Сонгогч таньд өгөх судлаачийн зөвлөгөө Др. Л. Мөнх-Эрдэнэ/

 Л.Мөнх-Эрдэнэ нь МУИС-ийн багш бөгөөд 2004 онд Япон улсын Хоккайдо Их Сургуульд доктор хамгаалсан бөгөөд 2008-2009 онд АНУ-ын Стэнфордын Их Сургуулийн Хүмүүнлэгийн Судалгааны Төв болон Фрийман Споглийн нэрэмжит Олон Улсын Судалгааны Хүрээлэнд Хүмүүнлэгийн ухааны болон Олон Улсын Харилцааны зочин судлаач, 2009-2011 онд Австрийн Шинжлэх Ухааны Академид Лийз Мейтнерийн нэрэмжит эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 2012-2013 онд АНУ-ын Принсетоны Тэргүүлэх Судалгааны Хүрээлэнгийн (Institute for Advanced Study) Түүхийн Сургуулийн Орчин Үеийн Олон Улсын Харилцааны хэсэгт Жорж Кеннаны нэрэмжит зочин судлаачаар тус тус ажиллаж байсан бөгөөд Монголын түүх, улстөр, нийгмийн асуудлаар судалгаа хийдэг болно.

Хямардаг, Гацдаг тогтолцоо, Гашуун туршлага

Монголын ард түмэн, сонгогч та бид эдүгээ 1997-2000 оны хар дарсан зүүд шиг он жилүүдийг дахин сонгох уу эсвэл дор хаяхад улс төрийн тогтвортой байдлыг сонгох уу гэдэг сонголтын босгон дээр ирээд байна. Тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч нь улс төрийн зорилготой хоригууд дахин дахин тавьсан, засгийн газраа удаа дараалан огцруулсан, улс төрийн сөрөг хүчин нь улс төрийн ашиг хонжооны үүднээс Улсын Их Хуралын хуралдааныг 1998 он шиг олон удаа орхин гарч боомилсон, тэр ч бүү хэл засгийн газраа байгуулж чадахгүй 1998 оны ихэнх хугацааг өнгөрүүлсэн шиг, төрийн үйл ажиллагааг гацаанд оруулж улс орны өмнө тулгараад байгаа хойшлуулшгүй асуудлуудыг шийдэх нь битгий хэл харин ч сонгогч та бидний татварын мөнгийг улс төржсөн хэрүүл маргаандаа үр ашиггүй шатаасан он жилүүдийг дахин сонгох уу эсвэл улс төрийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн үүдийг сонгох уу гэдэг сонголтын босгон дээр сонгогч та бид тулж ирээд байна.

            1992 оны Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоо, түүнд Ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдэл ямар учир холбогдолтой, үр

дагавартай байж болохыг задлан шинжилж, улмаар оршин буй төрийн тогтолцооны нөxцөлд сонгогч та бид ямар сонголт хийвэл хамгийн ухаалаг сонголт байх вэ гэдгийг судласан судлаачийн хувьд сонгогч таньтай ярилцаж байгаа юм. Харамсалтай нь 1992 оны Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоо маань өөрөө төрийн үйл ажиллагааг гацаанд оруулж, тэр ч байтугай засгийн газраа ч байгуулах чадваргүй болгож, ужиглан сунжирсан улс төрийн гүн гүнзгий хямралыг дагуулж болох, дагуулж ч байсан аюултай тогтолцоо байгаа юм. Ерөнхий сайдыг томилоход Ерөнхийлөгчийн эдлэж байсан намуудтай зөвшилцөх болон ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д оруулах, УИХ-ийн баталсан хуульд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавих эрх нь улс төрийн ихээхэн ноцтой үр дагавартай эрх мэдлүүд юм. Ерөнхийлөгч, УИХ-ын олонхи хоёр хоёр өөр өрсөлдөгч улс төрийн нам, хүчний хяналтад очсон тохиолдолд энэ тогтолцоо нь намуудын харилцан адилгүй улс төрийн байр суурь, зөрөлдөөний улмаас улс төрийн тогтворгүй байдал, хямрал дагуулдаг төдийгүй төрийн үйл ажиллагааг ч гацаанд оруулж болох, оруулж ч байсан аюултай тогтолцоо байгаа юм.

