Х.Тэмүүжин: Цагдаагийн албыг өөрчилж байгаа эцсийн зорилгыг хэлэх үү. Цагдаагийн даргаа өөрчлөх гэж байгаа нь тодорхой
2015/05/29
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн хуулийн төслийг ийнхүү жилийн дараа дахин өөрчлөхөөр оруулж ирээд байгаа юм.
1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр УИХ-аас баталсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд цагдаагийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тусгаснаар уг албан хаагчийн эрх үүргээ хэрэгжүүлэх нөхцөлийг анхлан бүрдүүлж өгчээ.Гэхдээ нийгмийн хөгжилтэй уялдан цагдаад итгэж, хүндэтгэлтэй хандаж ирсэн нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдсөн, цагдаагийн алба хаагчийн нийгмийн болон бусад баталгаа бэхжээгүй, цагдаагийн алба мэргэшлийн болж хөгжиж чадахгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна. Хуулийн төсөлд алба хаагчийн эрх, үүрэг, түүнд хориглох зүйл, нийгмийн баталгааг олон улсын хэм хэмжээ, бусад улсын туршлагыг судалж, Монгол орны онцлог, эрх зүйн системд нийцүүлэн, алба хаагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан бүлэг, цагдаагийн тангарагийг өөрчлөн томъёолжээ. Мөн цагдаагийн цолыг “албан тушаалын цол” байсныг өөрчилж, албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан олгодог болгохоор тусгасан байна. Хуульд орж байгаа нэг чухал өөрчлөлт нь галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх, баримт бичиг шалгах, орон байр бусад газар нэвтрэн орох, үзлэг хийх зэрэг үйл ажиллагааг зохицуулсан бүлгийг шинээр нэмж, цагдаагийн төв байгууллагын бүтцийн нэгж, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг тухайлан заасныг ерөнхийлөн зохицуулах хэлбэрээр өөрчилсөн байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Аймгаасаа баян аймгийн Засаг дарга нартай яаж тэмцдэг юм бэ. Энийг засах чиглэлд тодорхой өөрчлөлт оруулах заалт орсон уу. Хоёрт, томилгооны асуудлыг бид олон жил ярьлаа. Цол хуучин хэлбэрлүүгээ орох гэж байгаа гэсэн үнэн үү. Улсын төсөвт 3.4 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэдэг үнэн үү. Цагдаагийн байгууллага жил бүр иргэдэд ажлаа хэзээ тайлагнадаг болох вэ?
Д.Дорлигжав: Томилгооны асуулт нийтлэг асуулт байна. албан тушаалын цол гэдэг хатуу байдлаар хандах биш ажилласан жил, туршлагыг харгалзахаар болсон. Цагдаагийн төсөв 101 орчим тэрбум төгрөгийн төсөвтэй. Хууль батлагдснаар 3 тэрбум төгрөг нэмэгдэнэ. Энэ мөнгө бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны зардалд зарцуулагдах тооцоо байгаа. Хууль сахиулагчдын эрхзүйн байдлын стандарт гэж яриад байгаа юм. Гэхдээ энэ хүмүүс өөр өөр ажил үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс үүнийг тус тусынх нь хуульд нийгмийн асуудлыг тусгах нь зүйтэй гэж үзсэн.
ЦЕГ-ын дарга Р.Чингис: Эрүүгийн цагдаагийн газарт тодорхой нэгжүүд бий. Харьяалал нь УЕПГ-т байгаа. Харьяалал нь ямар байхыг прокурор шийдэж байна. Цагдаа иргэншинэ гэдгийг нэг талруу оруулж болохгүй. Хагас цэрэгжсэн зохион байгуулалттай байдаг. Цагдаа ажлаа тайлагнаж байгаа. Надад аймаг дүүргийн бүх цагдаагийн дарга нар иргэний зөвлөлд ажлаа тайлагнаж энэ мэдээлэл ЦЕГ-т нэгтгэгдэж ирдэг.
Д.Дорлигжав: Цагдаагаар хүн дарамтлуулна гэдэг хууль бус үйл ажиллагаа. Иргэд эрхээ мэддэг бол гомдол гаргаад хариуцлага тооцуулах ёстой.
Н.Энхболд: Цагдаагийн нэр бариад хүн айлгаад явж байна гэдэг аль талаас нь бодсон ч байж болохгүй зүйл. Цагдаагийн нэр бариад хүн дарамтлаад явж байгаа хүнийг цагдаагаас шууд халж байх заалт оруулж болох уу. Ийм бодитой үйл явдал болсныг миний ойр дотны хүн надад ярьсан болохоор сайн мэдэж байна.
З.Энхболд: Хаанахын хэн гэгч цагдаа тэгж байгааг нэр устай нь хэлэхгүй бол цагдаагийн хувцас хуурамчаар өмсөөд хүн дарамтлаад явж байгаа нөхдүүд байдаг. Хэрэв тийм хэрэг гарсан бол Н.Энхболд гишүүн тэр цагдаагийн талаар нэр устай нь Р.Чингис даргад хэлэх хэрэгтэй. Битгий гэмт хэрэг нуугаад бай, гишүүд. Ийм хүнийг яадаг юм бэ, Чингис дарга хариулна уу.
Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис: Бид хүний эрх, эрх чөлөөг дээдэлж ажиллана. Цагдаагийн нэр бариад хүн дарамталсан хүнийг цагдаагийн зөвлөлөөр оруулж хэлэлцээд ажлаас нь халдаг дүрэм үйлчилж байгаа.
С.Дэмбэрэл: ШШГЕГ-ын ажилтнуудтай ярьж байхад цалин нь ичмээр бага юм билээ. Цагдаагийн ажилтнууд бусдаас хараат бус амьдарч чадахаар цалинг нь тогтоосон уу. Ноднин нэг хурандаа ярьж байсан, цагдаагийн байгууллага техник, хэрэгсэл муутай гэж. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Эцэст нь Отгонбаяр гишүүн хөндсөн. Цагдаагийн байгууллагын дотоод хяналтын асуудлыг яаж тусгасан юм бэ. Хүний эрхийг зөрчсөн асуудал гаргалаа гэхэд гадаад хяналтаас гадна дотроосоо хяналт тавих боломж байна уу.
Д.Дорлигжав: Цагдаагийн ажилтнуудын цалинг хуульчилж өгөхөд хүнд. Цалин нэмэх нь битгий хэл хэвийн үйл ажиллагаа явуулах зардал Сангийн яамнаас хүсээд өгөхгүй байна. Мөнгө байхгүй бол хууль батлаад хэрэггүй биз. Сангийн яам сүүлийн үед мөнгө, хөрөнгөтэй холбоотой асуудалд хойрго хандаж байгаа. Цагдаа дотроо Аюулгүй байдлын алба гэж байгаа. Дотоодын хяналт тавих механизм бий.
Х.Тэмүүжин: Одоо үйлчилж байгаа цагдаагийн хууль, хоёр жилийн өмнө өргөн барьсан Цагдаагийн эрх зүйн хуулийг одоо хэлэлцэж байгаа хуультай харьцуулан харахад их зөрүү гарна. Иргэндээ тайлагнадаг, иргэндээ үйлчилдэг хуулийг унагааж байна. Тэнгэрт суудалтай хэдэн дарга нар эрх мэдлээ авч байгаа хууль. Цагдаа алдаа дутагдал гаргадаг нь үнэн. Гэхдээ нийт цагдаа тийм биш. “Нэг үхрийн эвэр доргивол, мянган үхрийн эвэр доргино” гэж нэг үг бий. Дотоод хяналттай холбоотой асуудал бүрхэг болж байна. Хамгийн аюултай нь ганц цагдаа биш өөр бусад төрлийн ажил хийж байгаа албан хаагчид иргэнээ хүндэтгэдэг журам руу оруулах эрх зүйн дэвшил унаж байна. Цагдаа, цагдаа гээд хамаг хариуцлагаа цагдаа дээрээ тохоод суган доогуур нь зөрчил гаргадаг байгууллагууд, хүмүүс нь гараад явчихаар байгаа.
Харамсах гэдэг үгийг олон дахин хэлэлтэй биш. Яахаараа тэнгэрт суудалтай, насан туршдаа эрх мэдэлтэй явна гэж боддог хүмүүс хуулийн байгууллага, хуулийг өөрсдөө зориулж хийдэг юм бэ. Иргэнд зориулсан хуулийг яагаад гоё үгээр халхавч хийж устгадаг юм бэ. Магадгүй өөрөө УИХ-ын хамгаалалтад орно гэж бодож байгаа байх. Яахаараа иргэндээ зориулсан шинэтгэл болгоныг нурааж байдаг юм бэ. Амьдрал дээр болохгүй байгаа асуудал байхад яахаараа дандаа бөгсөө хавчиж, нүд чихээ бөглөж байдаг юм бэ.
Цагдаагийн албыг өөрчилж байгаа эцсийн зорилгыг хэлэх үү. Цагдаагийн даргаа өөрчлөх гэж байгаа нь тодорхой шүү дээ. Хуулиа өөрчлөөд өөрийнхөө хүнтэй ажиллана гээд өөрт нь морь мал шиг зүтгэсэн хүмүүсээ л томилох гэж тэр шүү дээ. Цагдаагийн байгууллагыг шатрын хүү болгох гэж байна. Ерөнхий прокурор байхдаа ч тийм байсан. Хууль зүйн сайд байхдаа ч тийм байна.
А.Бакей: Орон нутгийн цагдаагийн байгууллага энэ хуулийн төслөөр бол Цагдаагийн ерөнхий газрын тэр аймгийн салбар маягтай явах юм шиг байна. Болохгүй юм байхгүй л дээ. Гэхдээ энэ хуульд Засаг даргын Тамгын газар болоод цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа нягт холбоотой байх ёстой. Гэтэл Засаг даргын Тамгын газар, цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны зохицуулалтын талаар бараг алга. Амьдрал дээр ямар ч асуудал гарч болно. Гэтэл энэ хуулин дээр ямарваа холбоо уялдаа алга байна.
