-Сонгуулийн хуулийн хэд хэдэн заалт Үндсэн хуулийн цэцэд очих нь тодорхой болжээ-

Гурван жил гаруйн хугацаанд УИХ дээр гацаж, улмаар шинэ оны өмнөхөн гэрлийн хурдаар батлагдсан бүх шатны сонгууль зохион байгуулах Сонгуулийн шинэ хууль улс төрийн намуудаас гадна иргэдийг эргэлзээг төрүүлэх болсон. Тэр тусмаа хуулийн төслийн зүйл заалт бүрээр маргалдаж, тээг садаа тавьж, завсарлага авч гацааж байсан улс төрийн хоёр том хүчин болон МАН, АН гэнэтхэн тохироо хийж хуулийг баталсан нь нийгэмд эргэлзээ үүсэх шалтгаан болсон юм.

Энэ хууль батлагдсанаас хойш маш олон шүүмжлэл гарсан. Бие даагчдын эрхийг хязгаарласан, парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн жижиг намуудыг жийх, томчууд нь тохирсон хууль боллоо гэх шүүмжлэл байгаа. Тиймээс “ММ” энэ удаагийн “Дугаарын сурвалжлага”-аа Сонгуулийн хуулиар бэлтгэлээ. Хоёр том нам гэхээс илүүтэй парламентад суудалтай болон суудалгүй намууд шинэ хуулиар ямар байр суурьтай байгаа, шинэчлэл болсон уу эсвэл ухралт болсон хууль болов уу гэдэг нь манай сурвалжлагын гол өнцөг байсан юм.

 

Б.Хүдэр-Ян: МАНАН-г байнга олонхи байлгахын тулд гаргасан хууль

 

/ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/


-Шинээр батлагдсан Сонгуулийн нэгдсэн хуулийн "олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан, таван хувийн босго давсан намыг парламентын нам" гэж тооцох заалт нь хэтэрхий хязгаарлагдмал, жижиг намууд болон гуравдагч хүчний намуудыг парламентад орохыг хязгаарласан заалт болсон.

Мөн
сонгуулийн сурталчилгааг 18 хоногт багтаахаар заасан нь шинэ хүнийг таниулах боломжийг хязгаарласан хууль болсон гэж дүгнэж байгаа.

Хариуцлагыг дан мөнгөн торгуулийн хэлбэрээр тооцохоор тогтоосон нь мөнгөтэй хүн хууль зөрчих эрхзүйн орчинг нээж өгсөн гэж харагдаж байгаа юм. Ер нь дүгнээд шулуухан хэлэхэд, МАНАН-г байнга олонхи байлгахын тулд баталж гаргасан хууль гэж харж байгаа.

З.Батбаяр: Хоёр том улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлсэн хууль

 

/МАХН-ын Сургалт судалгаа, гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга/


-Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн талаар онцлон тэмдэглэх хэд, хэдэн заалт байна. Нэгдүгээрт, УИХ-ын сонгуулийг орон нутгийн сонгуулиас өөр системтэйгээр зохион байгуулах болсон нь хоёр томоохон улс төрийн хүчний эрх ашигт нийцүүлж баталсан хууль гэдгийн нэг баталгаа юм. Өөрөөр хэлбэл, аймгууд болон нийслэлийн сонгуулийг жагсаалтаар явуулахгүйгээр зөвхөн тойргоор явуулахаар болсон нь аймаг, нийслэл, орон нутгийн эрхийг бусад жижиг намуудад алдахгүй гэсэн санаа.

Хоёрдугаарт, хоёр том нам улс төрийн тохироо хийсэн маягтайгаар эхлээд хар машинаар санал тоолж, түүнийх нь 50 хувийг тоолно гэсэн зүйл заалт байгаа. Эцсийн байдлаар юу гэж гарахыг нь мэдэхгүй байна. Гэхдээ хар машинаар тоолсон тооллогын дүн, гар тооллогын дүн хоорондоо зөрсөн тохиолдолд яах вэ гэдгийг тусгаагүй.

