“Бид хамтдаа” Үндэсний форумын үр дүнг дүгнэж МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдын хэлсэн үг
2015/10/30
Эрхэмсэг хатагтай ноёд оо!
Эрхэм журмын нөхөд өө!
Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулсан “Бид хамтдаа” Үндэсний форум таван өдөр үргэлжилж, амжилттай өндөрлөж байна. Энэхүү форумын хүрээнд зургаан нэгдсэн хэлэлцүүлэг, 20 салбар хуралдаан зохион байгуулж, 81 илтгэл, мэдээлэл сонслоо. Форумын ажиллагаанд давхардсан тоогоор 5580 хүн оролцож, 277 хүн үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй асуудлыг далайцтай хэлэлцэж, учрах бэрхшээлийг цэгцтэй тодорхойлох, цаашдаа туулах гарц, гаргах шийдлийг оновчтой томъёолох, хэрэгжүүлэх дарааллыг зөв тогтоох боломжийг олгож байна гэж бүрэн дүүрэн хэлж болох юм. Форумын үйл ажилллагаанд зөвхөн МАН-ын гишүүд төдийгүй улс төрийн бусад намын төлөөлөл, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, жирийн иргэд идэвхтэй оролцсон нь нийт монголчууд бид ирээдүйдээ ихээхэн санаа зовж, эрэл хайгуул хийж байгааг нотлон харууллаа. Форумын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө үнэтэй санал зөвлөмжөө сэтгэл харамгүй илэрхийлсэн улс төрийн намуудын төлөөлөл, эрдэмтэн судлаач мэргэжилтнүүд, эрхэм журмын нөхдөдөө чин сэтгэлийн талархлаа дэвшүүлье. “Бид хамтдаа” үндэсний форум үндсэн зорилгоо биелүүлж, уламжлал дээр суурилсан шударга шинэчлэлийг, дүр эсгээгүй жинхэнэ ардчиллыг, хүчирхэг монголыг эрэлхийлсэн үзэл санаатай хүн бүрийн индэр байж чадлаа. Шинийг эрэлхийлсэн, сэрсэн тулхтай бодол санаа бүхэн хэзээ нэгэн цагт бодит биеллээ олдгийн учир Монгол Улс цаашдаа хэрхэн хөгжих вэ гэсэн асуултын хариуг иргэдийнхээ захиа даалгавар, эрдэмтэн мэргэжилтнүүдийнхээ санал зөвлөмжид суурилан гаргаж, цаашдын үйл ажиллагааныхаа луужин, хэрэгжүүлэх хөтөлбөрийнхөө үндэс суурь болгох ёстой гэж үзэж байна.
Энэ бүхнийг тус форумаас гаргах Тунхаг бичигт бичиглэн зарлах бөгөөд Улс Монголоо гэсэн бүх улс төрийн нам, төрийн бус байгууллага, судалгаа шинжилгээний болон бизнесийн хамтлагт хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна. Монгол Улс нийгэм, эдийн засаг, улс төрийн шинэчлэлийн нэн эгзэгтэй зааг үед ирээд байгааг форумд оролцогчид үндсэндээ санал нэгтэй хүлээн зөвшөөрч байна. Төрийн бодлогын төвд хүнээ тавьж, монгол хүний амьдралын чанарыг эдийн засгийн бодлогоор тэтгэж, үүний учир улс төрийн зохистой тогтолцоог төлөвшүүлэх нь тулгамдсан бэрхшээлийг даван туулах үндсэн гарц болох нь тодорхой байна. Улам чамбайрах, уруудан доройтохын завсарт улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн тулгамдсан зарим асуудлаар тодорхой шийдлүүдийг санал болгох нь зүйтэй гэж үзсэнээ Та бүхэнд толилуулъя.
Нэг. Нийгэмд нүүрлээд байгаа тэгш бус байдал, ядуурлыг бууруулах, ард түмний сайн сайхан амьдралын баталгааг хангахын тулд өргөн хүрээтэй, урт хугацааны үндэсний хөтөлбөрийг санаачлан, бүх оролцогч талуудтай санал хуваалцаж "нийгмийн гэрээ"-ний шинэ хувилбарыг боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Ингэхдээ нийгмийн хамгааллыг илүү зорилтот бүлэг рүү чиглүүлж, бодлогын үр ашигтай, өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Тав тухтай амьдралтай, эдийн засгийн тогтвортой байдал нь хангагдсан, байнгын ажил, орлоготой, өөрсдийн туршлага, чадвараа дээшлүүлэхийн төлөө хичээн ажилладаг нийгмийн чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэх нь манай улсын нийгмийн бодлогын үндсэн зорилт байх ёстой.
