тайлбарлаж өгнө үү?
 
Тавантолгой төсөлд монголчууд бид нэг ч төгрөг зарахгүй. Төсөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш эхнээс нь Монгол улс үр шимийг нь хүртэнэ. 200 сая ам. долларын урдчилгаагаанаас гадна төсөл бүрэн хүчин чадлаа авахад жил бүр татвар, төлбөр, хураамжаар 340 тэрбум төгрөгийг төсөвт төлнө. Төмөр зам гэж овоолсон шороондоо 280 сая ам. доллар авна. Тавантолгой жил бүр манайд наад зах нь 700 сая ам. долларын зардал гаргана. 500-600 аж ахуйн нэгжүүд туслан гүйцэтгэгч болно. 12 мянга хүртэл ажлын байр бий болно. Тавантолгой төсөл дэлхийн хэмжээний төсөл болно. Монголын нэр хүнд өснө. Бусад мега төслүүдийн хувьд мөс зүсэгч төсөл юм.Тавантолгой төслийн амжилт бусад төслийг хөдөлгөгч хүч болно. 
 
-Таныг УИХ-ын даргын зөвлөх халз мэтгэлцээнд дуудсан. Та яагаад мэтгэлцэхгүй байгаа юм. Уг нь халз мэтгэлцвэл хэн нь зөв ярьж байгаа нь тодорхой харагдах биш үү?
 
Монголынхоо эрх ашгийн төлөө гадныхантай мэтгэлцье л дээ. Монголчууд өөр хоорондоо том төслөөр мэтгэлцэнэ гэдэг бол Монголын нийгмийг заазуурдсантай адил юм. Тэгээд ч сонгууль биш шүү дээ. Мегатөслийн хувьд Монголчууд нэг л цул байх ёстой байдаг. Тэгээд ч мэргэжлийн олон хүмүүсийн нөр их хөдөлмөрийг ганц мэтгэлцээнээр хүмүүст ойлгуулж барах уу. Хэлэлцээ хийхдээ 350 асуулт жагсаагаад харилцан ойлголцсон асуудлуудын хэдийг нь ойлгочихсон хүн өөрийгөө “их мэдэх” гэж зарлаад байгаа юм. Дээр нь геополитик ярьж самуурна. Харь гүрний  эрх ашгийг өөрийн гэж андуурна. Гансүхийн зорилго нь Тавантолгой төслийг зогсоох, улс төрийн тавцанд “ загвар үзүүлэх” л явдал юм. Хэн хэний хүүхэлдэй гэдэг нь нэгэнт ойлгомжтой болсон асуудал шүү дээ. 
 
-Засгийн газрын хурал дээр урьдчилгааны 200 сая долларын талаар ярьсан уу, юунд үрэх талаар гэчихвэл арай хатуудчих юм болов уу?
 
Ярьсан ярьсан. Улс төрчид мөнгө тараах сонирхолтой байдаг тул хэрүүл болох байх. Алаагүй баавгайн арьс... гэдэг үг бий. Эхлээд төслөө хамгаалж босгох хэрэгтэй байна.
 
-Гэрээг 70 жилээр байгуулчихлаа гэсэн шүүмжлэл нэлээд байгаа. Энд ойлголтын зөрүү гарсан байх. Харин гэрээг сунгах нөхцөл юу байгаа вэ ?
 
Хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хугацаа 30 жил байгаа. Тодорхой нөхцлүүдийг биелүүлсний дараа Засгийн газар зөвшөөрвөл сунгах бололцоотой хийгдсэн. Тавантолгойн орд 100 хувь Монголын өмч бөгөөд тусгай зөвшөөрөл нь Эрдэнэс ТТ компанид байх юм. Хөрөнгө оруулагчид мөнгөө оруулаад ажиллаж байх хугацаанд Засгийн газар Та өөрсдийнхөө лицензийн хугацааг сунгаж байна вэ биз дээ гэж асуух нь зүйн хэрэг. Бид ЭТТ дээрх лицензээ 20 20 жилээр сунганаа гэж бичснийг Тавантолгойн гэрээ 30 жилээр дээр нь 20 20 жилээр нийт 70 жил байх гээд буруу ойлгож дээ. УИХ-ын даргын зөвлөхийн даргадаа бэлдэж өгсөн шипи нь энэ. 
 