Энэ нь нэг талдаа хар машин болон гар тооллогын эргэлзээг тайлсан асуудал биш. Харин нь ч нөгөө талдаа тэрхүү тооллогын дүн дээр хоёр нам хуйвалдах шинэ боломжийг олгож байна уу даа гэх хардлагыг төрүүлж байна. Гуравдугаарт, сонгуулийн жил эхэлснээс хойш сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэж заачихсан байгаа. Гэтэл шинээр нэр дэвших боломжтой, УИХ-д суудалгүй, төрийн өндөр албан тушаал хашдаггүй, жижиг намуудын нэр дэвшигчдийг телевиз, радиогоор сонгуулийн сурталчилгаа хийх эрхийг нь хаачихлаа гэсэн үг.

Харин хоёр том намын нөхдүүд өөрсдөө УИХ-ын гишүүний хувиар болон томоохон албан тушаал хашиж байгаа учраас хувьд тасралтгүй сурталчилгаа хийх боломжтой байгаа юм. Дээр дурьдсан гуравхан жишээнээс үзэхэд л жил бүр давтагддаг жишгийн дагуу эрх баригч хоёр нам өөрсдийн эрх ашиг буюу одоо байгаа эрх мэдлээ хадгалан авч үлдэхийн төлөө л баталсан хууль гэдэг нь харагдаж байна.

Б.Цогтгэрэл: Санал өгөх сонгогчдийн эрхийг зөрчлөө

 

/МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/


-Сонгуулийн хуульд манай намын зүгээс найман асуудал тавьсан. Үүнийхээ дагуу 22 улс төрийн нам нэгдээд Су.Батболд нарын санаачилгаар төсөл оруулсан. Бид найман зүйл заалтаар хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан юм. Эдгээр заалтаас 60 хувь нь хуульд тусгагдсан. Бидний хамгийн их анхаарал хандуулсан асуудал бол сонгууль шударга явагдах ёстой.

Ингэхийн тулд сонгуулийн саналыг зөв тоолох учиртай. Иймд гомдол гарах бүрт хяналтын тооллого хийдэг байя гэдгийг тавьсан. Сая батлагдсан хуулиар бол 50 хүртэл хувьд нь хяналтын гар тооллогыг хийхээр болсон л доо. Энэ нь маш чухал ач холбогдолтой. Улс төрийн зөрчил гарах нь бага, сонгуулийн дараа дуусдаггүй маргаан гаргахгүйн тулд ил тод нээлттэй тоолоё гэдгийг нэлээд шахаж ажилласан.

Сонгуулийн тухай хуулиар мажоритар тойргоосоо тухайн нам, эвсэл дор хаяж нэг мандат авч чадаагүй бол пропорциональ дээр авсан саналыг тооцохгүй гэсэн заалт бий. Магадгүй энэ заалт Үндсэн хуулийн цэц дээр очих байх.

Пропорциональ дээр ч гэсэн хүн л дэвшиж байгаа. Гэтэл мажоритараас хамаарч пропорционалийн саналыг тооцохгүй байх нь тэнд нэр дэвшсэн хүмүүсийн сонгогдох эрхийг хязгаарлачихаж байгаа юм. Нөгөөтэйгүүр тэр хүмүүст санал өгсөн сонгогчдынхоо сонгох эрхийг зөрчиж байна. Энэ нь Үндсэн хуулийн цэцэд томоохон хэлэлцүүлэг өрнөх байх.

/Эх сурвалж: tsenzurgui.mn/

 

С.Боргил: Улс төрийн шинэ хүчнүүдэд халгаатай хууль болсон

 

/Хөдөлмөрийн үндэсний намын дарга/


-Манай намын хувьд өнөөдрийн гарсан Сонгуулийн тухай хууль өмнөх хуулиасаа дэвшилтэд болсон гэж харахгүй байна. 2012 оны сонгуулиас эхлэн хэрэгжүүлсэн холимог тогтолцоо нь өөрөө зөв дэвшил болох эхний алхам байсан. Намууд бодлогоороо өрсөлдөх ёстой болохоос, нам доторхи лидерээрээ өрсөлддөггүй шүү дээ.

