Энэ долоо хоногт хуучин оноо үдэж, шинэ оноо угтлаа.

 

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээ 21 цагаас эхэлсэн бөгөөд хөгжимчин Х.Бархүү, Б.Мягмарцэрэн, Beat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглов. Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, нийслэлчүүдтэйгээ шинэ оноо угтсан юм.

Баярын арга хэмжээний үеэр явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ихэссэнтэй холбогдуулан Чингисийн талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаж, Чингисийн талбайн баруун, зүүн болон урд зогсоолыг үнэ төлбөргүй ашиглуулав. Тус үйл ажиллагаа өндөрлөсний дараа 18 чиглэлд нийтийн тээвэр иргэдэд үйлчлэв.

Улс төрд сонгууль дөхөж буйтай холбогдуулж нам эвсэл нэгдэх, намаасаа гарч өөр намд элсэх асуудал бишгүйтэй гардаг билээ. Тэгвэл 2015 оны арваннэгдүгээр сарын 29-нд буюу Тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар ХҮН-намд элсэж, батлахаа гардаж авав. Түүний хувьд Хөдөлмөрийн үндэсний намыг байгуулагдсан цагаас нь үйл ажиллагааг нь дэмжиж, хамтран ажиллаж байгаа илэрхийлсээр ирсэн. Тэрбээр ирэх сонгуулиар Хөдөлмөрийн үндэсний намаас нэр дэвшинэ, дэвшихгүй гэдэг яриа удтал үргэлжилсний эцэст ийн тодорхой боллоо. Ингээд УИХ дахь гурван бие даагч гишүүний нэг С.Ганбаатар намд харьяалагдлаа.

 

Шинэ оны босгон дээр Хорихын эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа Г.Шийлэгдамбын хорих хугацааг сунгав. Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас баривчилан саатуулаад байгаа. Тэгвэл шүүхээс шийдвэр гарч түүнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгалаа. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард түүний цагдан хоригдох хугацаа дуусгавар болсон. Гэвч шүүхээс түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан нь энэ. Тодруулбал, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ АТГ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ. Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй аж.

Нийгэмд олны дунд хүлээлт үүсгээд байсан баярт үйл явдал боллоо. Тодруулбал, "Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож тэргүүн байрыг эзэлсэн "Эгшиглэнт чимээ" хамтлагийн багш С.Жамьяанхорол “Монгол Улсын Гавьяат багш” цолоор энгэрээ мялаалгалаа.

​Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч шагналын хур буулгасан юм. Түүнийг Дархан-Уул аймгийн Боловсрол Соёлын газраас ийнхүү гавьяатад тодорхойлоод байсан юм.

2016 оны эхний өдрөөс 7 хууль, 3 журам хэрэгжиж эхэллээ. Иргэд НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авдаг боллоо. Татварын системийг боловсронгуй болгох, далд эдийн засгийг хумихад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, төлсөн НӨАТ-ын 20 хувийн буцаан олголт болон сугалаанд оролцох боломжуудыг төрөөс бий болгож өгснөөрөө давуу талтай.

Иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг буцаан авахаар болсон. Ингэснээр дундаж орлоготой гэр бүл жилд 600 мянган төгрөг буцаан авах боломжтой юм. Хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд үйлчилгээний байгууллагууд гүйлгээний нэгдсэн баримттай болох ажээ. НӨАТ-аа буцаан авахын тулд иргэд татварын сайтад банкны дансаа бүртгүүлэх шаардлагатай. Мөн худалдан авалт хийх бүртээ гүйлгээний баримтаа бүртгүүлж, хадгалснаар төлсөн нийт НӨАТ-ын 20 хувь дансанд тань жилийн эцэст орох юм.

Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байна. Нэг хүүхэд харагчид ногдох хүүхдийн тоо тав хүртэл байх, хүүхэд харах нэг байранд байрлах хүүхдийн дээд хязгаар 15 хүртэл байх, хүүхдэд аливаа хэлбэрийн зодуур, дарамт үзүүлэхгүй, хүүхдэд өдөрт 60 минутаас дээш хугацаагаар цахим хэрэгсэл ашиглуулах, зурагт үзүүлэхийг хориглоно. Хүүхэд харагч нь тусгай сургалтанд хамрагдсан байх хэрэгтэй.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Урлагийн салбарын гавьяат нэгээр нэмэгдэв "Хурд" хамтлагийн Д.Ганбаяр МУ-ын "Урлагийн гавьяат зүтгэлтэн" цолоор шагнууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд болсон юм. Энэ үеэр "Хурд" хамтлагийн хөгжимчин Дамбын Ганбаяр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаалаа. Тэрбээр монголын урлагт 40 жилийн турш хоёргүй сэтгэлээр зүтгэж, монголын рок, поп урлагт үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан юм.

Спорт: Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж түмэн олноо баясгав.

Монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн 5 дахь удаагийн барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо. Өнөөдрийн барилдаанд улсын цолтой 47 бөх, аймаг, цэргийн арслан 65, аймаг цэргийн заан, харцага, начин зэрэг шилдэг 128 бөх зодоглосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран зохион байгуулсан уг барилдаанд Ховд аймгийн Чандмань сумын харъяат, “Ховд” бөхийн дэвжээний бөх Улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харъяат, “Бөх Билэгт” бөхийн дэвжээ, “Алдар” спортын хорооны бөх Улсын заан Ч.Санжаадамба үзүүрлэлээ. Улсын харцага Б.Пүрэвсайхан хоёр дахь удаагаа Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн болж байгаа юм. Тэрээр Ерөнхийлөгчийн цомын төлөөх 2013 оны барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаярыг даван түрүүлж байв.

Барилдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян шөвгийн наймд үлдэн барилдсан Улсын начин Сугаржаргал, Улсын начин Баасанхүү, Аймгийн хурц арслан Жаргалбаяр, Аймгийн хурц арслан Хангай нарт шагнал гардуулав. Барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Г.Эрхэмбаяр Улсын заан Ч.Санжаадамбыг амласан бол Улсын арслан Н.Батсуурь Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тунан хүч үзсэн юм.

Нийт таван удаа зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаанд Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр нэг удаа түрүүлсэн бол Улсын харцага Б.Пүрэвсайхан ийнхүү хоёр дахь удаагаа цомын эзэн болов.

 

Тоймыг бэлтгэсэн: Х.Даваа