-Яагаад гаднын зөвлөх аваагүй юм бэ. Ийм чухал гэрээ, том төсөл хийж байж гаднын зөвлөх авсангүй гэсэн шүүмжлэл нэлээд гарсан. 
 
Би анхаасаа гадны зөвлөх авахгүй гэсэн хатуу байр суурьтай байсан. Монголын эрх ашгийг монгол хүн л хамгаална. Ажлын хэсэгт Хууль зүйн яам, манай төрийн  болон төрийн өмчит компаниудын хуульчид ажилласан. Манайд чадалтай залуус байнаа байна. Энэ бол миний хамгийн таатай олзуурхал. Дээр нь Монголын хуулийг хэн ч зөрчихийг хүсддэггүй юм. Хийх хөрөнгө оруулалтаа эрсдэлд оруулахгүй байхын тулд хөрөнгө оруулагч хууль зөрчихгүй. Банк хууль зөрчсөн өчүүхэн үйлдэл байвал мөнгө өгөхгүй. Мөнгө босгох үүрэг нь Засгийн газарт бус, хөрөнгө оруулагчдын талд байсан тул тэд нэр хүндттэй компаниудыг ажиллуулсан. Сонирхлын ямар ч зөрчил байхгүй. Цаашдаа монголчууд гадныхныг царай алдахгүй хийчих боломжоо улам л нэмэх хэрэгтэй.
 
-Гэрээг батлахгүй бол энэ оны сүүлийн хагаст эдийн засаг том уналтад орно гэж та бичсэн байсан. Энэ нь шантааж, айлгах арга гэхээс илүү том төслийг баталбал үүнийг сэргийлэх вакцин болно гэсэн утгаар хэлсэн гэж би харж байгаа.
 
Монголын эдийн засгийн байдалд дүн шинжилгээ хэрхэн хийгдэж байгааг харж сонсож байгаа. Эдийн засаг агшсаар байна. Үлээсэн шаар шиг гэнэт хагарчихгүй ч агшаад л байна. Энэ оны хагасаас хойш хүн бүр өөрийн бие дээр эрс мэдэрч эхлэнэ гэж байгаа. Энэ бол Тавантолгой төсөл хэрхэн шийдвэрлэхтэй холбоогүй болох үзэгдэл. Харин Тавантолгой төсөл Монголын эдийн засгийн уналтыг зөөлөн газардуулж, ирээдүйд өсөлт бий болгох учиртай харагдаж байгаа. Миний энэ үгийг ой санамжиндаа хийчихэд илүүдэхгүй гэж бодож байна.
 
-Танай танхим энэ төсөл дээр нэгдсэн нэг амтай байж чадаж байгаа юу, өмнөх Засгийн газрын хурлын үеэр лав Пүрэвсүрэн сайд, Дорлигжав сайд, хоёр Эрдэнэбат сайд эсрэг байр суурьтай байсан гэж сонссон.
 
Засгийн газар дээр зөрөлдөөд байсан юм байхгүй. УИХ-ын даргын араншин нэг зүйлээрээ сайн үр дагавартай байлаа. Яамдын “сонор сэрэмж” дээшилж асуудлаа арай нягт нямбай дахин шалгахад тус болсон. Бяцхан цаг илүү үрсэн. Долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчим үйл хэрэг болсон гэж бодож байна.
 
-УИХ-ын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн бол байр сууриа тодорхой илэрхийлээд байгаа. Төслийг энэ чигээр нь явуулах боломжгүй гэдгээ хэлсэн байгаа. Бас УИХ-аар заавал хэлэлцүүлнэ гэсээр татаж авахаар болсон. Энэ төсөл УИХ дээр уначихгүй байгаа даа.
 
УИХ-ын дарга бөөс, хуурсийг нь түүгээгүй буруу төсөл дээр тулгуурласан юм чинь “энэ чигээр нь явуулах боломжгүй” л гэж хэлнэ шүү дээ. Түүний буруу гэхээсээ буруу мэдээллээр санаатай төөрөлдүүлж буй зөвлөхийн аппаратыг нь буруутгах хэрэгтэй. УИХ “нүүрийг нь угаах гээд нүдийг нь сохлов” гээч битгий болоосой доо. Санаа зовж байгааг хуваалцаж байна. 
 
Н.Ононтуул