Ц.Элбэгдорж: Төвхнөх айл төмөр замаасаа
2013/06/10
Ардчилсан Намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж төмөр замчидтай галт тэрэгний төв буудлын арын талбайд өчигдөр орой уулзав. Төмөр замчин сонгогчидтой хийсэн уулзалтад Зам тээврийн сайд А.Гансүх, “Улаанбаатар” төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар оролцлоо.
Зам тээврийн сайд А.Гансүх уулзалтыг нээж хэлэхдээ “Нэр дэвшигч Цахиагийн Элбэгдорж бол өнгөрсөн 4 жилд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа шударга ёс тогтоох, шүүх эрх мэдлийг шинэчлэх чиглэлээр их зүйл хийсэн.
Энэ хүн бол ардчиллын алдааг ч засч чадна, ардчиллыг бэхжүүлж ч чадна. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Монгол Улсын төлөө дахин сонгогдсоноор маш их зүйлийг хийж чадна гэдэгт итгэж байна. Ерөнхийлөгчөө дахин нэг дэмжье” гэхэд төмөр замчид “Ерөнхийлөгч өө, Та илүү шүү” хэмээн нэгэн түрлэгээр хэдэнтэй уухайлан дэмжив.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж төмөр замчдын өмнө гарч “Баярлалаа. Би сонгуулийнхаа сурталчилгааг хийж олон газраар явлаа. Иргэд сонгогчдын маань дэмжлэг надад их урам хайрлаж байна. Говиор явахдаа төмөр замчидтай уулзаж саналыг нь сонсож байсан. Олон жилийн өмнө байгуулсан өвгөн төмөр замаа шинэчлэх цаг болжээ. Гэхдээ энэ төмөр зам өнгөрсөн зуунд ч манай хөгжлийн гол тулгуур байсан юм шүү. Зам тээврийн яам, “Улаанбаатар” төмөр замын удирдлага бидэнтэй нэг зүг харж ажиллаж чадвал их өөрчлөлт хийх болно. Ганц хөндлөн төмөр замтай байна гэдэг ганц гарцтай байна гэсэн үг. Одоо бид төмөр замаа хоёр галт тэрэг зэрэгцээд зөрөөд явахаар хос болгох хэрэгтэй. Урд хөрш маань дэлхийн хамгийн том зах зээл. Тэндээс Монголоор дайраад Европт ачаа хүргэхэд 2 долоо хоног зарцуулдаг. Харин далайгаар хүргэвэл 2 сар зарцуулна. Хос замтай болбол зөвхөн Монгол төдийгүй Азийн бусад орон ч хожих болно. Төмөр замаар тээвэрлэх ачаа өнөөдрийнхөөс хэд дахин өснө. Ингэж бид бүс нутгийн хэмжээнд бодож ажиллах хэрэгтэй.
Дорнодын төмөр замыг өргөтгөмөөр байна. Цаашдаа Хөвсгөлөөр, бас Увсаар урд, хойд хөрштэйгөө холбогдох, Дорнодоос Баян-Өлгий хүртэл төмөр зам тавих болно. Хэдэн мянган км замын тухай би ярьж байна. Тэгэхээр төмөр замд ажиллах боловсон хүчин, ачиж буулгах тоног төхөөрөмж гээд олон зүйл хэрэгтэй. Энэ их ажлыг хийхэд нэг нь чангаадаг, нөгөө нь зүтгэдэг байвал цааш явахгүй. Бүгд нэг ноот дээр тоглож байгаа юм шиг л байх учиртай. Төмөр замын сайн санаачилга бүрийн ард би байх болно.
Өмнө нь нэг нь санал бариад ирэхэд мөнгө байхгүй гэдэг байлаа. Одоо тийм биш ээ. Бид төмөр замаа, орон сууцаа, цахилгаан станцаа барих мөнгө байна. Олон улсын зах зээлээс бид мөнгө босгосон. Бидэнд тэд итгэж байна.
Та нар төмөр замаа Европын стандартад хүргэе гэж байна. Зөвхөн дохиолол холбоогоо Европын стандартад хүргэхэд төмөр замын тээвэр 30 хувь нэмэгдэх болно. Солонгосчуудтай яриа хэлэлцээ хийгээд түлшнийхээ үнийг буулгасан байна. Тиймээс би Гансүх сайдад төмөр замчдынхаа цалинг сая төгрөгт хүргэх хэрэгтэй гэж хэлсэн. Хэрэв бид нүүрснээс шатахуунаа гаргадаг болчихвол үнэ нь хямд болно.
