УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өмнөх өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандан үг хэлэх үеэрээ Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгон, хөгжүүлэх төслийг бэлэн болгосон тухайгаа  зарласан билээ.
 
Маргааш нь  Засгийн газар хөрөнгө оруулагч  тал буюу "Шенхуа Энержи", "Сумитомо", "Энержи Ресурс" компаниудын консерциумтай гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэсэн байсан ч УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын хаврын чуулганы нээлтэн дээр хэлсэн үгэндээ хэрэв гэрээнд гарын үсэг зурахыг оролдвол огцруулах асуудлыг өргөн барина гэж хэлснээр уг асуудал саатсан. Улмаар УИХ-аар уг гэрээний төслийг хэлэлцэх ёстой гэсэн шийдвэр гарч, Засгийн газар гэрээг өргөн барьсан ч өдийг хүртэл хэлэлцэж эхлээгүй л байна. Харин УИХ-ын даргын захирамжаар Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлыг судлах зорилготой өөр нэгэн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсгийн эхний дүгнэлтээр бол Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох тендерийг дахин зарлах шаардлагатай гэгдэж буй бөгөөд өөрөөр хэлбэл Засгийн газар, Монгол улсын Сайд М.Энхсайханы боловсруулсан гэрээ бүхэлдээ унах нөхцөл байдал үүсээд байсан юм.
 
 
Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар буюу ҮАБЗ-ийн гурван гишүүн Тавантолгойн гэрээний талаар ойлголцолд хүрэхээр зөвшилцөж эхэлсэн тухай эх сурвалжууд өгүүлж байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийг сонгох ажлын хэсгийн ахлагч, Монгол улсын Сайд М.Энхсайханы  боловсруулж, Засгийн газраас өргөн барьсан гэрээний төслийг эрс өөрөөр эвдэхгүйгээр асуудлыг шийдэхээр болж буй бололтой.
 
Л.Ганзориг