УИХ дахь МАН-ын бүлэг бодлого, шийдвэр, санаачилж буй хуулийн төсөл, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг “Морин цаг”-тай болж буй аж. “Морин цаг”- ийн анхны мэдээлэлд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцож, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал агсныг улс төрийн талаар бүрэн цагаатгах УИХ-ын тогтоолын төсөл санаачилж буйгаа танилцуулав.

Ирэх жилийн есдүгээр сарын 17-нд тохиох Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойтой холбогдуулан МАН-ын бүлгийн 26 гишүүн санаачилсан энэхүү тогтоолын төсөлд гурван асуудлыг тусгасан байна. Нэгдүгээрт, Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар бүрэн цагаатгах, хоёрдугаарт, 1946-1988 онд түүний ажиллаж амьдарч байсан байрыг гэр музей болгох, гуравдугаарт, мэндэлснийх нь 100 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах Засгийн газрын комисс байгуулан, төсөв, хөтөлбөр гаргаж ажиллах санал тусгажээ.