Монголын кино  урлагт шинэлэг өнгө төрхийг нэмж, үзэгчдийг хөгжөөж бас ухаарал хайрласан  “Ганц бие хатагтай нар” киноны нээлт өчигдөр амжилттай боллоо.  Хөндөх ёстой сэдвийг  сайн зохиолч, найруулагч, жүжигчдээр дамжуулан гаргасан энэхүү киноны өрнөл нь их сонирхолтой.  “Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа энэхүү киног санаачлан продюсерлэж, зохиолч, найруулагчаар А.Миеэгомбо ажиллажээ. Киноны гол дүрд “Х ТҮЦ” продакшны жүжигчин А.Туяа, “Мөрөөдлийн театр”-ын залуу жүжигчин О.Дөлгөөн,  “Шинэ үе” продакшны жүжигчин Т.Билгүүн нар тоглосон бол туслах дүрд Т.Баатархүү, П.Эрдэнэзаан, Д.Түвшинтөр, Ц.Ганзориг, Ц.Ганбаяр, Ш.Жавхлан, Л.Сөрөлт, Б.Отгонтуяа, Т.Билгүүн, Н.Ялалт тогложээ.  

Нийгэмд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, ганц бие чадварлаг бүсгүйчүүдийн  амьдралд тохиолдож буй хөгжилтэй бөгөөд сонирхолтой үйл явдлыг энэ кино харуулдаг.   

Тодруулбал Ариунсанаа хайр дурлал, хувийн амьдрал зохиох тал дээр бүтэлгүйтсээр  40 нас хүрчээ.  Түүнтэй учирсан эрчүүдийн дийлэнх нь  гэр бүлтэй. Гэхдээ Ариунсанаа ажил дээрээ амжилттай, нэр хүндтэй нэгэн.  Дутагдаж байгаа ганц зүйл нь л нөхөр.  

Сарангоо бүсгүйн хувьд  40 хүрээгүй ч 10 настай охинтой. Ажил дээрээ амжилттай яваа Сарангоод сайн хань болохын зэрэгцээ охиныг нь өөрийн үр шиг хайрлах нэгэн хэрэгтэй.   Харамсалтай нь түүний энэ шалгуурт тэнцэх хүн бараг таарахгүй.  

Гэрэлцэцэг  амьдралд хөл тавьж байгаа царайлаг бүсгүй.  Тэднийг нэгтгэж байгаа зүйл бол ганц бие амьдрал нь. Нэг л өдөр тэд цэнгэн хөгжилдөхдөө Батаа гэх залуутай таарч амьдрал нь өөрчлөгдөх бөгөөд үүгээр киноны үйл явдал өрнөнө.   20,30,40 насны ганц бие бүсгүйчүүдийн амьдралыг харуулсан энэ кино нь олон онцлогтой бөгөөд өнөөдрийн Монгол залуучуудын үнэн төрхийг харуулсан юм.

Ингээд тус киноны нээлтээс бэлтгэсэн гэрэл зурган сурвалжлагыг та бүхэндээ хүргэе.






















 

 

 

П.Төгөлдөр