МАН-ын Бага хурал завсарлаад байгаа билээ.  Энэ үеэр УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын гишүүн Ж.Энхбаяраас тодруулга авлаа.  

-МАН-ын бага удаагийн хурлын талаар ярилцлагаа эхлүүлье?

-Энэ Бага хурал улстөрийн мөчлөг өнгөрсний дараа цаг хугацаандаа болж буй хурал. Өнөөдрийн Бага хурлаар бид Их хурлаа зарлан товлоно. Анхан шатны төлөөлөл ирнэ, олон түмнээрээ алдаа оноогоо хэлэлцэнэ. Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцэх, нийгэмд үүсээд байгаа нөхцөл, МАН-ын бодлого, алдаа оноог ярилцана.

Шинэчлэл бол хүн солих асуудал биш. Улстөрийн сонгууль болсон, үр дүн гарсан үүний дагуу нам  Бага, Их хурлаа зарлаж байгаа.

-Бага хурлын ирц тааруу байгаа гэж байна. Үүнийг намын удирдлагуудын зохион байгуулсан гэх яриа байна. Үүнд та тайлбар өгөхгүй юу?

-Үгүй. Бид чинь их сайхан ард түмэн шүү дээ. Наадамлаж дуусаагүй байна. Гэхдээ хамгийн их санаа зовох зүйл бол Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал. Болдог бол яаралтай Их хурлыг товлох, Улсын төсөвт тодотгол хийх хэрэгтэй байна.  Валютын нөөцийн хомсдолд орсноо эхлээд  эдийн засгийн байдал ноцтой болоод байна. Намын Бага хурал зөвхөн дарга цэргээ солихоос илүүтэйгээр Монгол Улсын нийгэм, эдийн засагт үнэлгээ өгч дүгнэх хэрэгтэй байна.  Эдийн засаг ноцтой байгаа энэ л муу мэдээ байна.

-МАН шинэчлэгдэх ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэчлэл гэдэг бол тасралтгүй үйл явц. Энэ жамаараа л явж байна. МАН ч шинэчлэгдэнэ гэж бодож байна. Нам өнөөдөр нөхцөл байдлыг зөв үнэлээд түүнийгээ ард түмэндээ зөв илэрхийлээд, манлайлаад явах ёстой.

- МАН бодлогоор шинэчлэгдэж чадах уу?

-Их хурал бодлого гаргадаг. Улс орны хэмжээний бодлого, намын дотоод бодлого, бүтэц, зохион байгуулалтаа гаргадаг. Харин бодлогыг дараа нь хэн гэдэг, ямар баг авч явах гэдэг хамгийн сүүлчийн асуудал. Эхлээд бид бодлогоо, өөрчлөлт, дүгнэлтээ гаргаад ямар баг авч явах вэ гэдгээ шийдвэрлэнэ. Түүнээс өнөөдөр хэн нэгэнд тааруулж бодлого гаргахгүй.

- Тодруулга өгсөн таньд баярлалаа

А.Баярмаа