Чухам тийм учир миний бие 1993 оны 1-р сард Үндсэн хуулийн нэг жилийн ойгоор, ялангуяа 1997 оны 5-р сард Ерөнхийлөгчийн сонгуулийн үеээр Үндсэн хуулийн тогтолцооны энэхүү эгзэгтэй байдлыг онцлон тэмдэглэж тухайн үед Ардчилсан Холбоо Эвсэл (АХЭ) парламентын олонхи байж, Засгийн газрыг бүрдүүлж байсан тул, МАХН-аас нэр дэвшигч Н. Багабанди сонгуульд ялвал улс төржсөн хоригууд тавигдаж, төрийн үйл ажиллагааг гацаанд орж, улс орны өмнө тулгарсан онц чухал, шийдвэрлэх асуудлыг төр засаг шийдвэрлэх чадваргүй болох төдийгүй, улс оронд улс төрийн тогтворгүй байдлыг үүсэх болно гэж анхааруулан бичиж сонин хэвлэлд нийтлүүлж байсан билээ.

Харамсалтай нь Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн Н.Багабанди ялж, улмаар улс төрийн зорилготой хоригууд удаа дараалан тавигдаж, улс төрийн тогтворгүй байдал үүсч, асар богино хугацаанд гурван ч засгийн газар солигдоход хүрсэн төдийгүй, АХЭ-ээс Ерөнхий сайдад удаа дараалан нэрийг нь дэвшүүлсэн Д. Ганболд (7 удаа), Г. Ганхуяг (3 удаа), Э. Бат-Үүл (1 удаа) нарыг ерөнхийлөгч зөвшилцөх эрх мэдлээ ашиглан дахин дахин няцаасны улмаас 1998 оны ихэнх хугацаанд Монгол улс засгийн газраа байгуулж чадахгүй байсан бөгөөд, чухам энэ хямралын дунд Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С. Зориг харамсалтайгаар амь үрэгдсэн билээ. Мэдээж энэ жилүүдийн хямралын улмаас Ардчилсан Холбоо Эвсэл улс төрийн томоохон торгууль хүлээж 2000 оны сонгуульд ялагдсан боловч хамгийн том ялагдалыг чухамдаа сонгогч та бид, Монголын ард түмэн, Монгол улс хүлээсэн юм. Сонгогч та бид, Монгол улс бүхэл бүтэн гурван жил бараг “төр засаггүй” шахам явж, улс эх орны өмнө, та бидний өмнө тулгарсан асуудлууд орхигдож, хаягдахад хүрсэн юм.

Чухамдаа 1997-2000 онд Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын олонхи хоёр өрсөлдөгч хоёр өөр улс төрийн хүчинд харьяалагдаж байсан учир Монголд улс төрийн тогтворгүй байдал үүсч, төрийн үйл ажиллагаа гацаанд орж, улмаар улс орны өмнө тулгараад байсан олон олон асуудал хойшлогдох, цуцлагдах, орхигдоход хүрсэн юм. Хэрвээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын бус нэр дэвшигч ялвал 1997-2000 он дахин давтагдах магадлал маш өндөр байгаа тул сонгогч таныг ухаалаг сонголт хийгээсэй гэсэндээ энэхүү нийтлэлээр таньтай ярилцаж буйгаа дахин онцлон тэмдэглэе!

Сөрөг хүчний Ерөнхийлөгчөөс зайлсхий!

