Гадаадууд биднээс илүү 20-р зууны бүтээлүүдийг судалдаг
2013/08/14
“XX зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал яг одоо болж байна. Япон, Солонгос, Хятад, ОХУ, Монголын уран зохиол судлаачид энэхүү хуралдаанд оролцож байгаа юм. Энэхүү арга хэмжээг 2000 оноос зохион байгуулах санал гарч байсан бөгөөд өнөөдөр л ажил хэрэг болж байгаа нь энэ юм. Тус хурлыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль хамтран зохион байгуулж байна.
ХХ зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээний хөгжлийн ололттой болон дутагдалтай тал, уламжлал шинэчлэлийн асуудал, туурвил зүй, уран сайхны арга барил, төрөл зүйлийн хөгжлийн асуудал, үүсгэн байгуулагчид, гол төлөөлөгчид, тэдний уран бүтээлийг үнэлж дүгнэж ирсэн хандлага, туршлага, гадаад, дотоод харилцаа холбоо, нийгмийн нөлөөлөл, тусгал, гажуудал, дүгнэлт зэрэг ХХ зууны монголын уран зохиолын үнэлэмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг шийдэж, нэгдсэн ойлголттой болох талаар шинэлэг санал дүгнэлт дэвшүүлэх, ХХ зууны монголын уран зохиол судлаачдын судалгааны арга барил, дадлага туршлагыг нэмэгдүүлэх, ахмад эрдэмтдээс суралцах, шинэ баримт хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэнд нэвтрүүлэх зэрэг судалгааны ач холбогдолтой хурал гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.
Хуралд ХХ зууны монгол яруу найргийн судлал, ХХ зууны монгол хүүрнэл зохиол судлал, ХХ зууны монгол жүжгийн судлал, ХХ зууны монголын уран зохиолын онолын сэтгэлгээ, судлал шүүмжлэл, харилцаа холбооны асуудал чиглэлээр гадаадын 19, дотоодын 25 эрдэмтэн судлаач илтгэлээ хэлэлцүүлж, МҮЧЗХ-ны гишүүн яруу найрагчдын уран бүтээлийн тайлбарт уншлагыг хийсэн юм.
Хуралд оролцож байгаа гадаадын судлаачдын хувьд 20-р зууны Монголын зохиолчдын бүтээлийг Монголчуудаас илүү судалсан нь энэ үеэр анзаарагдсан байна.
Хурлаас нэгдсэн зөвлөмж гарган, ХХ зууны Монголын зохиолчдын оюуны бүтээлийг хэрхэн судлах, түүний арга барил, онцлог давуу тал зэргийг олон нийтэд сурталчилах зэрэг олон арга хэмжээ авахаар төлөвлөөд байгаа ажээ.
А.Баярмаа