УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" тогтоолын төсөл, УИХ-ын сонгуультай холбоотой гурван хуулийн төсөл, "Халх гол чөлөөт бүс байгуулах тухай" УИХ-ын 75 дугаар тогтоолыг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг УИХ-ын сонгуультай холбоотой хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ. Ингэхдээ тухайн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа сонгууль шударга явагдах боломж бололцоог бүрдүүлэх нэмэлт өөрчлөлтүүдийг нарийвчлан ярилцахаар болов.

Мөн МАН-ын бүлэг Н.Батбаяр нарын гишүүдийн өнгөрсөн баасан гаригт өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, "Ард нийтийн санал асуулга явуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Эрх баригчид ард нийтийн санал асуулга явуулах хуулийг өөрчилж байж ард нийтийн санал асуулга явуулна, үүний дараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өөрчилнө, тэгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэсэн. Сонгууль болохоос зургаан сарын өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл 40 гаруй хоног үлдээд байна. Энэ хугацаанд дээрх дөрвөн хуулийг өөрчилж амжих уу, санал асуулгын товыг хэзээ зарлах вэ, өвлийн хүйтэнд санал асуулгад иргэд маань оролцож чадах уу гэсэн асуулт гарч байна. Ард нийтийн санал асуулгын хуулийг хэлэлцэхэд хамгийн багаар бодоход 14 хоног шаардлагатай. Ард нийтийн санал асуулга явуулахад 5.5 тэрбум төгрөг зарцуулна гэж тооцсон байна. Санал асуулгыг богино хугацаанд шахаад явууллаа гэхэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах үзэл баримтлалтай ард иргэдийг танилцах боломжоор хангах ёстой. Тийм хугацаа өгөхгүй байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж сар гаруйн хугацаагаар хэмжигдэж байна. Сар гаруй хугацаа үлдээд байхад Үндсэн хуульд өөрчлөлт хийх нь бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болно. УИХ-аар яарч, шахаж, олонхиор хүч түрж баталсан хууль асуудал дагуулдгийг та бүхэн мэдэж байгаа. Жишээ нь, УИХ-ын 75 дугаар тогтоол, Өршөөлийн хуулийг наадмаар яарч баталсан нь асуудал дагуулсан. Үндсэн хуулийн асуудлыг шинэ жилээр шахаж батлуулах нь буруу. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг нухацтай хэлэлцэж байж шийдэх ёстой" гэлээ.

Нөгөө талаар өмнөх сонгуулиар олонтаа давтагдсан санал тооллогын "хар машин"-д үл итгэх байдал, эргэлзээ арилаагүй ийм үед ард нийтийн санал асуулгыг "хар машин"-аар тоолуулах боломжгүй гэж үзэж байгаагаа тэрээр илэрхийлэв.

Н.Номтойбаяр: "Халх гол" чөлөөт бүс байгуулах тогтоолыг хүчингүй болгоно

МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа "Халх гол чөлөөт байгуулах тухай" УИХ-ын 75 дугаар тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр "Бүлэг энэ тогтоолыг хүчингүй болгохыг дэмжсэн. Тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан өөрчлөлт оруулна. Дорнод аймагт хүнс, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхийг дэмжих хэрэгтэй, гэхдээ асуудлыг Чөлөөт бүсийн тухай хуулиар зохицуулах ёсгүй гэж үзлээ. Хүчингүй болгох тогтоолоо өргөн барина" гэв.