ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд амарч, зугаалж явахдаа нэгнийнхээ амь насыг хөнөөсөн хэрэг гарч нийгмийг цочроосон.

Эл хэргийн талаар эргэн сөхвөл, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Горхи мэлхий хадны амралтын газарт очжээ. Энэ үеэрээ нэгнийхээ амь насанд хүрсэн.

Тус хэлтсийн ажилтан Х-гийн амь насыг хамт ажилладаг Ө гэх цагдаа хөнөөсөн гэнэ. Тэгвэл хүний амь насыг бүрэлгэсэн хэргээр Ө-г сэжиглэн баривчилж, цагдан хорьжээ.

Уг хэрэгт прокурорын байгууллагын хяналт дор ЦЕГ-ын Тусгай субьектыг мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн байна. Уг хэрэг гарсантай холбоотойгоор ЦЕГ-ын даргын зөвлөл хуралдаж, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн нэр бүхий албан тушаалтнуудад Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцлага тооцсон байна.

Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтэсийн дарга, цагдаагийн дэд хурандаа н.Батдэлгэрт цалингийн хэмжээг зургаан сарын хугацаанд 20 хувиар торгож, албан тушаалыг нь бууруулахаар, тус хэлтэсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Батзаяад мөн цалингийн хэмжээг зургаан сарын турш 20 хувиар торгож албан тушаал бууруулахаар шийтгэл оноожээ. Мөн төрийн албаны тухай хуулийн 25-р зүйлд зааснаар цагдаагийн ахлах ахлагч Б.Ган-Эрдэнийг төрийн албанд ажиллах эрхийг нэг жил хүртлэх хугацаагаар хасч, ажлаас нь халсан бол жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Батсуурийн цалингийн хэмжээг зургаан сарын турш 20 хувиар бууруулж, албан тушаал байрыг өөрчлөх,тус газрын бичиг хэргийн ажилтан цагдаагийн ахлах ахлагч Б.Өлзийбуянг мөн төрийн албанд ажиллах эрхийг нь нэг жилээр хязгаарлажээ.

 

Х.Даваа