С.Сарантуяа: Хүн хүнээ энэрч хайрлах сэтгэл үгүйлэгдэж байгааг “Үгүйлэгдсэн хайр” жүжигт харуулж байгаа
2015/05/06
Төрийн соёрхолт, АУЗ Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр”жүжиг анх 1988 онд УДЭТ-ын тайзнаа тавигдаж найруулагч Э.Санчигдан, хөгжмийн зохиолч УГЗ Г.Алтанхуяг нар ажиллаж, АЖ Л.Жамсранжав, Төрийн соёрхолт, АЖ Н.Сувд, АЖ Ц.Гантөмөр, АЖ Г.Мягмарнаран, АЖ Д.Мэнбаяр, АЖ Ж.Лхамхүү,МУГЖ З.Жарантав, СТА Ж.Дорлигжав нар тоглон, үзэгчид болон мэргэжлийн судлаачдаас өндөр үнэлгээ авч байжээ. Дараа нь уг жүжгийг 2005 онд СТА Ч.Түвшин дахин сэргээж АЖ Ц.Гантөмөр, АЖ Д.Мэндбаяр, АЖ ГМягмарнаран, АЖ Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, МУГЖ Г.Урнаа нарын театрын дунд үеийнхэн тоглож байсан түүхтэй. Харин эдүгээ Э.Санчигдан найруулагчийн найруулсан уг жүжгийг түүний анд УГЗ Ч.Найдандорж, зураач Б.Төмөрхуягийн хүү СТА Т.Аянга нар сэргээн тавьж АЖ С.Сарантуяа, СТА Л.Дэмэдбаатар, СТА Г.Амгаланбаатар, СТА Б.Нармандах, СТА Д.Баттөмөр, СТА Ц.Цэрэнболд, СТА Г.Отгонцэцэг зэрэг залуу жүжигчид тоглож байна. Ийнхүү үе үеийн театрын ахмад, дунд, залуу үеийн чадварлаг уран бүтээлчид тоглож үзэгчдэдээ хүргэсээр байгаа билээ.
Уг жүжиг өнөө үед хүн хүнээ үгүйлэн хайрлах, энэрэх сэтгэл хомсдож байгаа тухай өгүүлж, үзэгчид оюун ухаандаа хүний сэтгэл, энэрэл хайрын тухай эргэцүүлэн бодохуйц ухаарал хайрлаж байгаагаараа ач холбогдолтой. Үүний зэрэгцээ энх амьдралын үнэ цэнэ, цэрэг эрсийнхээ байгуулсан түүхэн гавьяаг уран бүтээлээр дамжуулан сурталчлах, дайнд оролцогчид, ахмад дайчдынхаа агуу үйл хэргийг хойч үедээ таниулан сурталчлах, тэдний эх оронч сэтгэлгээг залуу үедээ өвлүүлэх зорилготой аж. Тус жүжгийн ээжийн дүрд тоглож байгаа АЖ С.Сарантуяатайгаас тодруулга авлаа.
-1986 онд анх тайзнаа тавигдаж тухайн үеийн үзэгчдийг хошууруулж байсан “Үгүйлэгдсэн хайр”жүжгийн онцлог юу вэ?
-Өнөөгийн нийгмийн хөгжлийн хурдыг дагаад хүн гэдэг маань хамгийн ойрын энгийн зүйлүүдээ орхигдуулсан байна. Хичнээн энгийн хэрнээ хамгийн үнэ цэнэтэй байдаг зүйл бол хайр юм. Тиймээс энэ жүжигт гэр бүлийн дотор, эх үрийн хооронд ямар хайр үгүйлэгдээд байна, гэр бүл бүтэн байхад эр хүний ямар хайр үгүйлэгдээд байгаа юм, хамт олон дотор ямар хайр үгүйлэгдээд байгаа юм гэдгийг тодоор харуулсан байгаа. Энэ бүгдээс эргээд харахад ерөөсөө л энгийн мөртлөө орхигдуулсан хайрын тухай өгүүлдөг юм л даа. Энэ нь эцсийн эцэст энэ сайхан эрин цаг үеийг бий болгосон ахмадуудынхаа ажиллаж хөдөлмөрлөж тэмцэж явсныг мөн л орхигдуулаад тэд маань бас юу өгүүлээд байна вэ гэсэн олон хайр, олон хүрээнд үгүйлэгдэж байна. Тийм учраас энэ жүжиг маань “Үгүйлэгдсэн хайр” нэртэй юм.
-Та 2005 онд Түвшин найруулагчийг сэргээн тавихад тоглож байсан. Энэ үе, одоогийн бүтээж буй дүр хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Би өмнө нь Үйлдвэрчний хорооны даргын дүрд тоглож байсан. Харин энэ удаа ээж бөгөөд үл таних эмэгтэй гэсэн дүр дээр ажиллаж байна.Яагаад театр энэ жүжгийг тавиад байна вэ гэвэл энэ цагт зохиолчийн маань хэлэх гэсэн санаа үгүйлэгдэж байна гэсэн үг.
-Сая та бүхэн орон нутгаар тоглоод ирлээ. Тэд драмын урлагаар хэрхэн цангасан байна вэ?
-Энэ удаа театрын бодлогоор уран бүтээлийнхээ багийг урьдынхаас томоор бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл 74 хүн яваад ирлээ. Ялангуяа Эрдэнэтэд 4 өдөр тоглоход тайз пиг дүүрч, хажуугаар нь хүмүүс суучихсан харагдсан. Ер нь их сайхан хүлээж авсан.
Д.Гэрэл