Дэлхий нийтийн чиг хандлага ч ийм байна. Гэхдээ манай улсад улс төрийн төлөвшил хараахан бүрэлдэж амжаагүй гэж хэлж болно.
Улс төрийн намуудын төлөвшлийг яриад ч хэрэггүй. Иймээс дан мажоритор биш, холимог тогтолцоо оруулж ирсэн нь зөв эхлэл байсан юм. Харин өнөөдөр гарсан Сонгуулийн хуулиар өмнөх дэвшлээсээ нэг алхам ухарчихлаа. Тухайлбал, тойргоос нэг гишүүн сонгогдож байж, жагсаалт нь амилна гэж хуульд заасан байгаа юм.

Үүнийг манай намын хувьд мажоритор системээс хамаарсан пропорциональ систем гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, мажоритор буюу дийлэнхийн сонголтоор сонгогдсон гишүүдийнх нь тооноос үл хамаарч, хувь тэнцүүлсэн тусдаа системийг нэгтгэчихэж буй хэрэг. Нэг үгээр хэлбэл, томруулсан мажоритор систем ч гэж хэлж болно. Энэ нь хамгийн том ухралт. Цаг хугацааны хувьд ч гэсэн хуулийг сонгууль тулгаж өөрчлөх нь буруу. Манай намын хувьд сонгуулийн дараах нэг жилдээ багтааж, Сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэсэн байр суурийг баримталдаг. Ямааны мах халуун дээрээ гэж монголчууд бид ярьдаг шүү дээ. Сонгууль явуулсаны дараа маш богино хугацаанд шинээр байгуулагдсан УИХ шаардлагатай тохиолдолд Сонгуулийн хуулийг хамгийн түрүүнд өөрчлөх ёстой. Шаардлагатай бол шүү дээ.

Гэвч тийм зүйл болсонгүй.
Эрх баригч улс төрийн хүчнүүд өөрсдийн улс төрийн нөхцөл байдлыг харж, тэрхүү нөхцөл байдал нь хэрхэн өөрчлөгдөхийг хүлээж, улмаар түүндээ тохируулж хуулиа баталлаа. Энэ хууль улс төрийн орчинд шинээр бий болж байгаа ард түмний хэрэгцээ шаардлага, хүсэлт хүлээлтээр байгуулагдсан улс төрийн шинэ хүчнүүдэд халгаатай болсон.

Нэгэнтээ танигдсан улстөрч байхгүй, цөөн улстөрчтэй шинэ намуудын хувьд жагсаалтаар гарах найдвар тун бага. Учир нь хуулийн дагуу тойрогт зайлшгүй нэг хүн нь гарах болж таарна. Харин олонд танигдсан улстөрч байхгүй тохиолдолд тойргоос хүн гарахгүй. Ингэснээр жагсаалт нь амилахгүй болж байгаа юм.

Түүнчлэн, Сонгуулийн хуулиар сурталчилгаа хийх хугацааг дахиад буурууллаа. Анх 44 хоног байсан. Гэтэл сүүлийн гурван сонгуулийн дараа 18 болгож бууруулсан. Сурталчилгааны хугацааг ингэж багасгасан нь өнөөгийн улстөрчдөд олонд танигдах хугацаа шаардлагагүй учраас тэр л дээ. Тиймээс шинээр улс төрд орж ирж байгаа шинэ хүчнүүдэд өөрсдийгөө таниулах боломж олгохгүй байхаар хийгдсэн гэж харж болохоор байна. Ерөнхийдөө улс төрийн шинэ хүчнүүдийн боломжийг хаасан хууль болсон.

О.Бум-Ялагч: Сонгуулийн шинэ хууль Үндсэн хууль зөрчиж байгаа

 

/Монголын ногоон намын дарга/


-Сонгуулийн шинэ хууль нь үндэсний хэмжээний намуудын эрх ашгийг хамгаалсан улс төр дэх олон ургальч үзлээс ухарсан хууль болсон. Хоёр том намын тохироогоор баталсан шинэ Сонгуулийн хуульд Үндсэн хуулийг зөрчсөн тодорхой заалтууд байна.

