Хошин урлагийнхны эмэгтэйчлэл хүмүүсийг инээлгээд өнгөрдөг ч тэр болгон олон нийт таатай ханддаггүй. Ялангуяа ангилбал, эмээчлэл, хадам ээжичлэл, охинчлол гээд тэдэнд зөндөө аргачлал бий. Эмэгтэйчүүдээ доромжлоод ч байгаа юм шиг. Энэ нь манай хошин урлагийнхны түр зуурын урсгал юм уу гэхээр бас үгүй бололтой. Тэдний залгамж үе болж буй шинэ залуу жүжигчид бас л эмэгтэйчлэх сэтгэлгээнд уусч, уралдах болжээ. Энэ нь хошин урлагийнхны залгамж чанарын бас нэгэн эмгэнэл болж байна.

Тэртэй тэргүй монголчууд хангүг довтолгоонд нирвэгдэж, залуус нь жинхэнэ монгол эр шинжээ алдаж байгаа энэ цагт энэ мэт маазрал илүүднэ гэхээс дутахгүй. Эр, эм нь ялгагдахгүй болсон энэ үеийн залуус, инээлгэх гэж аргаа баран хүйсээ солих жүжигчид гээд эх оронд маань жинхэнэ эр хүн "нийгмийн цөөнх" гэгч нь болох вий.

Ийм л хачин болчихсон манай нийгэмд нэгэн нүдээ олсон арга хэмжээ хэрэгжиж байгаа нь "Оюутан цэрэг" хөтөлбөр. Цэрэгт явсан залуусын бие бялдар нь чийрэгжиж, үзэл санаа нь ч өөрчлөгддөгийг эцэг эхчүүд сайшаан ярих болсон. Уг нь оютан цэрэг хөтөлбөр хангүг довтолгоог халахад овоо нэмэр болж байгаа юм сан.

Гэтэл хошин шогт хүртэл эмэгтэйлэг цэрэг бас л явж байх. Сануулбал, цэргийн алба хааж буй Ганзориг охид хүүхнүүдтэй хов жив базах маягтай аальгүйтэн суудаг. Өөр зөндөө л жишээ бий. Ингэтлээ аргаа барсан жүжиглэлт үзэгч олныг залхааж, дургүйцлийг хүргэх болов. Эрчүүд нь эмэгтэй болж инээлгэхээс өөр эрдэм чадал тэдэнд байхгүй гэж үү.

Ер нь эрчүүд эмэгтэйчүүддээ байр сууриа алдаж, эхийн эрхэт ёс тогтох цаг нь ирсэн ч юм болов уу гэж бодогдох болов. Хатуу ч гэлээ энэ бол үнэн. Ард олноо баясгах жүжигчид нь эмэгтэйлэг, ард урдуур холхих залуус нь эмэгтэйлэг, миний эх орон эмэгтэйчүүдийн билээ гээд Ардын уран зохиолч П.Бадарч гуайн "Есөн эрдэнийн эх орон" хэмээх шүлгийн гайхамшгийг гуйвуулсандаа хүлцэл өчмой.

Ер нь хошин урлагийнхан өөрсдөө хошин шог болж байна шүү гэдэг талаар олон шүүмж урьд нь явж л байсан. Шүүмжийг шүгэлдээд өнгөрөөлгүй, шударгаар хүлээн авах эр хүн та л энэ нийгэмд хэрэгтэй. Эмэгтэйчлэлийг эцэслэх цаг болсон.

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж:www.Bataar.mn

Ю.Халиун