            Юуны түрүүнд эдүгээгийн Үндсэн хуулиар тогтоосон Монголын төрийн тогтолцоо оршин байгаа нөхцөлд нэг талд Ерөнхийлөгч, нөгөө талд УИХ болон түүний бүрдүүлдэг засгийн газар хоёр хоёр өөр өрсөлдөгч улс төрийн нам, хүчиний мэдэлд очвол Монгол улсад улс төрийн хямрал зайлшгүй нүүрлэх болно. Тиймээс сонгоч та эдүгээ хүчин төгөлдөр оршин байгаа үндсэн хуулиар тогтоосон Монголын төрийн тогтолцоо нь өөрөө төрийн үйл ажиллагааг гацаанд оруулах, улс төрийн тогтворгүй байдал, хямрал үүсгэх, улс эх орны өмнө тулгамдсан шийдвэрлэвэл зохих олон олон асуудлуудыг хойшлуулахад хүргэж болох осолтой тогтолцоо юм байна гэдгийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Гэхдээ төрийн үйл ажиллагааг гацаанд оруулах уу, улс төрийн тогтворгүй байдал, хямрал үүсгэх үү, улс эх орныхоо өмнө тулгамдсан шийдвэрлэвэл зохих олон олон асуудлуудыг хойшлуулах уу үгүй юу гэдгийг эцсийн эцэст таны сонголт шийднэ. Хэрвээ та УИХ түүний бүрдүүлдэг Засгийн газрыг нэг улс төрийн нам хүчинд өгөөд, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нөгөө улс төрийн нам хүчинд өгвөл та үндсэндээ улс төрийн тогтворгүй байдал, хямрал, гацааг сонгож байна гэсэн хэрэг. Сөрөг хүчний Ерөнхийлөгч дараагийн сонгуульд өөрийн намыг ялуулахын тулд эрх барьж буй намын үйл ажиллагааг доголдуулах, тасалдуулах, ингэснээрээ сонгогчдын өмнө эрх баригчдыг чадваргүй харагдуулж, ялагдалд оруулах даалгаварыг намаасаа авч ирэх болно. Тиймээс сөрөг хүчний ерөнхийлөгч дор хаяхад улс төржсөн хоригийг олон удаа тавих болно. Ялангуяа анх удаагаа сонгогдож буй сөрөг хүчний Ерөнхийлөгч хоёрдахь удаагаа нэр дэвших боломжийг намаасаа авахын тулд намынхаа даалгварыг биелүүлэхийн тулд аль болох зүтгэх болно гэдгийг онцлон тэмдэглэе!

            Мэдээж энэ нөхцөлд улс төрчдийн анхаарал, цаг, эрч хүч улс эх орон улмаар таны өмнө тулгарсан шийдвэл зохих асуудлуудаас хөндийрөхийн дээр хамгийн наад зах нь таны татвараар санхүүжсэн улс төрчдийн бүх л зардал сүйтгэл үр ашиггүй зарцуулагдах болно гэсэн хэрэг. Эцсийн эцэст улс төрчид гэхээсээ илүү, та л хохирол хүлээх нь ойлгомжтой. Хэрвээ та УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийг нэг улс төрийн нам, хүчинд гардуулж өгвөл та ядахдаа улс төрийн тогтворгүй байдал, хямрал, гацаанаас зайлсхийж байна гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчнээс Ерөнхийлөгч сонгохоос аль болохоор зайлсхий гэж зөвлөмөөр байна!

 

1997-2000 он давтагдах магадлал!

            Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлын чуулганд оролцсон гишүүдийн гуравны хоёроор няцаадаг учир эдүгээ 34 гишүүнтэй Ардчилсан Намын хувьд Ерөнхийлөгчийн хоригийг няцаах маш хэцүү байхын дээр зөвхөн МАН-ы 26 гишүүн дангаараа Ерөнхийлөгчийн хоригийг дэмжихэд л эрх баригч нам, Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах чадваргүй болох юм. Энэ нөхцөлд улс орны өмнө тулгарсан чухал асуудлууд хойшлогдох, удаашрах, орхигдох нь ойлгомжтой.

