Ерөнхий сайд өөрийн зөвлөхөө БХЯ-нд шургуулахаар улайрч байна уу
2015/10/07
Улс төрөөс ангид байх ёстой батлан хамгаалах салбарт өнөөдөр улстөрчид өөрсдийн хүнээ шургуулах гэж улайрах болжээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн даваа гаригт болсон Засгийн газрын хуралдаанаар Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг яаруу, гэнэт гаргуулав. Эх сурвалжийн мэдээлснээр салбарын сайдынх нь саналыг сонсолгүйгээр, сайдыг нь хуралд суулгахгүйгээр З.Болдбаатар генералыг өөрчлөх шийдвэрийг гаргасан гэнэ. Ингэхдээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн зөвлөх Б.Батсайханаа Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болгохоор ийм хор найруулсан сурагтай. Ерөнхий сайдын зөвлөх эрхэм Батлан хамгаалах яам болоод ЗХЖШ-т удирдлагын орон тоо гарах бүрт өөрийнхөө нэрийг шургуулаад орох гэж хөөцөлддөг, энэ салбарт нэр хүнд муутай нэгэн гэх юм билээ. Гэхдээ улстөрчид нэг зүйлийг хатуу баримтлах ёстой гэдгийг Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр чуулганы индэрээс хэлж байсан. Энэ нь батлан хамгаалах салбар бол өөрөө онцлогтой салбар. Энд улстөрчид халаасны хүнээ шургуулдаг, намууд өөрийнхөө хүнийг оруулаад байх тийм салбар биш. Улстөрчид энэ салбарт ирэхээр тогтворгүй байдал үүсч, салбарын нэр хүндэд савалгаа үүсдэг тухай хэлж байсныг өнөөдөр сануулах цаг болжээ. Ялангуяа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол салбарынхаа гал тогоог хариуцдаг учраас улстөргүй байх ёстой ажлын байр. Энд ёстой нөгөө байлдагчаас генерал болтлоо батлан хамгаалах салбарт өөрийгөө зориулсан мэргэжлийн хүнийг томилох ёстой байдал сонирхогчийн улстөрчид орох гэж улайрч байгаа нь салбарыг мэргэжлийн биш болгох аюул нүүрлэхэд ойрхон болгов. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн З.Болдбаатар генералын хувьд салбараа гарын арван хуруу шиг дэндүү сайн мэддэг, сайн удирдагч гэж салбарынхан нь үнэлдэг юм билээ.
Зочин · 2015/10/07
boldbaatariig hen sain geed baigaa ym bol