Оюун ухаан, хүч чадлаа орон нутгийнхаа бүтээн байгуулалтад зориулах гэсэн хүслийн ТАВАН МУХАРДАЛ

Хураагуурт хийн цахилгаан станц” төслийг хэрэгжүүлж гэмээнэ дэлхийн эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний түүхэн хөгжилд томоохон үсрэлт хийх болно. Ингэж бид шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийн араас дагаж мөлхөх биш дагуулж манлайлж явах ёстой.

Оршил

Дэлхий нийтээрээ аливаа хатуу, шингэн түлш шатааж, дулааны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг дэмжин хөгжүүлэх бодлого барьж байна. Тухайлбал, ХБНГУ 2035 он гэхэд дулааны станцуудаа бүрэн хааж, сэргээгдэх эрчим хүчинд бүрэн шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Их Британий Засгийн газар ч мөн 2025 он хүртэл бүх дулааны цахилгаан станцаа хаахаа мэдэгдлээ.

Гэтэл манайх 30 жилийн өр тавьж, дулааны цахилгаан станц барина гэж зүтгээд байгаа. Монгол орон нүүрсээр баялаг ч зөвхөн түүхийгээр нь шатааж, гаргах биш харин химийн үйлдвэр байгуулж, дахин боловсруулалт хийх, ядаж л биохимийн үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Утаагүй зууханд жил бүр хэдэн тэрбумыг хаяж байснаас утаагүй түлшинд түүнийгээ зарцуулах нь зүйтэй.

Улс орны хөгжлийн бодлогыг зөвхөн улстөрчид барьснаас иймэрхүү бодлогын алдаа гарсаар байна. Харин Ардчилсан нам энэ байдалд дүгнэлт хийж, салбар салбарын, мэргэшсэн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн бодлогын зөвлөл, бүлэг байгуулах шийдвэр гаргалаа. Миний хувьд Сүхбаатар аймагт Ардчилсан холбоог анх үүсгэн байгуулалцаж явсан анхдагчдын нэгийн хувьд энэ шийдвэрийг дэмжиж, талархан хүлээж авч буйгаа илэрхийлье.

МУХАРДАЛ НЭГ

Би мэргэжлийн хүний хувьд эрчим хүчний ирээдүй бол зөвхөн сэргээгдэх эрчим хүч мөн гэдгийг олон жилийн өмнө харж, энэ салбарт байгаа технологийн дутагдал доголдлыг арилгахын төлөө арав гаруй жил зүтгэж байгаа нэгэн.

1999 онд батлагдсан “Эрчим хүчний тоног төхөөрөмж” нэртэй шинэ бүтээлээрээ 2002 онд Сүхбаатар аймгийн Онгон сумын Хавиргын булаг дээр 300 квт-ын хүчин чадалтай, өвөл зунгүй байнгын ажиллагаатай, хураагуурт усан цахилгаан станц байгуулах “Эрчим” төсөл бичин хөөцөлдсөн юм. 2003 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Түлш эрчим хүчний газраас уг төслийн талаар шүүмж дүгнэлт гарган дэмжиж, 2004 онд Дэд бүтцийн хөгжлийн яам дэмжиж, Санхүү, эдийн засгийн яаманд санхүүжилт олгох талаар дэмжлэг үзүүлэхийг хүссэн ч “санхүүжилт байхгүй” гэсэн хариулт өгч байв.

МУХАРДАЛ ХОЁР

Сэргээгдэх эрчим хүчний салшгүй нэг салбар нь салхины эрчим хүч хэдий ч өнөөдөр ашиглаж буй арга технологи нь учир дутагдалтай байгаа. Салхины эрчим хүч нь газрын гадаргын онцлог, салхины урсгал, нягтрал зэрэг олон хүчин зүйлээс хамааран ашиглагдах байршлын хувьд хязгаарлагдмал байдаг. Өөрөөр хэлбэл, хаа дуртай газраа салхин парк барьж болдоггүй юм. Бодит жишээ нь, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд барьсан салхин станц байна. Өнөөдөр ашиглаж буй гол технологи нь салхины урсгалын хүчинд тулгуурласан тул салхин паркын дээд хүчин чадал бага байдаг. Иймд би энэхүү технологийг хоцрогдмол гэж хэлээд байгаа юм. Хоцрогдмол технологийн араас дагаж мөлхөх биш, түүн дээгүүр харайж, өмнө нь гарч, араасаа дагуулах ёстой. Ингэж гэмээнэ “Мода Монголоор дуусдаг” биш “Мода Монголоос эхэлдэг” гэж хэлэх болно. Үүний тулд зориулалтын байгууламжийг байгуулж, түүнийхээ хүрээнд салхины хурд, чиглэлийг өөрчлөх “Хураагуурт хийн цахилгаан станц” нэртэй шинэ бүтээлээ гаргаж, түүгээрээ 2008 онд “Эрчим” төслийн хоёрдугаар хувилбар буюу “Хураагуурт хийн цахилгаан станц” гэсэн төсөл бичин, Сүхбаатар аймгийн Онгон сумын ойролцоох 3-4 сумыг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавин ажилласан билээ. “Эрчим” төсөл эрдэмтэд болон мэргэжлийн байгууллагуудаас үнэлэлт дүгнэлт авч дэмжигдсэн хэдий ч нөгөө л “мөнгө” гэсэн бул хар чулууг мөргөн унасан юм.