Тухайлбал, сонгох, сонгогдох эрх, шууд сонгох тухай болон
Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх эрхийг зөрчсөн гэж харж байгаа.

Түүнчлэн сурталчилгаа явуулах хугацаа бага, бие даагчдыг үнэгүйдүүлсэн, сонгуульд зарцуулах зардлын хэмжээг нэмэгдүүлсэн, сонгуулийн тойрог дахь сонгогчдын тоо ижил биш гэх мэтээр Сонгуулийн нэгдсэн хууль Үндсэн хууль зөрчиж байгаа заалтууд орсон байгаа.

Д.Хишигдэлгэр: Луйвраа гүйнзгийрүүлж, аргаа нарийсгаад л байна

 

/Хөгжлийн хөтөлбөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга/


-Манай нам өнгөрсөн оны зургадугаар сараас эхлээд улс төрийн жижиг намууд буюу Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудтай хамтарч Сонгуулийн хуулийн талаар зөвшилцөл хийж, хамтарч ажиллаж байсан. Оны өмнө батлагдсан Сонгуулийн хууль бидний бодож байсан шиг батлагдаж чадаагүй.

Уг нь сонгуулийн хяналтын систем, хар машинаар бус 100 хувь гараар тоолох, эмэгтэйчүүдийн квот, намын санхүүжилтийн асуудал зэрэг үндсэн найман шинэчлэлийг намууд зөвшилцөж оруулсан байсан. Эдгээрээс манай Хөгжлийн хөтөлбөрийн нам хоёр асуудал дээр нэлээд манлайлагч байдлаар оролцсон. Тодруулбал, эмэгтэйчүүдийн квот, хилийн чанадад байгаа монголчуудын сонгуульд оролцох эрхийг улам боловсронгуй болгох асуудал байсан.

Гэтэл хачир дээрээ улс төрийн хоёр том нам маш зориг, зүрх муутай байлаа. Мөн бие биеийнхээ шантаажид орчихлоо гэж харж байна. Энэ нь хоёр асуудал дээр ойлгомжтой харагдаж байгаа. Тодруулбал, жагсаалт гэдэг зүйлийг эргээд баталчихсан. Энэ нь төр тунгалаг, нээлттэй байх зарчим алдагдаж, Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм.

Түүнчлэн, улс төрийн том намууд ард түмний итгэлийг алдаж байгаа. Мөн намд байгаа зарим олигархиуд намаасаа гарах, зарим нь баригдах, хоригдох байдлаар хөрөнгө нь суларч байгаа. Тиймээс намын жагсаалтыг оруулж ирж байгаа нь намаа мөнгөтэй байлгах гэсэн луйврын арга юм. Ийм үйл явдал 1920-иод онд Америкт болж байсан. Харин тухайн үедээ энэ асуудлыг маш хурдан шийдвэрлэж, чадсан. Гэтэл манай улс харин ч луйвраа гүнзгийрүүлж, аргаа нарийсгаад л байдаг. Энэ байдалд нь би сэтгэл дундуур явдаг. Гэхдээ энэ жил ард түмэн бодит байдлыг үнэлж, дүгнэж сонголтоо зөв хийнэ гэж найдаж байгаа.

Ш.Төмөрсүх: Ард түмнээ доромжилж байгаа

 

/Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга/


-Сонгуулийн шинэ хууль шинэчлэл болж чадаагүй. Харин ч ухралт болсон. Ухралт, ухралтдаа “аймшигтай” ухралт боллоо. Өмнө нь парламентад суудалтай ч, суудалгүй ч намууд орон даяар намын нэрээр санал аваад таван хувийн босго алхаж чадсан бол УИХ-д суудал авах боломжтой байсан.

Харин одоо бол таван хувийн босго алхсан ч аль нэг тойргоос нэр дэвшигч гарахгүй л бол намын авсан саналыг цуцлаад, суудал авах магадлалтай буюу олон жил “ноёлсон” намууд нь хуваан авах нөхцөл бүрдсэн.

