Өвлийн цаг иржээ. Цас, бороо орсон өглөө замын түгжрэл гэж утгаа алддаг улс Монголоос өөр байхгүй гэхэд болно. Гэтэл уг асуудал дээр нийтийн тээврийн шинэчлэл иргэдийг бухимдуулж байна. Учир юу гэхээр нийтийн тээврийн маршрутыг өөрчилж орхисонд байгаа юм.

Хаа байсан хотын захаас нөгөө зах хүртэл хэдхэн автобус явж байгаа нь дундын буудлын хүмүүсээ багтаахгүй байна. Тухайлбал, 5 шар-Офицер, 5 шар-Ботинк чиглэлд угсраа автобус, троллейбус явж байгаа нь хүрэлцээ тун муу. Өглөөдөө ажилдаа очих цагаасаа 30-40 минутын өмнө гарч байж төв замын нийтийн тээвэрт багтаж суувал аз. Хэрэв зээ амжихгүй бол их хүлээлт гэгчийг үзнэ. 10-р хороололд амьдардаг иргэд шинэчилсэн маршрутаас болж автобусанд хаягчид болж хувирсан юм. Үүний тод жишээ нь өнөө өглөөний дүр зураг.

Энд нийтлэгдсэн зургуудаас та бүхэнд автобусны буудал дүүрэн хүн зогсож байгааг харж байгаа биз ээ. Эдгээр хүмүүс 08:00 -08.45 минутын хооронд 10 автобус ирсэн ч сууж чадаагүй юм. Яагаад гэвэл ирж буй нийтийн тээврүүд нь пиг дүүрэн хүнтэй учраасаа жолооч нар зогсохгүйгээр шийдэн орхин одсоор байв.

Троллейбусны урдуур нэг ах хүү шууд тулж зогсон хэдэн хүмүүс чихэлдэн суулаа. "Та нар ердөөсөө зогсохгүй шууд яваад байгаа болохоор үүнээс өөр арга надад байсангүй ээ" хэмээн жолоочидтой маргалдав. Уг троллейбусны бүх хаалгаар хүмүүс шахалдан чихэлдэж аваад суух нь тэр. Арай ч чихэж хүч нь хүрэхгүй эмэгтэйчүүд хүүхдүүд дараагийн автобус ирж зогсоод авах байх гэсэн найдлагаар хүлээсээр байсан ч ажил, хичээлээсээ бүүр хоцорчихлоо. Одоо ч энэ цаанаасаа дүүрэн хүнтэй ирж байгаа автобуснууд зогсохгүй юм байна аа хэдүүлээ нийлж такси барья. Энэ үгийг сонссон хэсэг хүмүүс явах явах чиглэлдээ хуваагдан такси барьж басхүү чихэж суух нь тэр.

Энэ автобусны буудал дээр ганцхан өнөө өглөө ийм зүйл болж байгаа юм биш. Өмнө нь ч энэ үйл явдал давтагдаж байсан удаатай.

Автобусны буудал дээрх хүнийг хараад ийнхүү замын гарц дээр зогсож хүмүүсээ буулгаж байгаа нь энэ. Гэхдээ хүнээ буулгасан байж буудал дээрээ зогсож хэдэн хүн ч суулгаагүй явсан.

Автобус-1 компани руу утсаар ярьж учир байдлыг хэлтэл "Хувийн компаниуд ажил хаялт зарласан. Зогсохгүй байх учир байхгүй ээ. Хүн нь багтахгүй бол зогсохгүй байх нь аргагүй" гээд утсаа шидэж орхилоо.

Одоо дэн хүйтнээс өмнө энэ маршрутыг больё. Эсвэл бүүр богино эргэлтийн автобус нэмж гаргамаар байна. Тухайлбал, Цамбагараваас-Офицер гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол 5 шараасаа дүүрэн шахуу ирж байгаа автобусанд яаж иргэд багтаж суухав дээ. Ажлаасаа хоцорлоо авдаг хэдээсээ хасуулна. Эртхэн гараад ч нэмэргүй алга. Энд нэгдүгээр хороолол, гуравдугаар эмнэлэг, 10-р хороолол, 25-р эмийн сан, андууд гээд олон буудал дээрээ төв замаар ажил, сургуульдаа явах гэсэн иргэд олон бий. Дундын буудалд амьдарч байгаа нь тэдгээр иргэдийн буруу юу? Хотын дарга аа гэж асуумаар байна.

Х.Даваа