Дээрээс нь Ерөнхийлөгч дангаараа мөн УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг нь Засгийн газрыг огцруулах санал тавьснаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцдэг тул эдүгээ 26 гишүүнтэй МАН нь асуудлыг хэзээ ч тавих боломжтой байгаагийн дээрээс нэмээд Ерөнхийлөгчтэй болвол сөрөг хүчин юм л бол Засгийн газрыг огцруулах асуудал тавих болов уу.

Хамгийн осолтой нь хэрвээ Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд АН-аас нэр дэвшигч Ц. Элбэгдорж 51 хувиас дээш санал авч чадахгүйд хүрвэл угаас нэг намаас гаралтайн дээр, Ерөнхийлөгч асан Н. Энхбаярыг дэмжингүй ханддаг МАН-ын намын нэр дэвшигч Б. Бат-Эрдэнийг дэмжихийг МАХН-ын удирдлага болон нэр дэвшигч нь сонгогчиддоо хандан уриалах магадлал тун өндөр байх бизээ. Энэ нөхцөлд эрх баригч эвсэл задарч МАН-МАХН нэгдэх магадлалтайн дээр, хэрвээ Б. Бат-Эрдэнэ сонгуульд ялвал Засгийн газрыг огцруулах улмаар эрх баригч шинэ эвсэлийг бий болгох үйл ажиллагаа ч өрнөх магадлал өндөртэй байгаа юм. АН-ын эвслээс МАХН гарвал 34 гишүүнтэй АН-ын хувьд их хурлын хуралдааны ирц бүрдүүлэх (39 гишүүнээр ирц бүрддэг) асуудал маш хүндрэлтэй болно. Энэ нөхцөлд ирц тасалдуулах үйл ажиллагаа сөрөг хүчний асар хүчтэй зэвсэг болж хувирах магадлалтай. Мэдээж цөөхөн сонгогчдыг төлөөлж байгаа бусад нам, бие даан нэр дэвшигчид өөрсдийн явцуу эрх ашгийг ахиулахын тулд энэ байдлыг маш овжин ашиглахыг хичээх болно. Мэдээж хоёрдахь шатны санал хураалтаар Б. Бат-Эрдэнэ сонгуульд ялвал өөрийгээ дэмжсэн МАХН-ын дарга Н. Энхбаярт уучлал үзүүлэх төдийгүй, түүний нэрийг Хэнтийд орон гарсан нөхөн сонгуульд лавтай дэвшүүлэх нь лавтай. Улмаар Н. Энхбаяр нөхөн сонгуульд ялвал зөвхөн МАН-МАХН гэхэд л 34 суудалтай болж АН-тай ижил гишүүнтэй болох магадлалтай юм. Мэдээж АН олж авсан байр сууриа алдахгүйн төлөө тэмцэх нь ойлгомжтой бөгөөд энэ бүхэн нь төрийн үйл ажиллгааг гацааж, улс оронд улс төрийн асар тогтворгүй байдал, гүн гүнзгий хямрал авчрах нь ойлгомжтой юм. Тиймээс Монгол оронд 1997-2000 оны хямралт он жилүүд дахин давтагдах аюул онолын хувьд бодитой нүүрлээд байгаа юм.

Хяналт биш Хямрал, Гацаа!

Мэдээж та төрийн бүх эрх мэдлийг нэг нам, улс төрийн хүчинд өгвөл төрийн тэнцвэрт байдал, хяналт алдагдана гэж болгоомжилж байж болох юм. Гэтэл төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх хэмээн хуваан салгаж, тэдгээр эрх мэдлүүдийг тус тусдаа биенээсээ хараат бусаар байгуулагдах өөр өөр байгууллагууд болох парламент, засгийн газар, шүүх зэрэг гурван байгуулллагад салган, хуваарьлаж өгөх нь төрийн эрх мэдлийг өөр өөр улс төрийн хүчинд хуваарьлах гэсэн хэрэг огт биш юм.

