Ц.Элбэгдоржийн орлого өсч, Б.Обамагийнх буурчээ
МАНАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ОЛОН САЛБАРТ БИЗНЕСИЙН ОРОЛЦООТОЙ 

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудын 2014 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгожээ. Өнгөрсөн баасан гаригт тус газрын цахим хуудсанд байршуулсан хөрөнгө орлогын мэдүүлгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг онцлон сонирхлоо. Төрийн тэргүүний өмч хөрөнгө, орлого ашигт огцом өөрчлөгдсөн зүйл бараг л алга. Ердөө жилийн орлого, малын тоо толгой, хадгаламж дахь мөнгөний дүн дээр л хэдэн тоо өөрчлөгдөж. Манай Ерөнхийлөгч өнгөрсөн онд 80,3 саяын орлого олжээ. Гэр бүлийн гишүүдийнх нь 10,5 сая гэхээр Ц.Элбэгдоржийнх гэдэг айл 2014 онд 90,8 сая орчим төгрөгийн орлого олсон юм байна. Улс орон эдийн засгийн хямралд нэрвэгдэж, хаа хаагүй амьдрал хүндэрсэн энэ цаг үед Төрийн тэргүүний минь орлого нэмэгдсэн нь таатай л мэдээ байх. Тэрбээр 2013 онд 59,5 сая буюу өнөө жилийнхээс даруй 20 гаруй саяар бага мөнгө олсон. Гэр бүлийн гишүүднь ч гар хумхин зүгээр суугаагүй, орлого нь 4,5 саяар өссөн юм билээ. Ерөнхийлөгчийн ХОМ-д өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдсөн өөр нэг зүйл нь малын тоо толгой. Тэдний адуу хоёроор нэмэгдэж, үхэр нь хоёроор, хонь арваар цөөрсөн. Хаа очиж хэдэн ямаа нь өсч үржээ ч үгүй, үрэгдэж хорогдоо ч үгүй бололтой, тоогоороо байна билээ. Хадгаламжиндаа байсан 75,7 саяас 50 гаруй саяыг нь үрсэн бололтой. 25,4 сая төгрөг бий хэмээн мэдүүлсэн байна билээ. Үүнээс бусад бүх зүйл нь яг хэвээрээ. 418,9 саяын нэг орон сууц, 635 саяар үнэлэгдэх урлагийн бүтээлүүд, хөрөнгө оруулсан компанийн тоо, эзэмшлийн хувь зэрэг нь өмнөх жилүүдийнхээрээ л байна. Эдгээр тоог түүнийг Ерөнхийлөгч болохоос өмнө буюу УИХ-ын гишүүн байхдаа гаргаж өгсөн ХОМ-тэй харьцуулж үзэв. 2008 онд түүний жилийн орлого 5,6 сая, гэрбүлийнх нь 39,8 сая байжээ. Орон сууцны хувьд тоо нь хэвээрээ, харин үнэлгээ нь одоогийнхоос хамаагүй бага буюу 253,5 сая байж. Гэхдээ түүнд нэг “Бенз”, нэг “Лексус 570” байсан. Мал ч харьцангуй олон. Адуу 80, хонь 60, үхэр 25-ыг тоолуулжээ. Мөн түүний хадгаламжинд 136,4 сая төгрөг байсан. Харин уран зургийн цуглуулга нь ердөө л 3,0 орчим саяар үнэлэгдэхээр цөөн байсан бололтой. Учир нь номын зохиогчийн эрх, уран зургийн цуглуулгаа нийтэд нь ийм дүнгээр үнэлсэн байсан юм. Гэтэл үүнээс гурван жилийн дараа буюу 2012 оны ХОМ-тээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнх нь жилд олсон орлого 118,4 сая, гэр бүлийнх нь 6,0 сая төгрөг хэмээн тайлагнасан байдаг. Хувьдаа нэг ч машингүй үлдэж, хадгаламж дахь мөнгө нь багассанаас өөр өөрчлөлт 2008 оныхтой нь харьцуулахад бараг л байхгүй. Түүнээс гадна Төрийн тэргүүний хувь эзэмшдэг компаниудын тухай мэдээлэл төдий л нээлттэй биш юм. “Муштааг” гэж арт галерейг 2007 онд “УБТ” ХХК байгуулсан бололтой юм. Монголын болон гадаадын зураачдын бүтээлийг худалдан авах, хадгалах, засварлах, үзэсгэлэн гаргах, дуудлага худалдаа зохион байгуулах, урлагийн бүтээл түрээслүүлэх, залуу зураачдад ахмад, шилдэг зураачдын туршлага судлуулах, уран бүтээлчдийн дунд харилцан ярилцлага зохин байгуулах, гадаад худалдаа эрхлэх, сонирхогчдын клубээр дэмжуулан дүрслэх урлагийн дугуйлан ажиллуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилттой гэсэн цөөн хэдэн өгүүлбэр интернэтээс оллоо. Гэхдээ Ерөнхийлөгчийн тэрхүү галерей чухам хаана байдгийг мэдэх хүн ч цөөн бололтой. Бас үйл ажиллагаа явуулаад байгаа сураг ч дуулснаа санахгүй юм. “Муштааг” арт галерейг байгуулсан гэх “УБТ” ХХК нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг бололтой. Тус компанийн нэр дээр “Чухаг” гэж орон сууцны цогцолбор хоёр ч газар боссон гэнэ. Бас “Чухаг” нэртэй хөлбөмбөгийн төрөлжсөн сургалттай хүүхдийн зуслан, цэцэрлэг ч байдаг юм байна. Мөн “УБТ” нь уул уурхайн нөхөн сэргээлт, ойжуулалтын чиглэлээр ажилладаг бололтой. Энэ дагуудаа “Элбэг цэцэрлэг” санг 2010 онд байгуулсан. Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг “Анх эрдэнэ” ХХК нь дээрх “УБТ” компанийн эхлэл ууган компани аж. Эмийн сан, эмийн үйлдвэрлэл, нийтийн тээвэр, гадад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Тэгэхээр манай Ерөнхийлөгч чамгүй олон салбарт бизнесийн оролцоотой байж таарах нь. Ерөнхийлөгчийн суудалд сууснаас нь хойш орлого ашиг нь чамгүй дээшилсний учир ч үүнтэй холбоотой биз ээ.
 
