Төв Ази дундаа хамгийн үзэсгэлэнт бүсгүйчүүдтэй орон бол эргэлзээгүй Монгол орон билээ. Тэр ч утгаараа Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт охид бүсгүйчүүдийнхээ дундаас гоо үзэсгэлэн, оюун ухаанаараа манлайлагч шилдэг оюутан миссийг тодруулахаар 13 жилийн турш сураг нь алдараад байсан "Student miss"-ийг "Тансаг Мода" загварын агентлагаас санаачилж, НАМОХ-той хамтран дахин зохион байгуулж байгаа. 

Тэгвэл, "Оюунлаг гоо сайхны төлөө" уриан дор зохион байгуулагдаж байгаа уг тэмцээний эхний шатны шалгаруулалт өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болж өнгөрлаа. Тэмцээнд нийт 55 үзэсгэлэнт оюутан охид оролцсоноос дараагийн шатанд 25 охин тэнцэж үлдсэн юм. 

Энэ шат нь усны хувцас, хар даашинз гэсэн хоёр үе шаттай зохиогдсон бөгөөд тэмцээний шүүгчдээр "Тансаг Мода" агентлагийн захирал Б.Уянга, Дизайнер И.Урангоо, Загвар өмсөгч Б.Галбадрах нар ажилласан. Тэмцээн цаашид оюунлаг, авьяаслаг, хүмүүнлэг, цахим санал зэрэг 5 үе шаттайгаар зохион байгуулагдах аж.


Хамгийн сүүлд мисс Ч.Содтуяа, А.Сарнай нарыг тодруулснаасаа хойш арав гаран жил тасарч, оюунлаг охидын дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан тус тэмцээний шагналын тухайд дурвал, мэдээж тэмцээний тэргүүн байр уламжлал ёсоор "Дэлхийн оюутан мисс"- д улсаа төлөөлөн оролцох эрхэм хүндтэй үүргийг гардаж авахаас гадна, тэмцээний ерөнхий шагналд Хавайн их сургуульд мастер хамгаалах 2 эрх, Miss Mongolia 2015 тэмцээний финалын шатанд шууд оролцох урилга зэрэг тэмцээний ивээн тэтгэгчдийн шагнал, урамшууллууд багтаж байгаа ажээ.