“Өнө мөнх орон”, “Цагийн аяс”, “Жамаас”, “Тэнгэр ээж минь өршөө”, “Халуун элгэн нутаг” зэрэг уран бүтээлүүдээрээ өөрсдийн гэсэн өнгө аяс, стиль имиджийг бүрдүүдсэн, Монголын поп опера хамтлаг бол “Увертюра”.  Энэ удаад тус хамтлаг шүтэн бишрэгчиддээ ээлжит бэлгээ барих гэж байна. Тодруулбал тус хамтлагийн чадварлаг залуус ирэх сард тоглолтоо хийх гэж байгаа ажээ.  

Эх оронч үзэл, хүндлэлийг уран бүтээлээрээ хүргэдэг “Увертюра” хамтлаг  Монгол улсын Ерөнхийлөгчийн албан айлчлалтай хамт  хэд хэдэн улсад  Монголын уран бүтээлчид хичнээн чадварлаг  болохыг батлаад ирсэн юм. Тиймээс тус хамтлагийн тоглолт Монгол поп операг утгаар нь мэдрүүлсэн сайхан тоглолт болно гэдэгт олон хүн итгэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл дөрвөн жилийн өмнө Хөгжим бүжгийн коллежийг  дуурийн дуулаачаар төгссөн нэг ангийн оюутнууд өнөөдөр та бидний сэтгэлд хоногшсон дуунуудыг шинэчлэн дуулж, олон чанартай сайхан уран бүтээлүүдээ нэгтгэн  тоглолт тавихад бэлэн болоод  байгаа аж. Мэргэжлийн өндөр түвшинд найруулагдан тавигдах энэхүү тоглолтын дэлгэрэнгүйг бид эргэн мэдээллэх болно.

П.Төгөлдөр