Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах зорилгоор 08:00-20:00 цагийн хооронд хориглосон газарт зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж байхаар шийдвэрлэж, хориглосон газарт зогссон тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж замуудыг баталлаа.

Нийслэлийн хэмжээнд нийт 163 гудамж байдгаас 77 гудамжийг энэхүү тогтоолд оруулан батлав. Мөн зориулалтын автомашинаар тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх төлбөрийг мотоцикл 30 000 төгрөг, суудлын автомашин, микробус, 3,5 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин, автобус 60 000 төг, 3,5 тонноос дээш жинтэй том оврын тээюрийн хэрэгслийг 90 000 төгрөгөөр зөөж шилжүүлдэг байхаар тогтоолоо. Түүнчлэн түр саатуулах хашаа /байр/-ны нэг хоногийн төлбөрийг мотоцикл 3000, суудлын автомашин болон 3,5 тонн хүртэлх жинтэй бүх ачааны машин 5000, 3,5 тонноос 24 тонн хүртэлх жинтэй ачааны автомашин болон дунд оврын автобус 10 000, тусгай зориулалтын том оврын тээврийн хэрэгсэл, хүнд механизми 20 000 төгрөг байхаар тус тус батлав.

Тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэхдээ тухайн байршлаас 10 км-аас дотор зөөж шилжүүлэх, зөөж шилжүүлсний дараа 24 цагийн дотор тээврийн хэрэгслээ буцаан авбал түр саатуулах хашаа /байр/ -ны төлбөрөөс чөлөөлөх, түр саатуулах хашаа /байр/, түүний зогсоолын нийт талбайн хэмжээг 2000 м²-аас доошгүй байх, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог 100-аас ихгүй байхаар тогтоосон юм. Уг журам 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байгаа юм.

 

Т.Буянаа