Би Германд айлчлахдаа тус улсын канцлертай уулзаж “Манайх маш их нүүрстэй. Танайх нүүрснээс шатахуун гаргадаг сайн технологитой. Бид танай технологийг авч нүүрснээсээ шатахуунаа үйлдвэрлэмээр байна” гэж хэлсэн. Дэмжсэн. УИХ тоног төхөөрөмжийг нь оруулж ирэхэд татвараас чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Ойрын жилүүдэд бид ажил хэрэг болгоно. Өөрийн шатахуунтай болсноор манай эдийн засаг хэд дахин нэмэгдэнэ. Тэр үед сая төгрөгийн бус хэдэн саяын цалингийн тухай бид ярих болно. Манай инженерүүд өөрсдөө 10 зүтгүүр угсарсан байна. Одоо үйлдвэрийн шугамыг нь авчиръя гэж байна. Энэ бол асар том дэвшил.
Гэр бүлээ бодож сонголт хийх хэрэгтэй гэж би хэлж байгаа. Үүний цаана тэтгэмж, цэцэрлэг, сургууль гээд олон асуудал бий. Хүүхэд төрүүлсэн ээжид 5 биш 24 сарын тэтгэмж өгье гээд судалгаа хийгээд хуулийн төсөл боловсруулаад явж байна. Цэцэрлэгийн асуудлыг бусад оронд шийдсэн жишгээр ойрын 2-3 жилд бүрэн зохицуулна. Улаанбаатарт 80 бага сургууль барих гэж байгаа. Төмөр замчдын ч, бусад хүмүүсийн ч хүүхэд гэрийнхээ дэргэд бага сургуульд сурах боломж бүрдэнэ.
Авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмнийхээ нурууг тэнийлгэнэ гэж 4 жилийн өмнө би хэлсэн. Яагаад гэвэл хотын Засаг даргын тооцоо хийлгэснээр зөвхөн газартай холбоотой авлигаас болж 294 тэрбум төгрөг алдсан байсан. Энэ бол 1200 хүүхэд сурах 100 сургууль гэсэн үг. Зарим хүний гэрийг шалгах гэхээр сандраад сейфээ хог дээр хаясан байна. Тэрийг нь нээгээд үзтэл 500 сая төгрөгтэй тэнцэх юань гарч ирж байна. Авлигачид өнөөдөр их айж байгаа. УИХ дээр намайг үг хэлэхэд хаяад гарч байсныг та бүхэн харсан байх. Тэд өглөө, үдэшгүй нэг зүйлийг залбирч байна. Тэр юу вэ гэхээр “Элбэгдорж л биш бол хэн ч Ерөнхийлөгч болсон яах вэ” хэмээж байгаа юм. Би авлигатай тууштай тэмцэх болно.
“Өөдлөх айл үүднээсээ” гэдэг биз дээ. Тэгвэл та нарт би бас нэг үг хэлчихье. “Төвхнөх айл төмөр замаасаа” Цахиагийн Элбэгдорж гээд бичээд аваарай. Ядрах үе гарвал Ерөнхийлөгчдөө хандаарай. Яагаад гэвэл ядарсан нэгэнд нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Харин намайг энэ сарын 26-ны ганц өдөр дэмжээрэй. Би 4 жил та нарыг дэмжинэ” хэмээн ярилаа.
“Улаанбаатар” төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нэр дэвшигчид “Сонгогдох зам нь дардан байг” хэмээн ерөөж, инженерүүдийнхээ бүтээл “Хоёр загал” зүтгүүрийнхээ загварыг дурсгав. Төмөр замчид ардчилсан авлигагүй Ерөнхийлөгчийнхөө төлөө саналаа өгөх нь ойлгомжтой байлаа.
Н.Мөнх-Ялалт
Зочин · 2013/06/11
Бутарсан самарсан төрөө эмэгтэйчүүд аварч байсан түүхтэй мафижсан төрийг магад цэгцэлж чадах хүн бол эмэгтэй хүн тэр дундаа хатуужил тэвчээртэй Удвал чадна гэдэгт итгэлтэй байгаа шүү