Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэх “Мастер гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу “Хамтарсан компани байгуулах тухай” НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн өмчийн оролцоотой Монгол- Солонгосын хамтарсан “Улаанбаатар смарт карт” компанийг байгуулсан юм.

Төслийн хүрээнд нийтийн тээврийн удирдлагын, тээврийн хэрэгслийн мэдээллийн, цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхээр болсон. Тиймээс өнгөрсөн нэгдүгээр сараас Монгол-Солонгосын хамтарсан 10 гаруй баг нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобусанд судалгаа хийжээ.

Манай улсад тоног төхөөрөмжийн ажиллагаа, мэдээлэл дамжуулалт, сүлжээ, системийн ажиллагааг туршиж байгаа юм. Үүний дараа нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1200 орчим автобусанд тоног төхөөрөмжүүдийг суурилуулж эхлэнэ. Иргэд долдугаар сарын 1-нээс бэлэн мөнгөөр үйлчлүүлэхгүй цахим картаар үйлчлүүлэнэ.

Нийслэлийн хэмжээнд “Цахим карт”-ыг худалдах, цэнэглэх цэгүүдийг автобусны буудлуудын ойролцоо 450, томоохон зах, худалдааны төвүүдэд 50 цэг байгуулах аж. Зорчигчид цахим картаа нэг удаа худалдан авч цаашид өөрийн хүссэн хэмжээгээр мөнгө байршуулан цэнэглэж ашиглана.

Энэхүү төслийн хүрээнд “Хэрэглэгчийн төв” байгуулах бөгөөд “Цахим карт”-тай холбоотой асуудлаар иргэдэд үйлчлэх юм. Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, Цагдаагийн алба хаагчид “Хөнгөлөлттэй зорчигчийн карт”, оюутнууд “Оюутны карт”-аар, сурагчид “Хүүхдийн карт”-аар, энгийн зорчигчид “Энгийн карт”-аар үйлчлүүлнэ.