УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө. Энхтүвшин танаа /ил захидал/
2013/06/17
Миний нөхөр Ж. Мэндбаяр танай намын тухайн үеийн удирдлага, бодлого үйл ажиллагааг тууштай эсэргүүцэгч, шинэчлэл, шударга ёсыг тус намд бий болгохын төлөө тууштай тэмцэгч байсныг нь та бүхэн ой санамжид байгаа гэдэгт би итгэж байна.
Түүнчлэн таны толгойлж асан шинэчлэлийн жигүүрийг эхнээс нь сэтгэл зүрхээрээ төдийгүй ил тодоор дэмжин “Намын энэ удаагийн бага хурлаар жигүүрийг албан ёсоор хүлээн хүлээн зөвшөөрөх ёстой. Жигүүрийн ард ямар масс хуримтлагдаад байгааг нам анзаарахгүй байж таарахгүй” гэж ярилцлага өгч байсан нь сонины шарласан хуудсанд үлдсэн нь бий. 2004 оны орон нутгийн сонгуульд оролцсон намынхаа мөрийн хөтөлбөрийг шүүмжлэн өөрийн хөтөлбөрийг боловсруулж бие даан нэрээ дэвшүүлэн, намаасаа нэр дэвшигч “Бишрэлт”-ийн Ундармаатай өрсөлдөн тун ихээр сандаргаж, өрсөлдөгчдөө бус зөвхөн намын “фон”-нд ялимгүй оноогоор ялагдахдаа миний нөхөр “сонгуульд өрсөлддөг муу арга барилыг танай нам ямар сайн эзэмшсэн”-ийг гайхан толгой сэгсэрч байсныг би санаж байна.
Түүний эцэг нь С. Жудаг гэж танай намын “эсэргүү” гишүүн байсан ба хувьсгалтай зэрэгцэн ардчиллын талд баттай зогсож, амьдралынхаа 50 жилийг шударга ёсны төлөө тэмцэлд зориулсан буурал байсныг та төдийгүй олон улс төрчид мэднэ. Миний нөхөр ч гэсэн эцгийнхээ замналаар явсан. Хойшид ч даган ардчиллын талд зогсох байсан биз ээ.
Хэрэг хэзээ ч хуучирдаггүй гэдэг. Ямартай ч танай нам төрийн эрхийг барьж байсан тэр хар он жилүүдэд “Глоб”-ын гэх хэргийг зохион, миний нөхрийг хууль бусаар баривчилж дуулиан дэгдээгээд араас нь “ХЗХ-дын гэх хэргүүд”-ийг коммунистууд бөөн бөөнөөр нь “илрүүлж”, баруун солгойгүй хомроголон баривчилж, дайчлан хурааж, зөв буруугүй яллан шоронд илгээснийг шүүн тунгаах цаг ойрхон байна. Уг хэргийн улмаас зөвхөн Ж. Мэндбаяр түүний ар гэр, үр хүүхэд нь төдийгүй мянга мянган жирийн иргэд хохирон үлдэж, өнөөг хүртэл зовж шаналсаар яваа бурууг танай нам хүлээх учиртай гэж би боддог.
Миний нөхрийг баривчлан хорингуутаа төрийн тусгай албаныхан зодож, тамлан яргалж, тарчлаан зовоож тахир дутуу болгосон, шоронд илгээнгүүтээ хуулиар олгогдсон 9 эрхээс 7-г нь бүрэн ба бүрэн бусаар хязгаарласан, үлдээсэн хөрөнгийг нь хуваан эзэнгүйдүүлж, тонон дээрэмдэж, идэж завшин, үнэгүйдүүлэн гувчуулах замаар хохирол төлөх боломжийг нь бүрэн хаах аргаар хугацаанаасаа өмнө суллагдах эрх зүйн нөхцлийг нь бүрэн хязгаарлаад байгаа нь үнэн бөгөөд 10 жил яс суулгах замаар түүний сэтгэл санаа, бие махбодийг нь мохоох, болж өгвөл “мөхөөх” бодлогыг ШШГЕГ-ын удирдлагууд нь гардан удирдаж, хэрэгжүүлж байсан нь ч үнэн билээ. Танай намын эрх барьсан он жилүүдэд шүүх засаглал доройтож, хуулийг уландаа гишгэж, нугалаа завхарлыг бий болгон өөгшүүлж байсны хамгийн тод жишээ “Глоб”-ын гэх зохиомол хэрэг бөгөөд Монголын