МУХАРДАЛ ГУРАВ.

Сүхбаатар аймаг аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх зорилт тавьсан тул түүнтэй уялдуулж, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүтийн ууланд “Иж бүрэн эко амралт, сувиллын газар” байгуулах төсөл бичиж, Сүхбаатар аймгийн ИТХ-д өгч, мөн аймгийн Засаг дарга Ж.Батсуурьд өөрийн биеэр танилцуулсан юм. Ж.Батсуурь дарга бол сүүлийн найман жилийн турш нутаг орноо удирдахдаа аймгаа жишиг аймаг болтол бүтээн байгуулалт өрнүүлж, хөгжил дэвшлийг түргэсгэн ажиллаж буйг түмэн олон мэднэ.

Гэтэл миний төсөлтэй танилцаад, “Төсөв мөнгө хүрэлцээгүй өнөө үед амралт сувилал, усан цахилгаан станц байгуулна гэвэл миний нэр хүндэд муугаар нөлөөлнө. Тэгэхээр миний бүрэн эрхийн хугацаанд лав ийм юманд хөрөнгө гаргахгүй” гэж хэлснээр энэ төсөл хурлаар орж хэлэлцэгдэхгүйгээр хаягдсан юм. Уг нь усгүй газар усан цахилгаан станц, тэр дундаа эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд өвөл зунгүй байнгын ажиллагаатай усан цахилгаан станц байгуулна гэдэг орон нутгийн удирдлагын нэр хүндийг унагаах бус харин ч өндөрт өргөмөөр сөн.

Эрдэнэцагаан сум руу өндөр хүчдэлийн шугам төсвийн хөрөнгөөр татсан ч одоог хүртэл ашиглалтанд ороогүй байгаа нь анхнаасаа бодлого нь алдаатай байсных. Шугамд зарах өртгийнхөө талаар нь Билүүтийн уулан дээр 630 квт-ын хүчин чадалтай, байнгын ажиллагаатай, Хураагуурт усан цахилгаан станц барьсан бол отряд болон Эрдэнэцагаан сум, Бичигтийн боомтыг хямд, найдвартай эрчим хүчээр бүрэн хангаж, одоогийнх шиг үнэтэй эрчим хүч урд хөршөөс авахгүй, харин ч хэрэгцээнээс илүү гарсан цахилгаанаа эккспортолж, орон нутаг тодорхой орлоготой болчихсон байх байлаа.

МУХАРДАЛ ДӨРӨВ

Сүхбаатар аймаг, тэр дундаа Дарьгангын бүс нутгийг аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлэхэд нэн тэргүүнд боловсон бие засах газар шаардлагатай байна гэсэн аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, УГЗ Л.Гомбосүрэнгийн саналаар 60,5 сая төгрөгийн өртөгтэй, “Ариун цэврийн иж бүрэн байгууламж” байгуулах төсөл бичиж, аймгийн Иргэдийн хуралд илгээсэн юм. Домогт Алтан овоо, Ганга, Зэгст, Дуут, Цагаан нуур, Торой бандийн хөшөөт цогцолбор, Шилийн богд, Талын агуй зэрэг хол ойрын аянчин гийчид олноор цуглардаг газруудад шинжлэх ухааны, орчин үеийн дэвшилтэт технологийг тусгасан, байгаль орчинд ээлтэй гүний худаг, нарны халуун ус, нарны зайн гэрэлтүүлэгч, цэвэр, бохир усны халаалтын систем бүхий ариун цэврийн иж бүрэн байгууламжуудыг байгуулах энэхүү төслийг тодорхойгүй шалтгаанаар хэлэлцэлгүй өнгөрлөө. Уг нь энэ төслийг хэрэгжүүлэх юм бол олон асуудлыг хамт шийдэх боломжтой байлаа. Тухайлбал, Ганга нуурын орчимд энэ төслийг хэрэгжүүлснээр нэгдүгээрт, гүний худаг дагалдаж байгаа болохоор малаа худгаас усалж, Ганга нуурыг тойруулан барьсан хашаа руу хүн, мал дайран орохгүй, нуурын үс бохирдлоос хамгаалагдах болно. Хоёрдугаарт, хаалт хамгаалалттай болсноор орчин тойрныг нь цэвэрлэж, ариун дагшин байлгах нөхцөл бүрдэж, улмаар дуунд мөнхөрсөн 21 булгаа сэргээн, Ганга нуураа хатаж ширгэх аюулаас хамгаалах болно.

