Үндэсний статистикийн хорооноос есдүгээр сарын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тус хорооноос Авлигатай тэмцэх газрыг мэдээллийг нь буруу ашигласан хэмээн тайлбарлав.

Хэрэг учрыг тодруулбал, “Нүүрс” хөтөлбөрийн хэрэгт буруутгагдсан Л.Гансүхтэй холбоотойгоор АТГ-ын зүгээс ҮСХ-ноос тухайн үед нүүрсний үнэ ханшийн мэдээлэл авч байсан аж.

Хоёр чиглэлээр мэдээлэл гаргаж өгчээ. Тухайлбал, Цайз, Хангай захуудад бөөнөөр буюу портероор худалдаж байгаа нүүрсний нэг тонн нь хэдэн төгрөгөөр зарагдаж байсан. Хоёрдугаарт, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт иргэдийн гар дээр шууд хүрч байгаа буюу шуудайлаад зарж байгаа нүүрсний үнийн мэдээллийг гаргаж өгсөн. Гэтэл АТГ-аас дахин албан бичиг явуулж, манай байгууллагын явуулсан өмнөх албан бичгийн нэгдүгээрх нь буюу бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний мэдээллийг дахин явуулахыг хүссэн. Бид ч албан бичгийн хариуг хүргүүлсэн аж.

Үндэсний Статистикийн Хорооны мэдээлэл сургалт сурталчилгааны төвийн дарга А.Дэмбэрэл нэг портер нүүрс 98-106 мянган төгрөг, харин нэг шуудай нүүрс 2450 төгрөгөөр худалдаалагдаж байжээ. Хоёр төрлийн үнийн судалгааг ҮСХ-ноос нарийвчлан гаргаж АТГ-т өгчээ.

Гэтэл шүүх хурлын үеэр АТГ-аас түлээ нүүрсний захуудад бөөнөөр худалдаалж байгаа нүүрсний үнийг иргэдийн гар дээр шууд хүрч байгаа нүүрсний үнэ мэтээр тайлбарлаж байсан гэж мэдээлсэн юм.

А.Дэмбэрэл “Бидний зүгээс хоёр төрлийн үнийг гаргаж өгсөн. Гэтэл зөвхөн өөрт ашигтай үнээ сонгон, тухайн үед нүүрсний үнэ 98 мянган төгрөг байсан гэж тайлбарласан. Статистикийн тухай хуулинд статистикийн мэдээллийг буруу тайлбарлах, буруу хэрэглэсэн тохиолдолд тайлбар өгөх үүрэгтэй гэж заасан байдаг юм. Тиймээс албан ёсны тайлбар өгч байна” гэдгээ онцлов.