шилдэг хөвгүүдийг сорж сорчихоод хэдэн арван мянгаар нь нохой шиг бууддаг жишээ Түмэнгэрэл, харин амьдаар нь тамлан зовоож, яргалан зодож, дарамтлан тарчлаах аргаар бие сэтгэлийг нь мөнхийн дарамт өвчин зовиур, шаналгаанд байлгасаар гөлөг шиг золиослон хаядагийн тод жишээ нь Мэндбаяр. Миний нөхрийн төдийгүй ар гэр, ах дүүсийнх нь бүх хөрөнгийг хуу хомроголон хураах замаар овог омгоор нь давхар яллаж, амьдралыг минь туйлд нь хүртэл доройтуулсан зовлонг тоочоод баршгүй ээ. Өчнөөн сар нөхрийнхөө хамт ганц худгийн өмхий харанхуй нүхэнд хоригдоод эцэст нь ялтай, төлбөртэй салж, өндөр настай суумгай эхийгээ түрээд, хэдэн балчир хүүхдүүдээ хөтлөөд луйварчин нэр зүүж шалдан нүцгэн үлдсэн миний бие танай намын энэ харгис залгамж чанарыг миний нөхрөөр дуусаасай, миний туулж өнгөрүүлсэн зовлонг хойшид олон эхчүүд, эхнэрүүд бүү үзээсэй хэмээн залбирч суудаг аа. Ямар ч байсан сайн цаг ирж миний нөхөрт бие сэтгэлд нь учруулдаг төрийн харгис дарамт арилсан.
. Ямар ч байсан арван жилийн өмнө миний нөхөртэй хамт шударга ёсыг ярьж байсан Та намынхаа дарга болж, миний нөхрийн үзэл бодлоо нэгтгэж байсан жигүүр нь намынхаа толгойд гарч, арваад жилийн өмнө миний нөхрөөс санхүүгийн дэмжлэг хүсч, авч байсан нөхдүүд өдгөө өсч өндийн тус намын хөрөнгөлөг, нөлөөтэй, шилдэг боловсон хүчнүүд болсон төдийгүй УИХ-ын гишүүний сэнтийд хүрчээ. МАХН буюу одоогийн МАН-ын хамгийн хүнд үе болох 1991 онд тус намд бүтэн сарын цалингаа хандивлан элсч байсан миний нөхөр Ж. Мэндбаяр нь танай намын удирдлагуудын хүсэлтээр 1992 онд томоохон арга хэмжээг нь санхүүжүүлж байсан, 2004 оны УИХ-ын сонгуулийн зардалд багагүй мөнгө хандивлаж байсан, тус намын гишүүн Сарангэрэлийн хүсэлтээр, өнөөдөр танай намын том дуу хоолой болсон ТВ5-ыг ангаахай байхад нь аманд нь ахиухан хоол хийж өгч байсан, Хүрэлсүх, Содбаатар нарын хүсэлтээр АСЗХ-ны 2005 оны томоохон арга хэмжээнд санхүүгийн дэмжлэг үзүүлж байсныг та бүхэн мартчихсан байх учиргүй билээ.
Танай нам төрийн толгойд байх үед “Глоб”-ын хөрөнгөөр хэн хэрхэн тоглосныг энэ засаг шалгаж байгаа. Харин Ж. Мэндбаярыг хэлмэгдүүлсэн асуудлыг сөхөн шалгаж, үнэн мөнийг тогтооход таны болон танай намын зүгээс дорвитой идэвхи, санаачлага гаргана гэдэгт би итгэж байна. Түүнчлэн луйварчны эхнэр, хамтран залилагч нэртэй үлдсэн надад ажил төрөл ч олдохгүй, бид өнөөдөр ядуу өрх гэсэн гэрчилгээ гардан, өөрийн гэсэн орох орон ч үгүй зовлонгийн далайд сэлж явааг та мэдэхгүй байгаа байх л даа. Бидэнд одоо намын зүгээс санхүүгийн бодит дэмжлэг үзүүлхийг хүсэе.
Агтны хариу жилдээ гэдэг дээ.
“Глоб кредит” ХЗХ-ны дарга, “Глоб интернэшнл групп”-ийн захирал асан Жудагийн Мэндбаярын гэргий М. Цэцэгмаа
Холбоо барих утас: 9917-5544
Жич: Таны туслахад уг захидлаа гарт нь өгөөд 10 гаруй хонолоо. Танд эс хүрсэн гэж үзээд хэвлэлээр хүргүүлж байгааг минь болгооно гэдэгт найдая.