Тэгэхээр нь урагшилсан зүйл байхгүй. Харин ч дэндүү аймшигтай булхайтай зүйл хийж Үндсэн хуулиа зөрчиж, ард түмнээ доромжилж байна. Одоо манай намаас санаачлан, парламентад суудалгүй намуудтай хамтран “Жудаг Монгол” хөдөлгөөнтэй нэгдэж ҮХЦ-д хандахаар судалгаа хийж байгаа.

Н.Дашдаваа: Шинэ үеийг хуулиар “хүчиндлээ”

 

/Монгол консерватив намын дарга/


-
Сонгуулийн хууль өмнөх хуулиасаа дордсон. Хуулийн гол амин сүнс болох хуулийн үзэл баримтлалыг дордуулахгүй байх гэсэн ч зарчмыг алдагдуулсан. Сонгуулийн сурталчилгааны хугацааг богино болгосон нь сонгогчийн сонгох эрх, нэр дэвшигчийн сонгогдох эрхийг хязгаарласан заалт болсон байна.

Үнэхээр ардчилсан орон юм бол хууль өмнөхөөсөө сайжрах ёстой. Сонгох эрх, сонгогдох эрх улам л нээлттэй, хязгаарлалтгүй болох ёстой. Сонгуулийн жил болохоор л өөрсдөө тааруулсан хууль баталдаг гажиг сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй байгаа юм. Шинэ үе шударга өрсөлдөөнийг л хүсч байгаа. Иргэд ч адил шударга засаглал, шударга сонгуулийг хүсч байна. Үүнийг л хангасан хуулийг хүлээж байсан ч талаар боллоо. Тогтолцооны хувьд ухралт боллоо. Сонгуулийн хуулийн 135.1.1, 135.1.2 заалт нь порпорциональ тогтолцооны гол зарчим болох иргэдийн өгсөн саналыг хувилж төлөөллөө оруулах эрхэд халдаж байна.
Тойрогт гишүүн сонгогдоогүй намууд таван хувийн босгоо давж 200 000 хүний санал авсан ч суудалгүй үлдэх хууль баталсан.

Энэ нь нам суудалтай, суудалгүй үлдэхдээ гол нь биш. 200 000 сонгогч өөрийн хүссэн төлөөлөлтэй болж чадахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэр сонгогчдыг төлөөлөлгүй болгож, тэдний саналыг үгүйсгэж, төлөөлөлгүй үлдээж байна гэсэн үг. Энэ хуульд шинэ юм ерөөсөө байхгүй. Эрх баригч, сөрөг хүчинтэй нийлж өөрсдөө ашигтай байдлаар хуйвалдаж баталсан сонгогчийн эсрэг үйлдэл болсон. Либериализмын уршигаар амиа бодогч нар ихээр үржих байгаа нь монголын төрийг сульдаатай болгож байна. Одоо монгол төрийн дархлааг сэргээх шинэ бодлого, шинэ зам хэрэгтэй болсон нь илт байна. Ардчиллын гол үнэ зүйл болох тэгш эрхийн зарчим алдагдсан хууль болсон гэж би хувьдаа дүгнээд байгаа юм. Хамгийн том гажиг нь намуудаа бодлогын нам байлгах гэсэн зарчмаасаа ухарсан. Нам өөрөө бодлогын нам байх ёстой. Бодлогоороо уралддаг намууд болгоё гэдэг дээр эрдэмтэн судлаачид санал нийлж байгаа.

Гэтэл нөгөө л хүнээ сонгох гажиг тогтолцоогоо засч чадсангүй. Энэ нь шинэ намуудыг, шинэ нэр дэвшигчдэд шударга бус өрсөлдөөнийг бүрдүүлж байгаа юм. Санхүүжилтийн хувьд иргэн, ААН-ээс авах мөнгөний хэмжээг нэмэгдүүлсэн нь нөгөө л мөнгөний сонгуулиасаа хөндийрч чадахгүй гэдгийг харуулсан. Мөнгөний давамгайлал явуулах шударга бус нөхцөл рүүгээ оруулсан заалттай болсон. Улс төр бизнес хоёрыг холдуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй. Энийг шийдэх хууль болох гэж хүлээж байсан иргэдийн хүлээлт биелсэнгүй. Мөнгөтэй хүмүүсийг төрөөс холдуулж тархитай хүмүүсийг төрд ойртуулах хэрэгтэй.

