АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын батлан хамгаалах салбарт буцалтгүй тусламжаар өгч буй цэргийн зориулалттай 35 ширхэг "Wrangler" загварын автомашиныг гардуулан өгөв.

Энэхүү үйл ажиллагаанд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх Батлан хамгаалахын атташе болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцож тусламжийн автомашиныг Зэвсэгт хүчний ангийн захирагч нарт гардуулсан юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "АНУ-ын Засгийн газраас манай улсын энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, техникийн чадварыг сайжруулах чиглэлээр тусламж үзүүлдэг. Тусламжийн буухиа болж цэргийн зориулалттай энэ 35 машиныг өгч байна. Энэ автомашиныг бид энхийг дэмжих ажиллагаанд цэргийн алба хаагчдаа оролцуулдаг Зэвсэгт хүчний ангиуд, эмнэлэг болон бусад мэргэжсэн байгууллагадаа хуваариллаа. Ирэх сард мөн энэ тооны тусламжийн автомашин ирэх учиртай. АНУ-ын Засгийн газар, манай улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамныхандаа талархлаа илэрхийлье" гэсэн юм. АНУ-ын Засгийн газраас буцалтгүй тусламжаар өгч байгаа "Wrangler" загварын автомашин нь туулах чадвар сайтай, техникийн хувьд өндөр хэмжээнд бүтээгдсэн цэргийн зориулалттай машин аж.