“Эрдэнэт”-ийн ДЦС жилд 28 тэрбум төгрөгийн эрчим хүч үйлдвэрлэдэг
2015/10/07
“Эрдэнэт” үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өвлийн бэлтгэлээ бүрэн хангаж, дулаан, цахилгааны эрчим хүчийг цех нэгжүүдэд түгээж байна. Мөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүйгээр, оны эхний найман сарын байдлаар материалын зардал, цалингийн сангаас 322 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.
Дулааны цахилгаан станц нь жилд 22 тэрбум төгрөгийн дулаан, 6 орчим тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг.Сүүлийн жилүүдэд цахилгааны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа энэ нөхцөлд тус станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нь “Эрдэнэт” үйлдвэрт эдийн засгийн үр ашгийг авчирч байна. Жилд үйлдвэрлэж буй 5 мВт цахилгаан эрчим хүчээр өөрсдийн дотоодын хэрэгцээг бүрэн хангахаас гадна “РСЦ” компани, Геологи хайгуулын анги, Засвар механикийн завод, “Шим технолоджи” ХХК, “Эрдмин” ХХК-ийг хангадаг. Мөн тус станцид хоёр дахь шатны өргөтгөл удахгүй хийгдэж, 48 мВт цахилгаан эрчим хүч нэмж үйлдвэрлэнэ. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 50 хүртэл хувийг үйлдвэрлэх боломжтой болно. Хятад улсын “Харбин электрик интернейшл” компанитай жил 6 сарын хугацаанд өргөтгөлийн ажил гүйцэтгэх гэрээг 9-р сарын долооны өдөр Улаанбаатар хотод байгуулсан. Одоогоор зураг төслийг боловсруулж байгаа юм.
У.Цэрэнбат