Сарын турш маргаан дагуулсан гацууртын ордын талаар хэн юу хэлж буцаав
2015/06/19
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас яаралтай дэгээр оруулж ирсэн гацууртын ордны төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, өөрсдийн саналаа хэлсэн юм. Харин санал хураахад 47 гишүүнээс 32 нь татгалзсанаар Гацууртын ордыг ашиглалтад оруулахыг дэмжсэнгүй. Ийнхүү байр сууриндаа бат зогссон тэднийг харсан УИХ-ын дарга “Засгийн газар хохь нь. 10 гишүүн сайдаа бүгдийг хуралдаанд суулгаад дэмжүүлж чадсангүй” хэмээсэн. Ингээд зарим гишүүдийн байр суурийг уншигч танд хүргэе.
-Судалгаа хийгээгүй байж олборолт явуулах нь буруу-
УИХ-ын гишүүн Г.Уянга: Төслийн үйл ажиллагааны зардал нь 1 тэрбум төгрөг гэдэг нь луйвар. Энэ төсөл яг Оюутолгойн араас орж байна. Сентерра Гоулд Монголд үйл ажиллагаа явуулах ёс суртахууны эрхгүй. Бороо Гоулд гараад явахад Монголын төр 2 сая ам.долларын өртэй үлдсэн. Харин нэг хүн буюу Сү.Батболд 12 тонн алттай болоод баяжсан. Ямаан дээр тэмээний гарз гэж үг байдаг. Оюутолгойгоор л дуусъя.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Манай улсад нийт 400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг. Эдгээрт ажилладаг сэтгүүлчид бодит үнэнийг мэдээлээч гэж уриалмаар байна. Иргэдийн саналыг сонсдог гэж Уул уурхайн сайд хэллээ. Саналыг нь сонсох, хүлээн авах нь ялгаатай. Ордын талбайд мөнх цэвдгийн талаар судалгаа хийгээгүй цагт олборлолт явуулах нь буруу. Ерөнхийлөгч таг дуугуй болчихлоо. Энэ төслийг дэмжихгүй. Хэрэв бид энэ төслийг дэмжвэл юуны эхлэл тавих бол доо. Зарим гишүүд үг хэлэхдээ Ноён уулаа хамгаалчихаад кнопоо дарах болохоор огт өөр байр суурьтай болчихдог. Бид хэдий ядарсан ч өвгөдийнхөө ясыг мэрж идэхдээ тулаагүй. Энэ төсөл манай санхүүгийн хүндрэлийг шийдэхгүй.
Мөн тэнд 500 хүн ажиллахгүй. Тийм олон хүн ажиллах шаардлагагүй. Эхний ордоо луйвардаад амташсан хэрээ 13 гэгчээр орж ирж байна. Хэн ямар санал одоо өгөх нь маш чухал. Уул уурхайн сайд дахин төрийн эсрэг төсөл оруулж ирвэл сайдыг татан буулгах асуудлыг хөндөнө.
-Нинжа нарыг зохицуулвал төслийг дэмжинэ-
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Засгийн газрын зовлонг ойлгож байна. Манай сайд нар гадаад мэргэжилтнүүдээс зөвлөгөө авчээ. Үүний оронд иргэдээ сонс би хувьдаа төслийг дэмжинэ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Монголын анхны төрт улс бол Хүннү. Гэтэл одоо бид тэднийхээ бунхан руу дайрах гэж байна. Засгийн газар энэ төслөө эргүүлээд тат. Сентеррад өөр орд өгч болно. Бид тэднийг хавчихыг бодоогүй. Энэ алтыг авсангүй гээд бид өлсөхгүй. Өөр ордуудаа ашиглая.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Нинжа нарын асуудлыг зохицуулж чадвал энэ төслийг дэмжинэ. Байгаль орчны байнгын хорооны дарга маань хаана байна. Мандал сум 25 мянган иргэнтэй. Үүний 20 мянга нь үгүй гээд гарын үсгээ зурчихсан. Үлдсэн 5000 нь хүүхэд бололтой. Тони Блэйр гээд гадны хүмүүс ирээд буцахаар л манай ажил их сайн явах юм. Ноён уулыг хамгаалах хуулийг нэг гишүүн санаачилсан. Гэтэл одоо ухах гэж байна. Би бүр ойлгохоо болилоо. Ноён уулыг бүхэлд нь хамгаалах гээд байна уу эсвэл аль нэг амных нь тухай яриад байгаа юм уу.