Тархигүй мөнгөтэй хүмүүс төрөөр яаж тоглодог вэ гэдгийг хангалттай харлаа. Одоо тархитай мөнгөгүй хүмүүс төрийг яаж авч явдгийг харах ёстой юм. Ард түмнийг бодлого харж сонгодог сонголт руу чиглүүлэх нь улс төрийн том соёл юм. Улам л харанхуй, мэдээлэлгүй байлгах харийн бодлогоо улам л амь бөхтэй хадгалах хүсэлтэй байна. Яагаад шударгаар өрсөлдөхөөс айгаад байгаа юм бэ. Эрх мэдлээ хадгалахын тулд хуулийн дарангуйлал явуулж, шинэ үеийг хуулиар хүчиндэж байна. Ардчилсан оронд ийм үзэгдэл байж болохгүй. Сонгуулийн өмнөх жилүүдэд ч элдэв материаллаг зүйл тараадаг явдлыг хуулиар болиулах ёстой биз дээ.

Г.Ганбат: Хуйвалдааны хууль болсон

 

/Эх орончдын нэгдсэн намын дарга/


-Сонгуулийн хууль нь хуйвалдааны хууль болсон. Хуйвалдаан яаж илэрч байна гэхээр эрх баригч хоёр нам буюу
МАНАН болсон 200 хүн, 20 гэр бүлд үйлчилсэн хууль боллоо гэж дүгнэж байгаа. Энэ нь ерөнхий агуулгаараа иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхийг сайжруулах ёстой концепциос ухарсан.

Эрх зүйн байдлыг бүр дордуулсан. Ард түмэн хар машинаар хийсэн луйврын сонгуулийг байхгүй болгох тогтолцоог хүлээж байлаа. Тиймээс ч хар машиныг нэг мөр болих эсвэл хар машины саналыг 100 хувь хяналтын тооллого хийхийг хүсч байсан. Гэтэл эрх баригч хоёр нам хуйвалдаад хар машины хяналтын тооллого хийхгүй. 50 хүртэлх хувьд нь техникийн тооллого хийх зүйл заалт оруулсан. Түүнчлэн, авлигын сонгуулийг таслан зогсоохыг шаардаж байлаа.

Хоёр том нам буюу том эрх мэдлийг дагасан олон тооны мөнгөтэй компани, хувь хүмүүс хандив өгөөд, дэнчин тавиад төрийг их бохирдуулж байгааг зогсоохыг бид хүсч байсан. Өмнө нь иргэн нэг сая, аж ахуйн нэгж гурван сая хүртэл төгрөгийн хандив өгдөг байсан. Гэтэл түүнийг зогсоох нь бүү хэл харин ч хэмжээг нь өсгөөд иргэн гурав, аж ахуйн нэгж 15 сая төгрөгийн хандив өгч болно гэж заасан байх жишээтэй. Түүнчлэн улс төрийн жижиг нам болон бие даагчдын эрхэнд маш бүдүүлгээр халдаж, эрх зүйн байдлыг дордууллаа. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааг хийх хугацааг 18 хоног болгосон.

Энэ хугацаанд сүүлийн 20 гаруй жил эрх бариад байгаа намуудтай яаж өрсөлдөх билээ. Тэгээд ч бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тэдний гарт байгаа энэ нөхцөлд иргэдэд бид өөрсдийгөө яаж таниулах уу. Гэтэл өөрсдийнхөө эрхийг хуульд оруулчихсан байгаа. УИХ-ын гишүүн, улс төрийн албан тушаалтан хийсэн ажлынхаа тайланг гаргах, олон түмэнд сурталчлахыг нь огт хориглоогүй байх жишээтэй. Ийм утгагүй, ард түмнийг доромжилсон, ардчиллаас ухарсан хууль баталсан.

