Нийслэлийн хэмжээнд улсын болон хувийн бага, дунд сургуульд элсэх зургаан настнуудын бүртгэл өнгөрсөн долоо хоногт албан ёсоор эхэлсэн. 2015 оны шинэ хичээлийн жилд 2009 оны нэгдүгээр сарын 1-нээс 2009 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрүүдэд төрсөн бүх хүүхдийг хамруулан, зургаан настнуудыг бүртгэх юм.

Харин таван настангууд буюу 2010 оны нэгдүгээр сараас хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй гэдгийг албаныхан анхааруулж байна. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд хүүхдээ сургуульд бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлэн, хаана, хэрхэн хандах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд хүргэж байна.

Бүрдүүлэх бичиг баримт

Хүүхдээ бүртгүүлэхдээ эцэг, эх, асран хамгаалагч нь заавал өөрийн биеэр хүүхдийн хамт очих бөгөөд дараах бичиг баримтыг бүрдүүл­сэн байх шаардлагатай. Үүнд:

• Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар

• Эцэг, эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь  болон хуулбар

• 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зураг

Хаана бүртгүүлэх вэ?

Оршин суугаа байрлалаас хамаарч аль сур­гуульд хүүхдүүдийг бүртгэх тухай  нийслэлийн Боловсролын газрын даргын тушаал гарч, “ЕБС-иудын хамран сургах тойрог”-ийг дөрөвдүгээр сарын 23-нд шинэчлэн баталлаа.

Мөн энэ талаарх http://www.edub.edu.mn/ дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Тухайлбал, Баянгол дүүргийн 10, 13, 22 дугаар хороонд оршин суудаг бол 13 дугаар сургуульд, 23,11,12 дугаар хороонд бол 28 дугаар сургуульд, 18, 19 дүгээр хорооныхон 47 дугаар сургуульд, 9, 10, 21, 22 дугаар хорооных бол 113 дугаар сургуульд бүртгүүлэх юм. Харин нэг, гуравдугаар хороо болон Өртөөний хүүхдүүд 73 дугаар сургуульд, 20 дугаар хороо 19 дүгээр дунд сургуульд, дөрөвдүгээр хороонд оршин суудаг бол 20 дугаар сургуульд тус тус бүртгүүлнэ.