Эмэнд хордсон хүүхдүүд ба Худалч Бенз гишүүн
2015/04/24
Өнгөрсөн оны наймдугаар сард “Монос”-ын эмийн санч нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд илүү тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг гарсан.
Тэгвэл өчигдөр дээрх эмэнд хордсон хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хүсэлтээр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг 12 цагт Төрийн ордонд тэднийг хүлээн авч уулзлаа.
Эцэг эхчүүд гишүүнээс хүүхдүүдээ нарийн шинжилгээнд оруулж, эмчүүлж өгөхийг шаардаж байгаа юм.
Учир нь эцэг, эхчүүдийн хэлж байгаагаар хүүхдүүдийн биеийн байдал муу, зарим нь насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж магадгүй байгаа юм байна.
Л.Эрдэнэчимэг гишүүн өмнө нь телевизийн хэд хэдэн ярилцлагад орохдоо өөрийн амаар "Монос"-оос хариуцаж хүүхдүүдэд бүх насаар нь эмчилгээ хийлгэх болсон талаар ярьж, хариуцлагатай, өрөвч, эх хүн гэдгээ сурталчилаад амжсан.
Тэгвэл ачир дээрээ "Монос"-ын зүгээс хүүхдүүдийг эмнэлэгт байхад нь тус бүр 500 мянган төгрөг өгснөөс өөрөөр ямар нэг байдлаар туслалгүй өнөөг хүрчээ. Түүний хувьд эрхтэн бүтэн бойжиж байсан балчир үрсийн өрөөл татанхай болох дээрээ тулаад байгаа аюул сэтгэлийг нь эмзэглүүлдгүй юмдаг уу даа.
Ажилчдын хариуцлага яах аргагүй удирдах албан тушаалтан, эзэдтэй холбоотой. Хэдийгээр "Монос" групын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж байгаа хүмүүс байгаа ч Л.Эрдэнэчимэг гишүүн иймэрхүү онцгой тохиолдолд нэн түрүүнд асуудалд анхаарлаа хандуулж оролцох ёстой баймаар. Гэтэл хариуцлага алдсан ажилчид ял зэм хүртэх төдийнхнөөр өнгөрч, харин "том дарга" тэргүүнтүүд нь цөөхөн хэдэн төгрөгөөр хуураад чимээгүй өнгөрөхийг чухалчилсан бололтой.
Д.Үржээ