Энэ ажлыг хийхэд их мөнгө шаардагдахгүй. Бидний үед кампанит субботник нэрээр их ажил нугалдаг байлаа. Одоо тийм субботник хийе гэвэл хүмүүс цуглахгүй ч байж мэднэ. Гэхдээ нутаг орноо, уул усаа, Ганга нуураа гэсэн сэтгэлээр бол нэгдэнэ гэдэгт итгэж байна. Олон түмнийг нэгтгэн зохион байгуулах ажлыг орон нутгийн Хүүхэд, залуучуудын байгууллага болон Сурагчдын холбоо нь хийнэ биз. Хэрэв тийм хөдөлгөөн өрнөх юм бол миний үеийнхэн ханцуй шамлан орох нь лавтай. Хүүхэд залуус болон ахмадууд нэгдээд ирэхээр дунд үеийнхэн маань зүгээр суухгүй байх

Материалын хувьд хог хаягдал ашиглан хямд өртөгтэй хийж болно. Би саяхан аймгийн Иргэдийн хуралд очихдоо сумын үйлдвэр технологийн паркын танилцуулга, зөвлөмж аваачиж, сумдын дарга нарт тараалгасан. Тэнд буй есөн төхөөрөмжийн нэг шахах төхөөрөмжийн хошуун дээр бага зэрэг нэмэлт өөрчлөлт хийгээд хайлдага болгож болно. Ийнхүү газар сайгүй хог болоод байдаг гялгар уут, ундааны сав, шил, лаазыг цуглуулаад, тэнд буй буталдаг төхөөрөмжөөр бутлаад, дээрх шахах төхөөрөмжинд оруулан хайлуулж, хэвэнд тосч авах замаар хашааны материал хийж болно. Модон шон хэдэн жил болоод ялзарч унадаг бол энэхүү шахмал шон нь өнгө үзэмж сайтайн дээр ялзарч, хугарч хэмхрэхгүй, 300 жилийн насжилттай юм.

МУХАРДАЛ ТАВ.

Зүүн бүсийн эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, ачааллаа дийлэхгүй болж байгаа тул Дорнодын ТЭЦ-ийг өргөтгөх эсвэл Хэнтий, Сүхбаатар аймгийн аль нэгэнд шинээр цахилгааны эх үүсвэр барих зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Иймд 20 мвт буюу Дорнодын ДЦС-ын гуравны хоёртой тэнцэх “Хураагуурт хийн цахилгаан станц”-ыг 12 тэрбум төгрөгийн өртгөөр багтаан барьж, ашиглалтад оруулах төсөл бичээд, 2015.12.04-нд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд оруулж танилцуулахаар ярьж тохироод очтол хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байлаа. Нэгэнт Улаанбаатараас ажил болгон зорьж очсон болохоор яаж зүгээр байх вэ гэсэн байлгүй, хурлын төгсөлд төслөө танилцуулах 20 минут өгсөн ч хурлаа хааж, төрийн дууллаа дуулсны дараа намайг дуудаж оруулсан юм. Аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр болон бусад олон хүн төслийг маань дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч хурлаас ямар ч шийдвэр гараагүй. Учир нь хурал нэгэнт хаасан байсан.

Уг нь энэ төслийг хэрэгжүүлбэл ашиглалтад орсны дараах нэг жилд 18 тэрбум, 940 сая төгрөгийн борлуулалт хийж, урсгал зардалд 360,3 сая төгрөг зарцуулж, НӨТ болон ААН-ийн орлогын албан татвараар 3 тэрбум, 720 сая төгрөг төсөвт төвлөрүүлэн, 14 тэрбум 520 сая төгрөгийн ашигтай ажиллаж, нэг жилийн дотор өртгөө нөхөх байлаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлж гэмээнэ Дэлхийн эрчим хүч, түүний дотор сэргээгдэх эрчим хүчний түүхэн хөгжилд томоохон үсрэлт хийх болно. Ингэж бид шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийн араас дагаж мөлхөх биш дагуулж манлайлж явах ёстой.

Монгол Улсын шилдэг зохион бүтээгч, инженер С.Эрдэнэбал