Б.ОБАМА ОРЛОГЫНХОО 15 ХУВИЙГ БУЯНЫ ҮЙЛСТ ХАНДИВЛАЖЭЭ 

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама болон түүний гэргий Мишель нарын 2014 оны орлого өмнөх жилийнхээсээ 0,8 хувиар буурсныг Цагаан ордон цахим хуудаснаа нийтэлсэн хөрөнгө орлогын мэдүүлгээс нь харж болно. Тэдний өнгөрсөн оны орлого 477 мянган доллар. Харин 2013 онд 481,08 мянган долларын орлого олсон нь өмнөх жилийнхээс нь даруй 127 мянгаар буурсан үзүүлэлт юм. Обамагийнхны орлого 2006 оноос хойш буурч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг Америкийн Сенатад ажилладаг байх үеэс олдог мөнгө нь багассан гэнэ. Гэхдээ Обамагийн гэр бүл татвараа ном журмынх нь дагуу төлж, буяны үйлст ч гар таталгүй хандив өргөсөөр ирсэн. 2014 онд тэд орлогынхоо 19,6 хувийг татварт өгчээ. Энэ нь 93,4 мянган доллар болж буй бөгөөд дээр нь нэмээд эрүүл мэндийн тусламж, хөрөнгө оруулалтын орлогын татварт ч мөнгө төлжээ. Буяны үйлст зориулан өнгөрсөн онд нийт орлогынхоо 15 хувь буюу 70 мянган доллар хандивласан гэдгийг тэдний хөрөнгө орлогын мэдүүлгээс харах боломжтой. Америкийн Ерөнхийлөгчийн жилийн цалин 400 мянган доллар. “The New York Times”-т тэмдэглэснээр Обама бичсэн номноосоо чамлахааргүй ашиг олдог ч энэ нь түүний Ерөнхийлөгч болохоосоо өмнө авч байснаас нь хамаагүй бага. Тэрбээр 2008 болон 2009 онд “Миний аавын мөрөөдөл”, “Итгэл найдварын хэрцгийлэл” номынхоо борлуулалтаас нийтдээ 8,1 саяыг олж байж. Тэгвэл өнгөрсөн онд түүний номын орлого 94 мянгаас хэтрээгүй. Ерөнхийлөгчийн орлого буурсан шалтгааныг мэргэжилтнүүд янз бүрээр тайлбарладаг. Эдийн засгийн хямрал нөлөөлсөн байж болох ч гол нь Обама Ерөнхийлөгчийн алба авснаасаа хойш орлогын эх үүсвэр болдог өөр бусад ажлаа орхихоос аргагүйд хүрсэнтэй холбоотой. Үүнийг Обамагийн гэр бүлийн хөрөнгийн зах зээлээс олдог ашиг орлого чамгүй ихээр буурснаар баталж болох аж. 
 