Ч.Хүрэлбаатар: Энэ хуулийн төслийг дэмжиж байна. 11 мянган аж ахуйн нэгж хууль хяналтын байгууллагад шалгасан гэж. Ийм дарамтан дор бизнесийнхэн татвар төлөхгүй. Татвар төлөхгүй болохоор улсын орлого бүрдэхгүй. Улсын орлого бүрдэхгүй болохоор цалин тэтгэвэрээ тавьж чадахгүйд хүрдэг. Тийм болохоор хүний эрхийг нэлээд дээдэлсэн хууль батлах ёстой. Цагдаагийн цолны асуудлыг энэ хуульд орж ирсэн хэлбэрээр нь дэмжиж байгаа. Их дээд сургуулийн багш нар олон жил ажиллаж байж цол авдаг. Цагдаагийн байгууллагын цолыг буцаагаад сэргээж байгаа гэдэг агуулгаар нь дэмжиж байгаа. Хүн амын аюулгүй байдлыг хангаж байгаа хүмүүсийн хувьд ажлын хариуцлага гаргахгүй байх тал дээр гэхэд цол нь их чухал байдаг.
Цагдаагийн байгууллагын цолыг өөрчилснийг би ухралт гэж харж байгаа. Цагдаагийн байгууллагын дарга нь Засгийн газраасаа томилогдоод явах нь зөв. Харин тэргүүн дэд, дэд дарга гэж байх ёстой юм уу. Эдийн засаг хүнд байна. Тиймээс агентлагуудын хувьд нэг орлогчтой байх нь зөв.
Д.Хаянхярваа: Хуулийн байгууллагын шинэчлэлтэй холбоотой асуудлыг сүүлийн гурван жил ярилаа. Баахан юм ярьж, ярьж буцаагаад ухарлаа шүү дээ. Яг үнэндээ улс төрийг хууль хяналттай хутгаад байгаагийн нэг илрэл. Жилд нэг аймгийн цагдаагийн даргыг хэд сольж байна шүү дээ. Хүний захиалгаар дарга болсон хүн хуулийг ягштал биелүүлнэ гэж байхгүй. Ядахдаа тэр хүнийг хэн нэгнээс хамааралтай бус ажлуулдаг талаар тусгах нь зөв байх. Цагдаагийн албан хаагч хохирох, хөдөлмөрийн чадваргүй болох гээд мөнгөн дэмжлэгийг оруулж өгсөн байна. Гэхдээ урьдчилж болох эрсдлээс хамгаалж өгөх асуудлыг тусгаж өгөх хэрэгтэй. Ер нь би энэ хуулийг дэмжиж байгаа юм байна.
З.Баянсэлэнгэ: Яагаад энэ хуулийг дэмжихгүй вэ гэхээр хэд хэдэн асуудлыг нарийн тусгаж чадаагүй байна гэж үзэж байна. Гэрч хохирогчийг хамгаалах үүргийг тусгаж өгөх нь зүйтэй байна. ТЕГ-ын ажилтан буюу, АТГ-ын байцаагчийн цалин 1.5-3 сая төгрөгийн цалин авдаг. Гэтэл хэв журам сахиулж яваа цагдаа 500 мянган төгрөг авч байна. Цагдаагийн албан хаагчийн цалинг бодитойгоор нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Цагдаагийн албан хаагчид шарил, цогцос дээр ажилладаг. Гэтэл тэдэнд тийм хүнд нөхцөлд ажилласны мөнгийг өгөхгүй байна. Цагдаагийн албан хаагчийн дарамтуудыг яах вэ. Манай ангийн хүүхэд прокурорын дарамтаас болж нас барсан гунигтай явдал байгаа. Баянзүрх дүүргийн шүүгчийн машины зогсоол дээр цагдаагийн албан хаагч машинаа тавьснаас болоод ёс зүйн хариуцлага хүлээсэн явдал гарсан.
З.Энхболд: Р.Чингис дарга хариулна уу. Улстөрчидтэй хамаатай хүмүүс ажиллаж байна гэх юм. Өнөөдөржингөө цагдаа улстөрчдийн гар хөл болдог гэсэн ойлголт ард түмэнд гишүүд өглөө шүү дээ. Цагдаа улстөрчдийн гар хөл болдог юм уу, Чингис дарга хэлээрэй. Гишүүд тодорхой нэр устай ярина шүү. Хүрэлбаатар гишүүний хэлснээр хүн хардаад байж болохгүй. Тогтоох хэрэгтэй.
Р.Чингис: Тийм мэдээлэл байвал хэлээрэй. Би өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа.
З.Энхболд: Яах юм, санал хураах уу. Суудал чинь тэр чигээрээ хоосон байна шүү дээ. Ардчилсан нам маш хариуцлагагүй байна. Ардын нам маш сайн байна. Бие даагчид “0” байна. Иргэний зориг 50 хувьтай байна.
Ингээд маргааш буюу баасан гаригт санал хураахаар шийдвэрлэснээр чуулганы хуралдаан завсарлав.