“Хас” -ын хулхи, “Моби” -гийн молиго лото ба доширакийн сугалаа
2015/05/01
Хэдэн жилийн өмнө “Хас банк”-наас “Хас лотто” зарлаж азтан болсон хадгаламж эзэмшигчиддээ байр, машин амлаж байлаа.
Удалгүй “Хас лотто”-ны сураг тасарсан. Бодвол амалсан шагналаа азтанууддаа өгсөн л байх. Сураг тавих нь ээ, нөхдүүд Хууль зүйн яамнаас тусгай зөвшөөрөл авч явуулдаг лоттог Маркетингийн албаныхныхаа хүрээнд дур мэдэн шийдээд явуулчихсан бололтой юм. Түүнийг нь анзаарсан нэгэн иргэн холбогдох газарт нь гомдол гаргаснаар хууль бус “Хас лотто”-г таслан зогсоожээ.
Саяхнаас нэгэн тавилгын дэлгүүр мөн л “Супер лотто” зарлаж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 155 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт зааснаар “төлбөрт таавар" гэж тоглогчийн мэдлэг, ур чадвараас үл хамааран ялагчийг тодруулах, зохион байгуулж буй этгээд нь энэ үйл ажиллагаанаас ашиг олох, эсхүл өөрийн бизнесийн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх зорилгоор зохион байгуулах бүх төрлийн спортлото, лото, бинго, буухиа таавар, аттракцион, автомат тоглоом, цахим хүрд, зэргийг хэлнэ” гэжээ.
Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага ашиг орлого олох, бизнесийн үйл ажиллагаагаа идэвхижүүлэх зорилгоор лотто зарлах гэж байгаа бол Хууль зүйн яамнаас тавьсан тодорхой шаардлага стандартуудыг хангаснаар гурван жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авдаг журамтай юм байна. Ингэж журмаар зохицуулж өгсөн нь тухайн байгууллага худалдан авагч нарыг татаж, бизнесийн ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгоор лотто, сугалаат худалдаа зарлахдаа “азтан болсон хүмүүст олгох шагналын эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, шалгаруулалтыг хэрхэн шударгаар явуулах вэ” гэсэн асуудалд хяналт тавих зорилготой. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яамнаас тусгай зөвшөөрөл авалгүйгээр лотто зарлаж байгаа бол тэр компани сугалаат худалдаа, лоттог шударгаар явуулж байгаад итгэхэд хэцүү гэсэн үг. Энгийн сугалаат худалдаа явуулахад ч гэсэн Сангийн яамнаас зөвшөөрөл авах ёстой байдаг.
Үүнд тавих хяналт суларснаас хэн дуртай нь сугалаат худалдаа, лотто зарлаж, телевизээр залхтал рекламдах боллоо. Сүүлдээ бүр “Доширак бэлэн гоймонгоо идээд автомашинаа хожоорой” гэх боллоо. Үүнд хяналт тавьж ажиллах ёстой Хууль зүйн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юу хийж байдаг нь сонирхолтой. Компаниуд хуулиа мэддэгүйгээс юм уу, эсвэл мэдэн будилдаг ч юм уу ингэж нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болохуйц арга хэмжээ зохион байгуулж байгаа нь иргэдийг төөрөгдүүлж, хууль бусаар ашиг орлого олж байгаагийн нэг хэлбэр шүү дээ.
Үүрэн телефоны операторууд үе үе “Мобилотто”, “хусаад хож” гэх мэтчилэн урамшуулалт худалдаа зарладаг. Энэ нь үнэхээр бодитой, шударгаар явагддаг эсэх, азтан тодруулах процесс нь ямар техник технологи ашигладаг гэдэг нь ойлгомжгүй байдаг.
"Мобилотто“"-той холбоотой нэгэн бичлэг олон нийтийн сүлжээгээр шуугиан тарьж байсныг санаж байна. Тэр бичлэгт азтан болох хүний лоттоны дугаарыг урьдчилаад бэлдчихсэн байсан талаар гардаг. Тэр бичлэг бодитой, эсвэл хуурамч эсэхийг хуулийн байгууллага нягталж тогтоосон үгүйг мэдэхгүй юм. Гэх мэтчилэн хуулиас гадуур, иргэдийг төөрөгдүүлсэн хонжворт сугалаа, лоттоны асуудлыг цэгцлэх шаардлагатай болжээ.
Зочин · 2015/05/01
SOHOg ***lga