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СУУДАЛ П.ПОРОШЕНКОГИЙН ОРЛОГЫГ ӨСГӨСӨН 

Украины Ерөнхийлөгч П.Порошенко Төрийн тэргүүний албыг авснаас хойш анх удаа хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Уг мэдүүлэгт тэрбээр орлогоо 369 сая гривен буюу 16 сая ам.доллар хэмээн мэдүүлсэн байна. Эдийн засагчдын хэлж буйгаар энэ бол мөсөн уулын ердөө л нэг хэсэг. Украины хуулиар зарим нэг төрлийн орлогоо ил тод мэдүүлэхгүй байхыг зөвшөөрдөг учраас Ерөнхийлөгчийг үүнээс ч илүү ихийг олсон байж магадгүй хэмээж буй юм. Гэсэн хэдий ч энэ дүнгээр нь аваад үзэхэд л Порошенкогийн орлого Оросын Ерөнхийлөгч В.Путинийхээс 250, Германы Канцлер Ангела Меркелийнхээс 60, Барак Обамагийнхаас 39 дахин их. Үлгэрт л байдаг байх гэмээр энэ их мөнгийг чухам ямар үйл ажиллагаанаас олсныг нь Ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд бичснээр 345,7 саяыг хувь эзэмшдэг компаниудынхаа ногдол ашгаас, 11,2 саяыг үнэт цаасны арилжаа болон хөрөнгийн зах зээлээс цуглуулсан орлогоос, харин 961,7 мянгыг өмч хөрөнгийн арилжаанаас олсон гэжээ. Тэгэхээр энэ бүхэн түүний Ерөнхийлөгчийн албанаас биш харин бизнесээс нь орж ирсэн орлого. “Украины Төрийн тэргүүн бол олигархи, цаашдаа ч тэр хэвээр үлдэнэ. Тэгээд ч түүний олон нийтэд ил болгосон орлого гэдэг их далайн дусал төдий. Порошенкогийн Одесс дахь зарим нэг бизнес төсөлтэй холбоотой орлого үүнд огт ороогүй” хэмээн хэвлэлд бичсэн байна. Мөн түүнийг өндөр дээд албан тушаал хашиж буйн хувьд мэдээлэлд ойр байгаагаа ашиглан тогтворгүй эдийн засгийн хаялгаар үнэ цэнээ алдах үнэт цаас, хувьцаанаас цагийг нь олж ангижирч чадсан давуу талтайг ч дурдсан байна. Учир нь түүнээс хэтэвчний хэмжээгээрээ ялгараад байхааргүй олигархиуд, тэдний нэг Ахметов л гэхэд толгой эргэмээр их мөнгөө хувьцааны үнийн уналтаас болж алдсан юм. Порошенкогийн амжилттай яваа бизнесийн нэг нь чихэр шоколадны үйлдвэрлэл. Түүний нэг үйлдвэр нь Орост, өөр нэг нь Липецкт байдаг. Хэдийгээр Орос, Украины харилцаа тааламжгүй байгаа ч Порошенкогийн үйлдвэрүүд урьдынхаараа ашиг орлого арвинтай ажилласаар. 
 
В.ПУТИН ЦАЛИНГААС ӨӨР ОРЛОГОГҮЙ 

ОХУ-ынТөрийн тэргүүнийг цалингаас өөр нэмэлт орлого байхгүй гэдэг. Владимир Путин 2014 онд 7,6 сая рублийн орлого олсон нь өнгөрсөн жил Орос даяар төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнтэй холбоотой гэсэн тайлбарыг түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна билээ. Өнгөрсөн жил гаргасан мэдүүлгээр нь бол 2013 ондВ.Путин 3,67 сая рублийн орлоготой байжээ. Харин түүний өмнөх жил нь 5,79 саяыг олсон. Путин хэзээ ч бизнес эрхэлж байгаагүй. Түүнд хувьцаа, хувь нийлүүлсэн хөрөнгө гэхээр юм ч байгаагүй. Тэр төрийн алба л хашиж ирсэн, төрөөс авч буй цалин л түүний цорын ганц орлогын эх үүсвэр юм бол хаанаас ийм их хөрөнгөтэй болоод байна вэ гэсэн асуулт бас хардлага оросуудын дунд байдаг. Гэхдээ “В.Путиний хувьд бүх зүйл нь бэлэн.Тэр хоол хүнс, хувцас хунар, унаа унаш гээд юунд ч мөнгө зарах хэрэггүй учраас цалингаасаа нэг копейк ч үрэлгүй хадгалах боломжтой” хэмээн өмөөрөх хүн захаас аваад таарна.Тэгээд ч Владимир Путин цалингаас өөр орлогогүй цорын ганц Төрийн тэргүүн биш. Авдаг цалингаасаа буяны үйлст дийлэнхийг нь хандивлачихаад сууж байдаг хүмүүсээс ч тэр өөр. Хүүхдүүд нь том болж, тусдаа амьдралтай болсон гоонь эрд мөнгөний хэрэгцээ ч юу байх билээ гэхчилэн оросууд Төрийн тэргүүнийхээ хэтэвчийг тэмтэрч хэлэлцсэн зүйлсийн талаар цахим ертөнцөд хангалттай их мэдээлэл бий.