Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон энэхүү цомын эздийг тодруулан урамшуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй эл ёслолын ажиллагааг БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор өмнөх жилүүдээс өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж буйг уран бүтээлчид онцолж байна.

Шалгаруулалтыг 2014 онд хийж бүтээсэн уран бүтээлээр нь нэр дэвшүүлэн “Шилдэг найруулагч”, “Шилдэг зураач”, “Шилдэг жүжигчин”, “Шилдэг дуучин”, “Шилдэг хөгжимчин”, “Шилдэг бүжигчин”, “Шилдэг өв тээгч” гэсэн төрлөөр шалгаруулжээ.

Тайз, дэлгэцийн шилдэг найруулагчаар Төрийн соёрхолт, МУГЖ, найруулагч Д.Сосорбарам шалгарч Мөнгөн модны эзэн боллоо. Тэрбээр шагналаа гардах мөчид, “Авьяасыг гурван сая төгрөгөөр үнэлж байгаад баярлалаа. Авьяас үүнээс илүү үнэд орохыг ерөөе. Миний хувьд 2014 он олз, амжилтын жил байлаа. Өөртөө их баярлаж байна. Намайг надаас өөр хүн үнэлэхгүй. Иймээс өөрийгөө магтъя. Авьяас тэр чигээрээ мөнх шүү. Авьяасыг мөнгөтэй болгоход ташуур өгч байгаарай” хэмээн өөрийн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан "Намайг өдий зэрэгт хүргэж боловсруулж мэргэшүүлсэн театрын хамт олон, найруулагч нартаа баярлалаа" гэж УГЗ Ч.Найдандоржийн найруулга, Нобелийн шагналт зохиолч Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийн Антониагийн дүрээр “Шилдэг жүжигчин”-ий шагналыг гардан авахдаа хэллээ. 

Харин “Шилдэг бүжигчин”-ээр “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэл, “Шилдэг дуучин”-аар ЦДБЭЧ-ын дуучин Ч.Бадрал, “Шилдэг хөгжимчин”-өөр “Домог” хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Гени, “Шилдэг зураач”-аар Н.Батжаргал, “Шилдэг өв тээгч”-ээр Урианхайн алдарт туульч А.Балдандорж нар тус тус шалгарсан юм.

Энэхүү шилдгээр шалгарсан уран бүтээлч тус бүр “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн эзэн болов. Уран бүтээлчдийнхаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дашрамд дуулгахад, Чөлөөт хос жүжиг нь "Гэгээн Муза 12" олон улсын театрын наадамд Хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшиж байгаа бөгөөд энэ сарын 17-нд 18:00 цагаас ганцхан удаа тоглох юм.