Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос зарим зүйлийг тодрууллаа.

- Нийслэлийн онцгой комисс уржигдар хуралдсан. Яг ямар шийдвэрт хүрсэн талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Баянгол дүүргийн XIV хороонд байрлах16 дугаар байр эрсдэлд учирч болзошгүй гамшгийн нөхцөл байдал үүссэнийг тогтоосон. Үүний дагуу өнөөдөр /өчигдөр/ холбогдох байгууллагууд нь шинжилгээ хийж байна. Үүнээс гадна “БИ ЖИ БИ ЖИ” компанийн газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрлийг хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн.

-“БИ ЖИ БИ ЖИ” компанийн буруутай үйл ажиллагаанаас болж 50 өрхийн 240 гаруй иргэн хохироод байна. Стандартын шаардлага хангахгүй газарт барилга барих зөвшөөрөл олгосон нь ямар учиртай юм бэ?

-Энэхүү газрыг “БИ ЖИ БИ ЖИ” компани 2008 оноос хойш эзэмшиж байгаа. Харин 2014 оны хоёрдугаар сард газар эзэмших эрхийг нь сунгасан байдаг. Түүнчлэн өнгөрсөн оны долдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас18 давхар орон сууц барих зөвшөөрөл олгосон юм билээ. Бид энэхүү зөвшөөрлийг хүчингүй болгож өгөхийг холбогдох газруудад нь удаа дараа тавьж байсан. Өнгөрсөн хугацаанд “БИ ЖИ БИ ЖИ” компани барилгын ажлаа эхлүүлэх гэж хэд хэдэн удаа оролдсон. Харин бидний зүгээс тухай бүрт нь барилгын ажлыг зогсоож, ийм эрсдэлд хүрч болзошгүйг удаа дараа мэдэгдэж байсан.

-Хэзээнээс барилгын ажил эхэлсэн юм бол?

-Урин дулаан болж, энд тэндгүй барилгын ажил эхэлж байна. Яг л энэ жишгээр энэхүү барилгын ажил эхэлсэн. 2014 оны долдугаар сард барилга барих зөвшөөрөл олсноос болж16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэх хэмжээний аюултай байдал үүслээ.

-Оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх зардлыг хаанаас гаргаж байгаа вэ?

-Нийслэлийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Улмаар гарсан зардлыг гэм буруутай компаниар нөхөн төлүүлэхээр болсон.

-Ингэхэд барилга хоорондын зай хэдэн метр байх ёстой юм бэ?

-2014 онд НИТХ-аар баталсан журам гэж бий. Тухайн журамд барилга хоорондын зайг тодорхой заасан байдаг. Тухайлбал, есөн давхраас дээш барилга барих бол 45 метрийн зайтай байх ёстой. Манай зүгээс хууль зөрчиж байгаа талаар холбогдох байгууллагад нь тухай бүрт нь тавьж байсан.

-Тухай бүрт нь гэхээр хэдэн удаа зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт тавьсан гэсэн үг вэ?

-Холбогдох газруудад нь дөрвөн ч удаа хүсэлт явуулсан. Ямар ч хариу ирүүлээгүй байсаар өдийг хүрсэн. Одоогийн байдлаар газар эзэмших болон барилга барих зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт явуулаад байна. -

-Гэхдээ анх газар олгож байхад нь яагаад ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм бэ?

-Тухайн газарт 2008 онд зөвшөөрөл олгосон байдаг. Анх орон сууц биш автомашины гарааш барих зориулалтаар эрх авсан юм билээ.

-Өөрөөр хэлбэл, тухайн компани газраа зориулалтын бусаар ашиглаж хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Хууль зөрчсөн эсэхийг цагдаагийн байгууллага тогтооно. Шалгадаг байгууллага нь манайх биш.

-“БИ ЖИ БИ ЖИ” компани тухайн газарт барилга барихад шаардах бүх бичиг баримтаа бүрдүүлсэн байсан гэдэг үнэн үү?

-Тийм.

-Тэгвэл иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргасан албан тушаалтнуудад ямар нэгэн хариуцлага хүлээлгэх болов уу?

-Тийм ээ. Газар эзэмших эрх болон барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шалгуулах нь зүйтэй гэж үзсэн. Түүнчлэн холбогдох гэм буруутай этгээдэд хариуцлага тооцуулна.

-Иргэдийн ярьж байгаагаар 16 дугаар байрнаас гадна хажуу талын 22 дугаар байранд ч нөлөөлөх магадлалтай гэсэн. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Бид МХЕГ-ын дүгнэлтийг хүлээж байна. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.