Ерөнхий сайд Ч.Сайханбилэг С.Ганбаатар гишүүнийг сургууль төгсөөгүй, гадаадын дипломоо үзүүлчих хэмээж сандаргасан билээ. Ингэж байтал цахим ертөнцөөр боловсрол хийгээд дипломынхоо тухай үнэнийг хэлэх давалгаа хүртэл өрнөсөн байна. Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг дэмжин давсалж байгаа нэг нь байхад С.Ганбаатарыг өмөөрөн диплом ямар хэрэгтэй юм. Эх оронч байвал болно. Гадаадад боловсрол эзэмшсэн хэрнээ эх орноо худалдаж буй хүмүүс улс төрд олон болж хэмээн олон нийт “босоо Ганбааг” идэвхтэй дэмжиж байгаа нь ажиглагдав.

Өөрөөр хэлбэл Г.Уянгыг загнаж олон нийтээс багагүй оноо авсан Ч.Сайханбилэг онгирсондоо С.Ганбаатарыг буруутгаж, байгаад өөрийнхөө ретингийг “навс” унагасан юм. Улстөрчид “поп”-оороо дуудалцаж байх зуурт унаж байгааг нь түлхэлцэж, болсон болоогүй хошуу нэмэрлэн өөрийгөө рекламдах гэж оролддог хэсэг бүлэг улстөр сонирхогчид бас бий.

Тэдний тэргүүн эгнээнд явдаг Хасын Ч.Ганхуяг С.Ганбатаарыг дипломгүйг мэдмэгцээ ингэж бичжээ “Намайг ХасБанкинд байхад хүрч ирэн Монгол Улс даяар лекц уншина гэж дэмжүүлээд явж байсан. Итгэж ойрхон явсан, дэд сайд байхдаа. Урьж хэд хэдэн ажилд оролцуулсан. Алтан Сарнайд нэр дэвшүүлсэн. Одоо би танилцуулсан, итгүүлсэн бүх хүмүүсээс хүлцэл өчиж, уучлал хүсч байна. Үнэхээр том хулхидууллаа. Ганбаатараа, чи ёстой новш юм” гэв. С.Ганбаатарын дипломын асуудал олны анхаарлын төвд байх зуурт ийнхүү хохирогч болон жүжиглэсэн байна.

Ч.Ганхуяг МАН-ын гишүүн бөгөөд өнгөрсөн 2013 онд хэсэг нөхдийн хамт Төрийн ордон руу салаавч гарган жагсаж, олныг дургүйг хүргэж байсан удаатай. Тэрбээр уг үйлдэлдээ гэмшиж буйгаа илэрхийлж, дараа нь ард түмнээс уучлал гуйж байсан юм. Ч.Ганхуяг ийнхүү олон нийтийн цахим хуудсаар нэр төр горилон улстөрчдийн маргаантай асуудал дундуур хошуу нэмэрлэн тоглолт хийсээр байгаа нь ирэх сонгуульд санаатай байгаагийнх бололтой. Хамгийн өрөвдөлтэй нь унах гэж буй нэгнийг улам доош нь чангааж, өөрөө давах гэдэг үхэр монгол зан гаргаж байгаа нь өрөвдөлтэй ажээ.

Н.Чимэг