Хүн төрөлхтөний түүхийн шинэ үеийн эхэнд гарсан бидний хөрөнгөтний гэж нэрлэж заншсан ардчилсан хувьсгалууд хэмжээгүй эрхт хаант байгууллалыг халж үндсэн хуульт буюу бүгд найрамдах байгууллалыг байгуулахдаа хэмжээгүй эрхт хаан өөрөө хууль гаргаж, өөрөө хэрэгжүүлж, өөрөө шүүдэг байсныг халж, төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван хэсэгт хувааж, тэдгээрийг бие биенээсээ хараат бусаар тус тусдаа байгуулагдах, мөн тус тусдаа ангид оршин тогтнох парламент, засгийн газар, шүүх гэсэн гурван өөр байгуулллагад хуваарьлаж, тус тусад нь холбогдох эрх мэдлийг эдлүүлснээр төрийн эрх мэдэл нэгэн байгууллагад төвлөрөх явдалыг хаасан төдийгүй, төрийн эрх мэдлүүд харилцан бие биенээ хазаарлан зогсоож, тэнцвэржүүлж байхаар болгосон юм. Чухам ингэснээр ард түмэн, төрийн эрх мэдлийг хязгаарлаж, улмаар хянах боломжтой болсон юм.

Харамсалтай нь манайд энэ мөн чанарыг гажуудуулан ойлгож УИХ нь Засгийн газраа хянаж, УИХ болон Засгийн газраа Ерөнхийлөгч нь хянаж, улмаар тэднийг шүүх нь хянаж байх ёстой юм шиг ташаа тайлбарладаг тал бий. Үнэндээ бол эдгээр байгууллагууд бие биенийгээ хянаж байх ёстой биш харин өөрсддөө хуулиар ногдсон бүрэн эрхээ нөгөө байгууллагуудынхаа нөлөөнд авталгүй хэрэгжүүлж байх нь л төрийн эрх мэдлүүдийг тэнцвэржүүлж, харилцан нэгийг нь нөгөөгөөр нь хазаарлаж байгаа хэрэг юм. Төрийн эрх мэдлүүдийн тэнцвэр, хазаарлалт нь төрийн хэрэг болохоос улс төрийн хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл парламент, засгийн газар, шүүх гэсэн төрийн гурван байгууллага нь тус бүртээ ногдсон эрх мэдлээ, буюу хууль тогтоох бол хууль тогтоох, гүйцэтгэх бол гүйцэтгэх, шүүх бол шүүх эрх мэдлээ бие биенээсээ хараат бусаар зөвхөн хуулийн дагуу хэрэгжүүлж байх явдал нь өөрөө төрийн эрх мэдлүүдийг харилцан хазаарлаж, тэнцвэржүүлж байгаа хэрэг юм. Энэ нь тухайн эрх мэдлүүд ямар улс төрийн хүчний хяналтад байгаагаас үл хамаарах ангид орших хэрэг юм. 

Харин төрийн эрх мэдлүүдийг өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийн хяналтад өгөх нь тухайн улс төрийн хүчнүүд хяналтандаа байгаа төрийн эрх мэдлийг өөрсдийн улс төрийн зорилгод нийцүүлэн ашиглахыг оролдоход хүргэдэг бөгөөд улмаар тэрхүү улс төрийн тооцоотой үйлдэлүүд нь төрийн үйл ажиллагааны хэвийн байдлыг алдагдуулах, хямруулах, саатуулах, гацаахын эх үүсвэр болдог юм.

