УИХ-ын гишүүн асан А.Мурат 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсон даруйдаа манай улсад нэвтрэх визийг дамлан худалдах, хууль бусаар их хэмжээний орлого олох ажлыг зохион байгуулах болсон. Улмаар энэ гэмт хэрэг нь илрэхтэй зэрэгцэн Казакстан руу зугтсан байдаг. Түүнийг нэгэнт зугтсан болохоор хэргийг нь түтгэлзүүлээд байгаа.

Түүнийг ийнхүү гэмт хэрэгт холбогдсонтой холбоотойгоор эргүүлэн татах шийдвэрийг ГХЯ-аас гаргаад байсан. Үүнийг А.Мурат хэвлэл уншдаг л бол мэдэж л байх учиртай. Харин А.Мурат “Ажлаа өгье” гэсэн захидал илгээжээ. Ингэхдээ тэрбээр Хайлаарт консулаар сууж буй Д.Ганболдоор дамжуулан ГХЯ-д захидал илгээсэн гэнэ. Өөрөөр хэлбэл та нар намайг халсан биш би өөрөө ажлаа өгч байгаа юм шүү, нөгөө талаас хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусахтай зэрэгцэн Монголд очих болно гэдгийг л илтгээд байгаа бололтой. Эсвэл Өршөөлийн хуулиар хэргээ түтгэлзүүлэх гэсэн санаа ч байж магадгүй.

Харин албан хүсэлтээ ГХЯ-д шууд бус Хайлаарт консулаар сууж байгаа хүнд захидал илгээсэн учир нь их энгийн. Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягийн дүү Д.Ганболд нь А.Муратын дотны найз аж. Тэрбээр ахынхаа буянаар консул гэдэг албан тушаалд уяатай юм шиг ажилладаг. Д.Ганхуяг нь Бээжинд конусл хийж байгаад Шанхай болон Хөх хотод консулаар очиж улмаар Хайлаарт суурьшжээ. Одоо Хайлаарт консулаар сууж байгаа.

Энэ бүхнээс үзэхэд ажил хэргийг найз нөхдийн хүргээр хийж өөрийн санаагаа гүйцэлдүүлэхээр төлөвлөж байгаа нь нэгэн хардлага төрүүлж байна. Тодруулбал ГХЯ-нд ажилладаг ахынхаа буянаар Хятадын хотууд дамжин консулаар ажиллах болсон Д.Ганболд, А. Мурат нар ашиг сонирхол нэгтэй байх магадлал өндөр байна.

Юутай ч ГХЯ-д ажлаа өгнө гэсэн албан бичиг ирээд байгаа юм билээ. Тэгэхээр түүний оронд өөр хүн томилох нь тодорхой боллоо. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа