Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбины удирдлагын систем, өргөтгөлийн долдугаар турбин суурилуулах бэлтгэл ажилтай өнөөдөр танилцаж, станцын ажилтнуудтай уулзав.

Тус станцынхан өргөтгөлийн турбин суурилуулах бэлтгэл ажлаа зохих хуваарийн дагуу шамдан хийж байгааг станцын гүйцэтгэх захирал Б.Цэвээн танилцууллаа. Энэ шинэ турбиныг угсран суурилуулснаар 120 мВт-аар станцын хүчин чадал нэмэгдэх юм байна.
Нэр дэвшигч Ц.Элбэгдорж станцын хамт олонд хандан хэлэхдээ “Уулзах боломж гарсанд баяртай байна. Та бүхэн сонссон байх. Монгол Улсыг эрчим хүчний диваажин байх ёстой орон гэж гадаадынхан ярьдаг. Бид одоо тавдугаар цахилгаан станцаа барина. Мөн Таван толгой, Шивээ-Овоо, Хөшөөт, Адуунчулууны нүүрсний уурхайдаа цахилгаан станцууд байгуулах болно. Өнөөдөр 50 мВт-ын хүчин чадалтай салхин станц ашиглалтад оруулж байна. Дээр нь нарны эрчим хүчийг нэмбэл асар их боломж бидэнд байна. Цахилгааны үнэ ч эрс буурна. Цахилгаан хэрэглэдэггүй, цахилгааны төлбөр төлдөггүй айл, аж ахуйн нэгж, байгууллага  гэж нэг ч байхгүй шүү дээ. Өргөтгөлийн турбинаа суурилуулах бэлтгэл ажлаа та бүхэн сайн хийж байна. 70 сая доллар гаргаж байж энэ турбиныг Монгол Улс авч байгаа. Шинэ зуух ажиллаад ирэхээр танай станцын хүчин чадал нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ. Энд ажиллаж буй хүмүүс бол Монголдоо эрчим хүчний салбар дахь хамгийн сайн цалинтай нь. Яагаад гэхээр улсынхаа хөгжлийн голт зүрхэнд ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Би танай станц дээр Ерөнхий сайдаас огцорсныхоо маргааш хүртэл ирж уулзаж, Багануурын уурхайд өгөх 300 тэрбум төгрөгийн асуудлыг нь шийдэж өгч байсан. Дараа нь бас Ерөнхий сайд байхдаа ирсэн. Та бүхэн намайг дэмжиж байгааг би харж байна. Энэ оны 10 дугаар сард болох станцынхаа 30 жилийн ойг амжилт, ялалтаар угтаарай. Та бүхний эрх ашгийг би төлөөлж ажиллах болно. Тулгамдсан асуудлуудыг чинь олж харж, чанга дуугарч шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулж байх болно. Харин та бүхэн 6 дугаар сарын 26-нд намайг дэмжээрэй” гэв.
 
 
 
Станцынхан Ерөнхийлөгчийг энд хүрэлцэн ирэхэд хагас километр хэртэй урт нэг эгнээ үүсгэн жагсаж, хүн бүр гар барин мэндчилж, амжилт хүсч байлаа.
Дараа нь “Улаанбаатар” барилгын үйлдвэрлэлийн компаниар орж, ажилчидтай нь уулзав. Эднийх жилдээ 15 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн гаргах юм байна. Өнгөрсөн хоёр жилд хувьчлагдан дампуурсан үйлдвэрээ сэргээхэд 10 –аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Энэ онд сэргээн босголтын ажил нь дуусах аж. Ажил хэр амжилттай явж байгаа талаар компанийн захирал Е.Хатран Ерөнхийлөгчид танилцууллаа. Дахин нэр дэвшээд байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тус компанийн хамт олны үйлдвэрлэх бүтээгдэхүүн Монгол Улсад нэн чухал хэрэгцээтэй байх болно” гэдгийг анхааруулж, тэнд ажиллагсдад амжилт хүсэв.
 
 
 
Мөн “Говь” компаниар орж үйлдвэрлэлийн цэхүүдтэй танилцан ажиллагсдаас шинэ бүтээгдэхүүн, шинэчилсэн технологийг нь сонирхон асууж байв.
“Говь” нь 33 дахь жилдээ ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 1250 ажилчинтай компани бөгөөд будах, холих, ээрэх, нэхэх, ороох, эрчлэх технологио шинэчилж, сүлжмэлийн үйлдвэрийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Ийм шинэчлэл, өргөтгөл хийхэд сүүлийн таван жилд 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулаад байгаагаа компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарсайхан ярилаа.
 
 
 
 
Тус компанийн хамт олон ноолуурын ууган үйлдвэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дэмжиж байдагт талархаж байв.
Эдгээр гурван компанийн ажилтан, ажилчид дахин нэр дэвшсэн Ерөнхийлөгчдөө амжилт хүсч, хамтдаа дурсгалын зураг авахуулж байлаа.
Н.Мөнх-Ялалт