Тиймээс төрийн эрх мэдлийг өөр өөр улс төрийн хүчинд хянуулснаар төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэнэ, хяналттай болгоно гэдэг төөрөгдөлөөс ангижрах хэрэгтэй төдийгүй харин ч төрийн эрх мэдлийг өөр өөр улс төрийн хүчиний хяналтад өгөх нь улс төржсөн ужиг маргаан, улмаар төрийн үйл ажиллагааг гацаанд оруулах суурийг тавьж өгч байна гэж ойлгох хэрэгтэй.

Тиймээс 1997-2000 оны улс төрийн хямралт жилүүдээс Монголын ард түмэн, сонгогч таны хамгийн түрүүнд ухаарч авах ёстой гашуун сургамж бол УИХ-ын олонхи болон түүний бүрдүүлж буй Засгийн газар, Ерөнхийлөгч хоёрыг өрсөлдөгч улс төрийн нам, хүчинд өгөхөөс аль болох зайлсхийх явдал юм.

Ерөнхийлөгчийн хоёрдахь хугацаа л Үндэсний эрх ашигт!

Мөн сонгогч та намын эрх ашгаас ангид дээгүүр байж, үндэсний эв нэгдлийг илэрхийлж, тусгаар тогтнолын баталгаа болох Ерөнхийлөгчийг сонгоё гэж бодож байж болно. Таны тэгэж бодох тань тун зөв хэдий ч харамсалтай нь энэ үзэл санаа нь олон намын тогтолцоотой, өрсөлдөөнт сонгуультай ардчилсан улс төрийн системийн хувьд бараг үл гүйцэлдэх зүйл гэдгийг та ойлгох хэрэгтэй. Үнэндээ аливаа олон намын тогтолцоотой, өрсөлдөөнт сонгуультай, ардчилсан улс оронд улс төрийн намаас хараат бус, намын улс төрөөс ангид, түүнээс дээгүүр орших улс төрийн сонгогдог албан тушаал гэж огт байдаггүй бөгөөд байх ч боломжгүй юм.

Монгол улсын Ерөнхийлөгч нам бус, өөрөөр хэлбэл аливаа улс төрийн намаас хараат бус байх ёстой гэж тунхагласан авч түүнийг сонгохдоо зөвхөн “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлдэг” байхыг Үндсэн хууль хуульчилсан байдаг юм. Ингэснээр хэдийгээр ерөнхийлөгчийг улс төрийн намаас хараат бус байхыг шаарддаг ч Үндсэн хууль маань өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг улс төрийн намд өгснөөр зөвхөн улс төрийн намаас дэмжлэгтэй хэн нэгэн л Ерөнхийлөгч болох боломжтой болгосон юм. Тиймээс улс төрийн намаас хараат бус, намын улс төрөөс ангид, түүнээс дээгүүр байж үндэсний эв нэгдлийг илэрхийлж байх Ерөнхийлөгчийн тухайх үзэл санаа хэрэгжих боломж тун хомс гэсэн үг юм. Нэгдүгээрт, улс төрийн намын дэмжлэггүйгээр хэн ч, хэзээ ч Ерөнхийлөгчид нэр дэвших боломжгүй, хэзээ ч Ерөнхийлөгч болж чадахгүй. Хоёрдугаарт, ялангуяа анхны удаагаа сонгогдож буй Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжийг олж авахын тулд аль нэг намын эрх ашигт заавал ч үгүй үйлчлэх хэрэгтэй. Хэрвээ тэгэхгүй бол тухайн Ерөнхийлөгч хоёрдахь удаагаа нэр дэвших боломжоо алдах болно. Тиймээс улс төрийн намаас ангид байх Ерөнхийлөгчийн тухай үзэл санааг хэрэгжүүлэх боломж эдүгээгийн улс төрийн тогтолцооны хувьд тун хомс.

Харин улс төрийн намаас харьцангуй хараат бус байж чадах Ерөнхийлөгч бол хоёрдахь удаагаа сонгогдсон Ерөнхийлөгч. Учир нь Ерөнхийлөгчийн хоёрдахь удаагийн хугацаа нь түүний сүүлчийн хугацаа учир дахин нэр дэвшихийн тулд аль нэг намын дэмжлэгийг авах шаардлага түүнд байхгүй. Түүний хувьд үлдэж байгаа хугацаандаа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, өөрийн өвийг бүтээж, түүхэнд сайн нэрээ үлдээх л хамгийн эрхэм зорилго нь байх болно. Тиймээс улс төрийн намаас ангид, улс төрөөс дээгүүр оршиж үндэсний эв нэгдэл, эрх ашгийг дээдлэдэг Ерөнхийлөгчийг сонгох боломж хэдий хомс боловч хоёрдахь удаагаа сонгогдож буй Ерөнхийлөгч л тийм байх боломжоор хамаагүй өндөр юм. Тиймээс сонгогч та үндэсний эрх ашгийг намын эрх ашгаас дээгүүр тавих Ерөнхийлөгчийг сонгоё гэж бодож байгаа бол хоёрдахь удаагаа сонгогдож буй Ерөнхийлөгчийг сонго гэж зөвлөх байна.

Бүтээгчийг үү эсвэл Бусниулагч уу?

Мөн сонгогч та Ерөнхийлөгчийнхөө мөрийн хөтөлбөрийн биелэлтийг харахыг хүсэж байгаа бол УИХ-д олонхи болж засгийн эрхийг барьж байгаа улс төрийн намаас дэвшүүлсэн нэр дэвшигчийг дэмж гэж зөвлөмөөр байна. Учир нь Ерөнхийлөгчид өөрт нь шууд олгогдсон гүйцэтгэх эрх мэдэл байхгүй. Тиймээс сонгогдсон Ерөнхийлөгч мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлье гэвэл, таньд амалсан амлалтаа биелүүлье гэвэл парламентын олонхи болсон эрх баригч намын дэмжлэгийг авч байж л амлалтаа хэрэгжүүлэх боломжтой юм. Тиймээс Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих үндсэн баталгаа нь тэрбээр эрх барьж буй хүчнээс сонгогдсон, тэдний дэмжлэгийг авсан, түүний мөрийн хөтөлбөр нь УИХ, Засгийн газраас явуулж буй бодлого, үйл ажиллагаатай нягт уялдсан байх явдал юм.

Тийм дэмжлэггүй, сөрөг хүчний Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөр хэрэгжих ямар ч боломжгүй гэдэгтэй сонгогч та эвлэрэх хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчний Ерөнхийлөгч юу ч бүтээж чадахгүй, харин намынхаа даалгаварыг биелүүлэхийн тулд бусниулах үйл ажиллагаа явуулах, эсвэл зүгээрийг л хийх магадлалтай юм. Тиймээс сонгогч та бусниулагчийг сонгох уу, бүтээгчийг сонгох уу гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй!

Эцэст нь улс орны хөгжлийн тун эгзэгтэй энэ үед улс орныг удирдан, залж, засаглаж байсан туршлага, чадвар Монгол улсын ерөнхийлөгчид ус агаар мэт хэрэгтэй байх болно гэдгийг сонгогч та болгоож буй бизээ.

Танд өгөх судлаачийн зөвлөгөө!

Энэ бүхний улмаас хэрвээ сонгогч та улс төрийн гүн гүнзгий хямралыг хүсэхгүй байгаа бол, хэрвээ үндэсний эрх ашгийг дээгүүр тавих боломжтой Ерөнхийлөгчийг сонгох хүсэлтэй байгаа бол, хэрвээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжтой, чадамжтай Ерөнхийлөгчийг сонгомоор байгаа бол, хэрвээ улс орныг удирдаж, засаглаж ирсэн туршлага, чадвартай Ерөнхийлөгчийг сонгомоор байгаа бол АН-аас нэр дэвшигч, Монгол улсын эдүгээгийн Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийг сонгох нь хамгийн ухаалаг сонголт байх болноо гэж судлаач миний хувьд зөвлөх байна!