Хоёр. “Хүн болох багаасаа” гэх ард түмний гүн ухааныг түшиглэн сургуулийн өмнөх боловсролын асуудлыг дэд бүтэц, багшлах боловсон хүчин, сургалтын орчин, хөтөлбөрийн хүрээнд ойрын гурван жилд цогц байдлаар иж бүрэн шийдвэрлэх зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. Тодруулж хэлбэл, гурван нас хүртэлх хүүхдийг эцэг эх буюу асран хамгаалагч нь хүмүүжүүлэх үүргийг хүлээж, төрөөс амьжиргаанд нь хүрэлцэхүйц тэтгэмж олгож байх, 3-6 насны хүүхэд цэцэрлэгт бүрэн хамрах бололцоог бүрдүүлэхийг санал болгож байгаа юм. Ганцхан жишээ дурдахад зөвхөн 2016 он гэхэд Монгол Улс гадаад өрийнхөө үйлчилгээний төлбөрт 1000 цэцэрлэг барих барилгын хөрөнгө санхүүтэй тэнцэхүйц хэмжээний зардлыг төлбөр болгож байгаа юм. Энэ байдлаас үзэх юм бол цэцэрлэгийн насны хүүхдийг бүгдийг нь цэцэрлэгт хамруулах боломж бололцоо байна гэж ойлгох хэрэгтэй.
Гурав. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг улсын төсвийн зургаан хувьд, шинжлэх ухааны салбарын санхүүжилтийг улсын төсвийн хоёр хувьд тус тус хүргэх зорилтыг ойрын үед хэрэгжүүлэх саналтай байна. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, ажиллагсдын дундаж цалинг хөгжиж буй орнуудын дундаж цалингийн түвшинд хүргэх зорилт тавьж байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран азай буурлууддаа өндөр насалсны тогтмол тэтгэмж төрөөс олгож байх нь зүйтэй. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаатай ч нийцэж байгаа юм.
Дөрөв. Хөгжлийн урт болон дунд хугацааны стратеги, тэргүүлэх чиглэлүүдээ зөв тодорхойлж, тэдгээрийг ажил хэрэг болгохын тулд төр засгийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн нам хүчин, иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, ард иргэдийн идэвхтэй оролцоо, хүчин чармайлтыг хангаж, хамтдаа хөгжих явдал гол зорилтын нэг болж байна. Макро эдийн засгийн хүрээнд хэрэгжүүлэх төсөв сангийн бодлого нь эдийн засагт ажил эрхлэлтийг дэмжих, иргэдийн ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, улмаар ажил хийж олсон орлогоосоо хадгаламж үүсгэх хүсэл эрмэлзлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэхэд чиглэх учиртай. Орон нутгийн хөгжлийг дэмжих, бие даасан байдлыг хангахын тулд аймаг, орон нутаг өөрийн гэсэн өмчтэй, эдийн засгийн боломжтой байх нь зүйтэй байна. Хүн амын орлогын албан татварын хувь, хэмжээг орлогоос нь хамааруулан ялгавартай тогтоох нь нийгэмд бий болж байгаа орлогын ялгааг арилгах, тэгш байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Тав. Манай эдийн засагт гадаад валютын гол нөөцийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах, эрдэс баялгийн борлуулалтаас олсон орлогын тодорхой хувиар ирээдүйн хөрөнгө оруулалтын сан байгуулах нь хойшлуулшгүй зорилт болж байна. Эдийн засаг хямарсан үед “Үндэсний хэмнэлтийн бодлого” хэрэгжүүлж, айл өрх, албан байгууллага бүр хэмнэлтийн горимд шилжих цаг болжээ.
Зургаа. ХАА-н салбарын өргөжилт, түүний үр өгөөжийг өсгөх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, худалдааны нөхцөлийг сайжруулах, улмаар ХАА-н түүхий эдийг орцоо болгосон аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг баримтлах нь зүйтэй байна. Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг нутагшуулан түүхий эдийг дотооддоо боловсруулж, экспортод чиглэсэн болон импортыг орлох аж үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлэх нь хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үндэс суурь гэж үзэж байна. Гэхдээ манай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үүц болох Халх гол орчмын нутагт хөдөө аж ахуй, хорио цээрийн чөлөөт бүс байгуулах асуудлыг зарчмын хувьд дэмжихгүй байгаа юм.