Ц.Шинэбаяр: Хоёр том нам хоорондоо тохироод хийчихлээ

 

/Хамуг Монголын Хөдөлмөрийн намын дарга/


-Сонгуулийн хуулийг бүхэлд нь авч үзвэл, хуйвалдаан, хууль бус зүйлээр дүүрэн болжээ. Тиймээс энэ хуулийг Оюутолгойн луйвар-дээрмийн үргэлжлэл гэж ойлгож болно. Яагаад хуйвалдаан гэж үзэж байна гэвэл, хоёр том нам хоорондоо тохироод хийчихлээ.
МАН эхэндээ хар машинаас татгалзъя, татгалзаж чаддаггүй юм бол ядахдаа 100 хувь хяналтын тооллого хийе гэсэн санал тавьсан.

Энэ асуудлаар парламентад суудалгүй бусад намтай нэгдэж, нэгдсэн нэг хуулийн төсөл боловсруулж УИХ-д оруулсан. Гэтэл МАН үүнээсээ татгалзаад шууд АН-ын гаргаж ирсэн сонгуулийг хар машинаар явуулъя, гараар тоолохгүй байя, хяналтын тооллого хийхийг болиулъя гэсэн саналыг дагаад алга болж өгсөн.

Өөр нэг аюултай зүйл нь
МАН, АН-ын оруулж ирсэн сүүлийн гурван жил Сонгуулийн тухай хууль дээр яригдаж байсан концепцийн зарчим дотор байхгүй заалтыг оруулж ирсэн. Тодруулбал, Мажоритар, пропорциональ системээр явуулах хоёр санал тусдаа явагдаж, эцэст нь нийлээд сонгуулийн дүн гардаг байсныг АН хуулийн төсөл дотор өөрчлөхдөө пропорционалиар оруулж ирээд мажоритараар түгжээ хийхээр болгочихлоо. Өөрөөр хэлбэл, мажоритараар нэг ч суудал аваагүй бол пропорционалиар хэчнээн хувийн санал авсан ч хүчингүй. Бүр 100 хувийн санал авсан ч хүчингүй гэсэн концепцийн маш том зөрүүтэй саналыг АН оруулж ирж, хоёр нам хуйвалдаж байнгын хороон дээр тус бүр гурван гишүүн оруулан дэмжүүлж, УИХ-аар баталгаажууллаа.

Энэ ар хударгаар зориуд хийсэн зүйл. Тиймээс энд дээд зэргийн хуйвалдаан, залилан мэхлэлт явагдлаа гэж бид үзэж байгаа юм. Учир нь тэд Сонгуулийн хуулийг батлуулахын тулд УИХ-ын 4.3-г хууран мэхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хууран мэхлэлтийг гардан явуулсан. Өөрөөр хэлбэл, хуулийн төслийг чуулганд оруулж ирэхэд Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг уншихдаа Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж уншсан. УИХ-ын гишүүдэд яг хуралд орохын өмнө эцсийн хэлэлцүүлгийн материал гэчихээд Сонгуулийн хууль гэсэн материал тараасан.

Гэтэл байнгын хороон дээр байгаа материал дотор шинэчилсэн найруулга гэсэн байгаа юм. Их хурлын гишүүд бүгд мэдэж байгаа. Нэгдүгээрт, хуулийн тодорхой нэг зүйл заалтыг өөрчлөх, хасах, нэмж байгаа тохиолдолд хуулийн нэмэлт өөрчлөлт гэж нэрлэдэг. Тухайн хуулийн нийт зүйл заалтын 50-аас дээш хувийг өөрчилж шинэчилж байгаа тохиолдолд шинэчилсэн найруулга гэж нэрлэдэг. Гэтэл өнгөрсөн Сонгуулийн хууль нийтдээ 61 зүйл заалттай, саяынх нь 161 зүйл заалттай. Маш том шинэчилсэн найруулгыг хийчихээд, гишүүдэд тараасан материал дээрээс шинэчилсэн найруулга гэдэг үгээ авчихсан нь залилан мэхлэлт. Гишүүдийг залилж мэхэлсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн биш бусад нь үүнийг зүгээр л нэмэлт өөрчлөлт гээд ойлгочихсон. Тэгээд хуулиа уншаагүй.

 


Сурвалжилсан: Ж.Отгонмягмар
Б.Даваахүү
Б.Тогтох