Олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр Азийн аварга боллоо. Тэрбээр Катарын Доха хотноо зохион байгуулагдаж буй бөхийн чөлөөт барилдааны 57 кг-ын жинд хүч үзсэн юм. Манай тамирчин дэлхийн оюутны аварга Японы Ф.Моришитаг 5-0, Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Рахул Аварег 8-5, Инчон-2014 Азийн наадмын аварга Ардчилсан Солонгосын Жон Хак Жинийг 3-2, дэлхийн оюутны Универсиад наадмын дэд аварга Кыргызстаны С.Надырбек-Улуг 4-1 оноогоор ялж Азийн аварга боллоо. Э.Бэхбаярт болон түүний багш дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат тамирчин А.Энхээ, олон улсын шүүгч Л.Болормаа нарт баяр хүргэе.

 

Дашрам дуулгахад, тус тэмцээний 74, 97, 125 кг-ын жингийн тамирчид болох Д.Гомбодорж, Д.Хүдэрбулга, Н.Золбоо нар визаны зөрчлийн улмаас Катарын хил давж чадаагүй учир гурван тамирчны оронд Дохад тамирчдаа дасгалжуулахаар очсон багш нар  барилдсан. Учир нь Азийн аваргад бүтэн багаар оролцож байж ирэх намар болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүтэн багаар оролцох эрхтэй болох юм.

Өөрөөр хэлбэл, манайхан Дохад 74, 97, 125 кг-ын жинд тамирчнаа барилдуулахгүй бол ирэх намар ЛасВегаст болох ДАШТ-д эдгээр жинд бөхөө илгээх боломжгүй болох байсан юм.

Д.Ана