Долоо. Төрийн мөнгөний бодлого бодитой, ойлгомжтой, хэрэгжихүйц байх, Монгол банкны хараат бус байдлыг хангах, хамтын шийдвэрийн байгууллага болгох нь банк санхүүгийн салбарын хөгжлийн зөв чиг хандлага байх болно. Банк санхүүгийн сектор зах зээлийг идэвхжүүлэхэд чиглэсэн зээл олгох, цаашлаад санхүүгийн салбарын хөгжил нь иргэд өөрсдийн хувьцаагаа зарж хөрөнгө босгох, компаниуд үнэт цаасаа гаргаж арилжих боломжоор хангагдах, ингэснээр дотоод болон гадаад нөөцөөс санхүүжигдэх бололцоо, эдийн засагт хуримтлал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэнэ. Санхүүгийн зуучлалын хүрээнд хадгаламж эзэмшигчид санхүүгийн янз бүрийн хэрэгслүүдээр хөрөнгөө эргэлтэд оруулах боломжийг олгосноор дэлхийн мөнгө санхүүгийн зах зээлтэй нэг хэлээр ярьж, нэг үгээр ойлголцох боломж бүрдэх юм. Өнгөрсөн жилүүдэд Засгийн газар, Монгол банкнаас хэрэгжүүлсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, Хөгжлийн банкны зээл зэрэг ямар ч хяналтгүй, эдийн засгийг туйлдуулж, өрийн дарамтыг нэмэгдүүлсэн арга хэмжээнүүдийг цаашид авч хэрэгжүүлэхгүй байх талаар онцгой анхаарах шаардлагатай юм.
Найм. Өдгөөгийн манай Үндсэн хууль бол холч, голч, удаан хугацаанд үйлчлэх гол хууль гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч хүн төрөлхтний амьдралд асар их өөрчлөлтийг тээсэн XXI зуунд Үндсэн хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага тулгарч байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа парламентын засаглалыг боловсронгуй болгох зарчимд тулгуурлан ард нийтээр өргөн хэлэлцүүлж, УИХ-аар шүүн тунгаасны үндсэн дээр баталгаажуулах нь зүйтэй гэж бодож байна.
Ес. Төрийн албаны шинэтгэлийн хүрээнд 2016 оны сонгуулийн дараа төрийн боловсон хүчний үндэсний чадавхийг бүрэн ашиглах зорилгоор төрийн захиргааны албан хаагчдыг төрийн албаны дахин шалгалтад бүрэн хамруулж, аль намын угшилтайг үл харгалзан чин сэтгэл, мэдлэг, ур чадвар, дадлаар нь сонгон шалгаруулж, төрийн чадварлаг албыг нэн даруй бүрдүүлэн, цаашид тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь зүйтэй.
Арав. Хэлэлцүүлгийн явцад сонгуулийн зардлын дансыг байнгын болгох, иргэний үнэмлэхгүй иргэдийг сонгуульд санал өгөх боломж бололцоогоор хангах, Сонгуулийн хороо биш Сонгогчдын хороо байгуулах, сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хар машины хяналтын тооллого зэрэг олон үнэ цэнэтэй санал зөвлөмжүүд гарсан байна. Энэ бол төр улсаа эмхлэн байгуулах ажлыг эмхтэй, цэгцтэй, шударга, ил тод болгох талаар манай зөвлөгөөнд оролцогсдын гаргасан санаа бодол гэж ойлгох нь зүйтэй. Иймээс дээрх саналуудыг сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох хүрээнд авч үзэж, оруулах асуудлыг хэрэгжүүлнэ.
Арван нэг. Авлигагүй нийгмийг цогцлоох зорилтын хүрээнд авлигын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах, авлигатай тэмцэх байгууллагыг цаашид бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
Эх орныхоо цаашдын хувь заяанд санаа зовж, хүчин зүтгэж буй эрхэм нөхөд өө!
Гоё сайхан нэртэй хөтөлбөрүүд, дааж давшгүй их өрөөр ард олны амьдралыг дээшлүүлж чадахгүй гэдэг нь тодорхой боллоо. Улс орны эдийн засгийн тусгаар тогтнол эрс суларч аюул учрах болзошгүй байдал ирээд байгааг та бид өнгөрсөн өдрүүдийн туршид ярилаа. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож, нийгэм баян, хоосны туйл руугаа шахагдан эсрэгцэл, туйлшралд автаж байна.
Бид уруудал, доройтлыг зогсоон, Монгол орноо дахин сэргэлтийн замд та бүхэнтэй ХАМТДАА оруулж, сайн сайхан амьдралын төлөөх монголчуудын эрэлхийллийг бодит үйл хэрэг болгох болно. Бид хамтдаа чадна. Чадаж байсныг түүх гэрчилнэ, бас түмэн олон ч мэдэж байгаа. Улс орон минь дахин сэргэж, ард иргэд минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйлс нь өөдрөг, үр хойч нь жаргалтай, хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
Улс Монголынхоо язгуур эрх ашгийн төлөө бид та бүхэнтэй ХАМТДАА байх болно оо.
Зочин · 2015/10/31
amjilt ard tvmem tanai namig demjine.