Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбооноос 14 хоногт нэг удаа “Чухал яриа” уулзалт, ярилцлага зохион байгуулж байгаа билээ.

Уг уулзалтын эхний зочноор Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, “ Болор цом-31” наадмын эзэн Л. Моломжамц уригдаж байсан бол энэ удаагийн “Чухал яриа”-нд Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасансүрэн оролцлоо.

Тэрбээр “Хүн өгснөө л авдаг, алдаагаа битгий давт, хайрла, аав, ээжийнхээ ачийг хариулъя гэж бодож байвал өөрөө л аз жаргалтай бай. Өөрийгөө бусадтай битгий харьцуул, байгаадаа сэтгэл хангалуун байж сур” хэмээн залууст энгийн хэрнээ эгэл зөвлөгөөг өгөв.