Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өнгөрсөн 2012 оны сонгуулиар Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулж, Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа тус дүүргийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байгаа билээ. Харин тэрээр эрх мэдлийг гартаа авсан цагаасаа эхлэн хууль бус үйлдлээр төлөөлөгчдийнхөө урамшууллын мөнгийг авч эхэлсэн байна.

 

ИТХ-ын төлөөлөгчдөд хуралд оролцсон байдлыг нь харгалзан үзэж улиралд нэг удаа урамшуулал олгож болох тухай холбогдох журамд заасан байдаг. Энэ мөнгөний дээд хэмжээг 5 сая төгрөг байх ёстойг НИТХ-ын тогтоолоор баталсан. Харин Д.Пүрэвдаваа Засаг дарга БЗД-ийн 

 

ИТХ-д өөрийн намаас сонгогдсон 31 төлөөлөгчдийн урамшуулалын мөнгийг дүүргийнхээ намд “хандив” нэрээр авах шийдвэрийг гаргаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзжээ. 2013 онд тухайн дүүргийн төлөөлөгчийн улиралд авдаг урамшуулал 2,5 сая байсан бол 2014 оноос энэ мөнгийг 5 сая болгосон байна.

 

Ингээд жаахан тоо бодоё. 2013 онд нэг төлөөлөгч улиралд 2,5 сая, жилд 10 сая төгрөг авсан бөгөөд нийт 31 төлөөлөгчийн 310 сая төгрөгийг БЗД-ийн АН-даа “хандивлажээ”. Харин 2014 онд энэ тоо 620 сая болсон байна. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд тухайн намд хандив өгч болох бөгөөд ингэхдээ иргэн хүн 1 сая, байгууллага 10 сая хүртлэх мөнгийг хандивлаж болох тухай тодорхой заасан байдаг. Ийнхүү хандив авч байгаагаа Д.Пүрэвдаваа “2012 оны сонгуулиар манай намд өгсөн хүн бүрт 10 мянган төгрөг өгөх учраас” гэж хурал дээрээ хэлсэн гэдгийг гэрчилэх хүмүүс нилээд байгаа юм.  

 

Ингэж “хандив” нэрээр дээрэм хийж байгаа үйлдлийг нь эсэргүүцэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Буянжаргал энэ асуудлыг АТГ, шүүхийн байгууллагуудад хандсан ч амжилт олоогүй аж. Учир нь шүүхээс энэ асуудал нь Ардчилсан намын дотоод дүрмээр шийдэгдэх асуудал гэж үзжээ. Энэхүү тайлбарыг Д.Пүрэвдаваа шүүх байгууллагад өгсөн байдаг. Гэтэл энэхүү урамшуулалын мөнгийг Улсын төсөвт суутгаж, төлөөлөгчдөд өгдөг. Нэг үгээр хэлбэл татвар төлөгч та бидний төлсөн мөнгөнөөс гаргадаг гэсэн үг. Харин чухам ямар хуулийн зүйл заалтыг үндэслэж Д.Пүрэвдаваа дээрх тайлбарыг хийж, түүнийг нь шүүхээс хүлээн зөвшөөрснийг л огт ойлгохгүй юм. Хэн дуртай нэг нь албан тушаалд очингуутаа улсын төсвийн хөрөнгө, татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөөлөгчдөд олгосон мөнгийг нь өөрийн дураар намдаа авч ашиглаж байгаа нь харамсалтай. Энэ хэрээр аливаа нэг намыг санхүүжүүлэхэд зориулагддаг юм бол хуруу хумсаа хугалах шахам байж олсон цөөхөн хэдэн төгрөгнөөсөө “татвар” нэрийдлээр хураалгах хэрэг байна уу?

 

Энд зүгээр нэг намын гишүүдийн хайрт намдаа өргөж буй хандивын тухай огт яригдаагүй гэдгийг эрхэм уншигчид болон холбогдох албан тушаалтанууд ойлгосон байх. Тийм ч учраас татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө санхүүжүүлж байгаа БЗД-ийн АН, түүний дарга Д.Пүрэвдаваагийн энэхүү бусармаг үйлдлийг Ардчилсан намыг удирдлага, холбогдох хууль хяналтын байгууллагынхан шалгаж, зохих шийдвэрийг гаргана гэдэгт итгэж байна.     

 

ЧОЙ