Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, нүүрс хөтөлбөрт ажиллаж байсан Н.Даваахүү, Б.Мөнгөнтуя нарыг Эрүүгийн хуулийн 263.2. буюу Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангиар 2015-09-р сард таван өдөр шүүсэн. Шүүхээс Л.Гансүх нарыг буруутайд тооцож шүүхээс ял оноосон. Ингээд тэдэнд оноосон шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь хүргэж байна.

1. Прокуророос Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Сайнцагаан овогт Лүймэдийн Гансүхийг бусадтай бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамжигчаар оролцсон,

Тогост овогт Найдангийн Даваахүү, Дамба овогт Батцэнгэлийн Мөнгөнтуяа нарыг бусадтай бүлэглэн үгсэн тохиролцож, төрийн албан тушаалтны албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Сайнцагаан овогт Лүймэдийн Гансүхийг улс төрийн албан тушаал эрхлэх үйл ажиллагааг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Тогост овогт Найдангийн Даваахүүг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Дамба овогт Батцэнгэлийн Мөнгөнтуяаг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19.200.000 /арван есөн сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Гансүхэд оногдуулсан 4 /дөрөв/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Л.Гансүхийн цагдан хоригдсон нийт 103 /нэг зуун гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Б.Мөнгөнтуяагийн цагдан хоригдсон нийт 203 /хоёр зуун гурав/ хоногийн 1 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлж торгох ял эдэлсэнд тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Н.Даваахүүгийн цагдан хоригдсон нийт 44 /дөчин дөрөв/ хоногийг тухайн үеийн мөрдөгдөж байсан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгох ялаас хасч, үлдэх 10.752.000 /арван сая долоон зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Н.Даваахүү нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсгүүдэд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 31 хавтас эд мөрийн баримт болон 15 ширхэг СиДи, 1 шуудайг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

10. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгө болох “Эм Жи Эл Эс Би Ди” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй ТOYOTO HARRIER маркийн 18-90УНГ улсын дугаартай, TOYOTO GROWN маркийн 25-02УНГ улсын дугаартай, TOYOTO HIACE маркын 66-28УНЦ улсын дугаартай автомашин, KEESTRACK NOVUM нүүрс ангилан ялгах шигшигч машин, CLG925 экскаватор, ZL580CN авто ачигч машиныг, Лүймэдийн Гансүхийн өмчлөлийн Ү-2203015120 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Сэлбэ хотхон, Д-4/4 тоот орон сууц, Батцэнгэлийн Мөнгөнтуяагийн хамтран өмчлөлийн Ү-2205007872 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол, 19-45 тоот орон сууцыг тус тус төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нараас нийт 2.539.738.867 /хоёр тэр бум таван зуун гучин есөн сая долоон зуун гучин найман мянга найман зуун жаран долоо/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Багануур” ХК-д олгосугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гансүхэд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Н.Даваахүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Мөнгөнтуяад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас сулласугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Гансүхэд авсан цагдан хорих, Н.Даваахүүд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, Б.Мөнгөнтуяад бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.